A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын эрдэнэсийн эх нөөцийг хамгаалах, төрийн эрдэнэсийн сан /цаашид "эрдэнэсийн сан" гэх/-г бүрдүүлэх, хамгаалах, арвижуулах, уул сангаас хөрөнгө гүйлгээнд оруулах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Эрдэнэсийн сангийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

Эрдэнэсийн сангийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Банкны тухай, Валютын зохицуулалтын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

Энэ хуульд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/"эрдэнэс" гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ;

2/"үнэт металл" гэж алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осмийг хэлнэ;

3/"үнэт чулуу" гэж доржпалам, бадмаараг, маргад эрдэнэ, индранил болон сувдыг хэлнэ;

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4/"эрдэнэсийн сан" гэж төрийн нэрийн өмнөөс Монголбанк эрхлэн хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэж байгаа эрдэнэсийн хуримтлалыг хэлнэ;

5/"байгалийн төрц" гэж онцгой чамин дүрс хэлбэртэй, байгалийн тогтоц хэлбэрээрээ олдсон үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ;

/Энэ заалтыг 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6/"эрдэнийн чулуу" гэж олон улсад хэвшсэн ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулууг хэлнэ.

/Энэ заалтыг 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл.Эрдэнэсийн сан, түүний ангилал

Хэвлэх

1.Эрдэнэсийн сан нь төрийн өмчлөлд байна.

2.Эрдэнэсийн санг үндсэн болон гүйлгээ санд хуваана.

3.Үндсэн сан нь байнгын болон байнгын бус хэсгээс бүрдэнэ. Үүнд:

1/байнгын хэсэгт худалдах, шилжүүлэхийг хориглосон эрдэнэс орно. Энэ хэсэгт байгаа эрдэнэс нь Монгол Улсын хуваагдашгүй өмч мөн;

2/байнгын бус хэсэгт Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу эрдэнэсийн санд шилжүүлсэн олон улсын жишигт хүргэж цэвэршүүлсэн үнэт металл, засаж өнгөлсөн эрдэнийн чулуу, түүх, соёлын хосгүй үнэт, дурсгалт зүйл, үнэт металлаар хийж нөөцөд авсан зоос орно.

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4.Гүйлгээний санд үнэт металл боловсруулах аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн, мөн эрдэм шинжилгээний ажил, эмчилгээний хэрэгцээнд зориулан гүйлгээнд оруулах цэвэршүүлсэн болон цэвэршүүлээгүй үнэт металл, түүгээр хийсэн зоос, засч өнгөлсөн болон байгалийн төрхөөрөө байгаа эрдэнийн чулуу, сувд зэрэг энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад Монголбанкинд хадгалагдаж байгаа бүх эрдэнэс хамаарна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Эрдэнэсийн сангийн талаар төрийн байгууллагуудын эдлэх бүрэн эрх

5 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

Улсын Их Хурал эрдэнэсийн сангийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/үндсэн сангийн байнгын болон байнгын бус хэсэгт байвал зохих эрдэнэсийн нэр төрөл, хэмжээг тогтоох;

2/үндсэн сангийн жилийн орлого, зарлагын хэмжээ болон гүйцэтгэлийн тайланг батлах;

3/гүйлгээний сангаас жил бүр зарцуулах хэмжээг тогтоох;

4/эрдэнэсийн үндсэн сангаас үнэт металл, үнэт чулуу гадаадад худалдах, гадаадаас худалдан авах шийдвэр гаргах;

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5/олборлосон үнэт металл, үнэт чулууг улсын эрдэнэсийн санд зориулан Монголбанкинд худалдан авах доод хэмжээг тогтоох;

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

6/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

Засгийн газар эрдэнэсийн сангийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Улсын Их Хурлаас тогтоосон хэмжээнд гүйлгээний сангаас үнэт металл, үнэт чулуу худалдах асуудлыг Монголбанктай хамтран шийдвэрлэх;

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

7 дугаар зүйл.Монголбанкны бүрэн эрх

Хэвлэх

Монголбанк эрдэнэсийн сангийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/эрдэнэсийн сангийн хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх;

2/хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу үндсэн болон гүйлгээний сангийн орлогыг нэмэгдүүлж зарлагын гүйцэтгэлийг хангах;

3/эрдэнэсийн гүйлгээний санд байгаа үнэт металлаас олон улсын жишигт хүргэн дотоод, гадаадад цэвэршүүлж, гадаадын банк, санхүүгийн байгууллагад оновчтой байршуулах;

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4/эрдэнэсийн үндсэн сангаас үнэт металл, үнэт чулуу гадаадад худалдах, гадаадаас худалдан авч нөөц нэмэгдүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж гаргасан шийдвэрийг нь хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5/эрдэнэсийн сангийн эрдэнэсийн үнэ тогтоох журам баталж мөрдүүлэх;

6/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллагаа, түүний зохион байгуулалт

8 дугаар зүйл.Эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллагаа

Хэвлэх

Эрдэнэсийн санд хуримтлуулсан үнэт эрдэнэсийг хадгалах, хадгалуулах, худалдан авах, худалдах, цэвэршүүлэх, байршуулах, үзэсгэлэн гаргах, үзмэр зохион байгуулах, эрдэнэсийн санг нэмэгдүүлэх, тэдгээрийг хамгаалах, сэлбэн тордох, сэргээн засварлах зэрэг ажил эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллагаанд хамаарна.

9 дүгээр зүйл.Зохион байгуулалт

Хэвлэх

1.Эрдэнэсийн санг Монголбанк эрхэлнэ. Түүний бүтцэд энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан ажлыг эрхлэх нэгж байх бөгөөд үйл ажиллагааг нь Монголбанкны Ерөнхийлөгч байнгын удирдлагаар хангана.

2.Монголбанкны Ерөнхийлөгч эрдэнэсийн санг эрхлэх нэгжийн бүтцийг тогтооно.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Монголбанкны Ерөнхий менежер эрдэнэсийн санг эрхлэх нэгжийн орон тоо, цалингийн санг Монголбанкны зардлын төсөвт багтаан тогтоож, захирлыг нь томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

10 дугаар зүйл.Эрдэнэсийн сангийн орлого

Хэвлэх

Эрдэнэсийн сангийн орлого нь гадаад, дотоодын банк, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс улсад худалдсан, бэлэглэсэн, хандивласан, түүнчлэн хууль тогтоомжийн дагуу хураасан, дайчлан авсан болон хадгалуулсан, тушаасан эрдэнэсээс бүрдэнэ.

11 дүгээр зүйл.Эрдэнэсийн сангийн зарлага

Хэвлэх

Эрдэнэсийн сангаас орлого, зарлагын батлагдсан тэнцлийн дагуу дараахь журмаар зарлага гаргана:

1/аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд соёлын өвд хамаарахаас бусад үнэт металл, эрдэнийн чулууг дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас тогтоосон үнээр худалдах;

/Энэ заалтад 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу үнэт металл, эрдэнийн чулууг гадаадад худалдах;

3/үнэт металл, эрдэнийн чулууг засах, цэвэршүүлэх сэлбэн тордох явцад гарсан хорогдлыг хасах.

12 дугаар зүйл.Эрдэнэсийн сангийн бүртгэл, тооцоо

Хэвлэх

1.Эрдэнэсийн санд байгаа үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэл, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөс өгсөн тодорхойлолт бүхий хувийн хэрэг хөтөлж, Монголбанкнаас тогтоосон журмын дагуу үнэлж эрдэнэсийн сангийн бүртгэл-мэдээллийн санд бүртгэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2.Эрдэнэсийн сангийн нэгдсэн бүртгэл нь төрийн нууцад хамаарах бөгөөд Засгийн газар, Монголбанкинд тус бүр нэг хувь хадгалагдана.

3.Алт, платина, түүний бүлэгт багтдаг металлыг миллиграмын, мөнгийг граммын нарийвчлалтайгаар үнэт чулууг каратаар тус тус жинлэн бүртгэж, тооцоолно.

/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/

4.Эрдэнэсийн санд үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн эдлэл, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг нэг эд хариуцагчаас нөгөөд шилжүүлэхдээ нэгбүрчлэн тоолж, жинлэж, бүртгэлтэй тулган тооцож, удирдлагын хяналттайгаар хүлээлцэнэ.

5.Эрдэнэсийн сангийн бүртгэл, хадгалалт, хяналтын журмыг Монголбанкны Ерөнхийлөгч батлана.

13 дугаар зүйл.Эрдэнэсийн хадгалалт

Хэвлэх

1.Эрдэнэсийн санд байгаа бүх эрдэнэсийн чанар байдлыг нь алдагдуулахгүйгээр тусгайлан төхөөрөмжлөгдсөн зориулалтын байр, саванд хадгална.

2.Эрдэнэсийн сангийн үнэт металл, эрдэнийн чулуугаар хийсэн эдлэл, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг сэлбэн тордох, сэргээн засварлах, өнгө үзэмжийг сайжруулах, бүрэн бүтэн байлгах хэвийн нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон үйлчилгээг Монголбанкны Ерөнхийлөгчөөс баталсан заавар, хуваарийн дагуу тогтмол хийж байна.

14 дүгээр зүйл.Эрдэнэсийн санд эрдэнэсийг шилжүүлэх, байршуулах, эрдэнэсийн сангаас гаргахад мөрдөх журам

Хэвлэх

1.Үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн эдлэл, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг эрдэнэсийн санд хүлээн авах, шилжүүлэх, байршуулах, эрдэнэсийн сангаас гаргах, тээвэрлэх ажлыг холбогдох байгууллагын гүйцэтгэх албаны хяналт, тусгай хамгаалалттайгаар гүйцэтгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналт, тусгай хамгаалалтын журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Эрдэнэс эзэмшигчийн эрх, үүрэг

15 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэг

Хэвлэх

1.Монгол Улсын нутаг дэвсгэрт эрдэнэс эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь дор дурдсан үүрэг хүлээнэ:

1/ /Энэ заалтыг 1997 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2/эрдэнэсийн санд худалдах үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулсан байх;

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

3/үнэт металл, эрдэнийн чулуугаар хийсэн түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг эзэмшиж байгаа бол түүний жинхэнэ эхийг эрдэнэсийн санд хадгалуулах. Ийнхүү хадгалуулбал зохих зүйлийн жагсаалтыг Монголбанкны Ерөнхийлөгч, Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2.Аж ахуйн нэгж, иргэн нь эрдэнэсийн санд худалдах болон хадгалуулах эрдэнэсийн үнийг хэлэлцэн тохирох, нэхэмжлэн авах эрхтэй.

16 дугаар зүйл.Монголбанкны үүрэг, эрх

Хэвлэх

1.Монголбанк эрдэнэсийн сангийн талаар дараахь үүрэг хүлээнэ:

1/эрдэнэсийн санд авсан зүйлийн үнийг төлөх;

2/эрдэнэсийн санг нэмэгдүүлэх хэмжээ, гүйлгээ хөрөнгийн орлого, зарлагын жилийн төлөвлөгөө, тэнцлийг болон жил бүрийн худалдан авах эрдэнэсийн доод хэмжээг тодорхойлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж гаргасан шийдвэрийг нь хэрэгжүүлэх;

3/эрдэнэсийн санг хамгаалах, хадгалах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

4/эрдэнэсийн санг эрхлэх нэгжийг эрдэнэсийн сангийн зүйлийг хэмжих, жинлэх, сорьц шалгах, өнгөлөх, хадгалж хамгаалах, тээвэрлэх, шаардлагатай холбоо, дохиоллын болон бусад багаж, тоног төхөөрөмж, сэлбэг, химийн бодис зэргээр хангах.

2.Монголбанк эрдэнэсийн сангийн талаар дараахь эрхтэй:

1/эрдэнэсийн санд эрдэнэс худалдан авах, гүйлгээний сангаас зөвшөөрөгдсөн хэмжээгээр худалдах, арилжих;

2/Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан хууль тогтоомжийн дагуу үнэт металлаар дурсгалын зоос үйлдвэрлүүлэх, зохих журмын дагуу үзэсгэлэн гаргах.

17 дугаар зүйл.Эрдэнэсийн сангийн харуул, хамгаалалт

Хэвлэх

1.Эрдэнэсийн сан улсын хамгаалалтад байна. Эрдэнэсийн сангийн харуул, хамгаалалтын журмыг Монголбанкны Ерөнхийлөгч, төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хамтран тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

2.Эрдэнэсийн сангийн харуул хамгаалалтыг Төрийн тусгай хамгаалалтын газар эрхлэн гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ТАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

18 дугаар зүйл.Хяналт шалгалт

Хэвлэх

1.Эрдэнэсийн сангийн байдал, түүнийг эрхлэх үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч, түүний хяналт шалгалтын алба шалгалт хийж, хянан байцаана.

2.Монголбанк жил бүр эрдэнэсийн сангийн үлдэгдэлд тооллого явуулан дүгнэж, тайланг Улсын Их Хуралд танилцуулна.

З. Эрдэнэсийн сангийн харуул, хамгаалалтын байдалд цагдаагийн төв байгууллага хяналт тавина.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 02 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1994 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Эрдэнэсийн сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрдэнэсийн сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР