A

A

A

Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2003 ОНЫ 01 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 18

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.5; 15.1.6-д заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д заасан "энэ хуулийн 20.2; 38.9; 65.1.1; 65.1.3; 65.1.6-65.1.10 дахь …зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй" гэсэн заалт, Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан "…өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ", мөн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д заасан "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн … 34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэсэн заалтууд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д заасан "Монгол Улсын иргэн…шударга шүүхээр шүүлгэх, …шүүхийн шийдвэрийг давж заалдах…эрхтэй" гэсэн заалт, Тавин зургадугаар зүйлийн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 01 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй /ЭНЭ ЗААЛТЫГ YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2003 ОНЫ 6 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН 02 ДУГААР ТОГТООЛООР ХYЧИНГYЙ БОЛГОСОН/

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1-д заасан "шүүхэд харьяалагдахгүй", 65.1.6-д заасан "..эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан…", 170.3-д заасан "энэ хуулийн …74, 75, 76 дугаар зүйл, 106.5; 129, 130 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргахгүй", 31.1-д заасан "прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэсэн заалтууд, Прокурорын байгууллагын тухай хуулийн 16.6-д заасан "Төрийн байгууллага хүсэлт гаргасан бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос прокурор татгалзах ёсгүй", 16.1-д заасан "Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно…"гэсэн заалт, мөн зүйлийн 2-д заасан "Прокурор энэ хуулийн 16.1-д заасан ажиллагаанд оролцохдоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 01 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрсүгэй

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР