Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЙИН ТОГТООЛ

2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 46
Улаанбаатар хот

ГЭР БҮЛИЙН БОЛОН ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИУДЫН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгох, хооронд нь уялдаа холбоотойгоор зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дүгээр заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 6 дугаар зүйлийн 6.6-д заасан "гэрлэгчдийн сонгосон улсын хуулиар" гэдгийг Монгол улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй гадаад улсад гэрлэхдээ гэрлэлтийн гэрээ байгуулж, түүнд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хувийн эрх, үүргээ аль улсын хуулиар тодорхойлох талаар харилцан тохиролцсон бол түүгээр нь гэрлэгчдийн эрх, үүргийг тодорхойлно гэж ойлгоно.

Мөн хэсэгт заасан "энэ хуулиар тодорхойлно" гэж энэ зүйлийн 6.5-д заасан буюу гэрлэгчдийн байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлохыг хэлнэ.

2.Гэрлэх журмыг зохицуулсан хуулийн 7 дугаар зүйлд заасан зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

2.1.Энэ зүйлийн 7.1-д заасан "гэрчийн этгээдийг байлцуулан иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ" гэдгийг Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай Конвенцийн 1 дүгээр зүйлийн 1-д "хуульд заасны дагуу гэрлэлтийг эрх бүхий төлөөлөгчөөр бүртгүүлээгүй, гэрчийг байлцуулаагүй болон хоёр тал гэрлэлтийг чөлөөтэй, бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа өөрийн биеэр илэрхийлээгүй нөхцөлд ямар ч гэрлэлт хууль ёсны хэмээн тооцогдохгүй" гэж заасны дагуу гэрчийн этгээдийг заавал оролцуулна гэж ойлгоно.

"Гэрлэхийг хүсэгчдийн хүсэлтээр насанд хүрсэн гэрч, төрөл садангийн хүнийг оролцуулж болно" гэж Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан нь гэрлэлт бүртгэхэд гэрчийн этгээдийг зайлшгүй оролцуулах талаарх Гэр бүлийн тухай хуулийн дээрх шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй тул уг заалтыг гэрлэгчдийн хүсэлтээр гэрлэлтийг бүртгүүлэхэд оролцох хүмүүсийн хүрээг тодорхойлсон зохицуулалт хэмээн ойлговол зохино.

2.2.Мөн зүйлийн 7.2-т заасан "гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс" гэж гэрлэгчид Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн өдрийг хэлнэ. Энэ зүйлийн 7.3-т заасан "хуулиар тогтоосон журмын дагуу" гэдгийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу гэж ойлгоно.

3.Гэрлэхэд харшлах шалтгааны талаарх хуулийн 9 дүгээр зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

3.1.Энэ зүйлийн 9.1.1-д заасан "Өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол" гэж гэрлэгчдийн аль нэг нь өөр бусадтай өмнө гэрлээд захиргааны, эсхүл шүүхийн журмаар уг гэрлэлтээ цуцлуулаагүй байхыг хэлнэ. Харин өмнөх гэрлэлтийн гэрлэгчдийн хэн нэгнийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Иргэний хуулийн 23 дугаар зүйлд зааснаар сураггүй алга болсонд тооцсон, эсхүл мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар нас барсан гэж зарласан бол тухайн гэрлэлтийг хүчинтэй гэж үзэхгүй.

3.2.Мөн зүйлийн 9.1.3-т зааснаар "төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх"-ийг хориглосон нь зөвхөн гэрлэгч хоёр этгээдийн хоорондын харилцаанд хамаарна. Харин нэг гэрлэгчийн төрөл, садангийн хүмүүс нөгөө гэрлэгчийн төрөл, садангийн хүмүүстэй гэрлэх нь дээрхи зохицуулалтад хамаарахгүй.

3.3.Энэ зүйлийн 9.1.4-т зааснаар "Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх"-ийг хориглосон нь хуулийн 64 дүгээр зүйлд заасан сум, дүүргийн засаг даргын албан ёсны шийдвэрээр тогтоогдсон харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр этгээдэд хамааралтай бөгөөд уг шийдвэр дуусгавар болсон тохиолдолд үйлчлэхгүй.

3.4.Мөн зүйлийн 9.1.6-д заасан "гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй" байдал гэрлэхээс урьд, эсхүл хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу хийгдсэн мэргэжлийн эмнэлэгийн байгууллагын шинжилгээгээр тогтоогдсон байвал зохино.

Гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй болох нь шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон бол Иргэний бүртгэлийн байгууллага Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан журмын дагуу гэрлэлтийг бүртгэхээс татгалзана. Харин энэ байдал нь гэрлэснээс хойш илэрвэл хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

Удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй болох эсэх талаар маргаан үүсвэл Иргэний бүртгэлийн байгууллага болон сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх тухайн этгээдийн сэтгэцийн өвчтэй эсэх, уул сэтгэцийн өвчин нь удамших хандлагатай эсэхийг тогтоолгохоор мэргэжлийн шинжээч нарыг томилж, дүгнэлт гаргуулна.

4.Хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан "материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй" гэдгийг гэрлэгчдийн хэн аль нь нэгийгээ эд хөрөнгийн хавчигдмал болон сэтгэл санааны дарамттай байдалд байлгах, хүчирхийлэх, нэр төр, алдар хүндийг гутаах, нэгнийхээ хуваарьт ба дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах, устгах, гэмтээх, эрүүл мэндийг сарниулах зэргээр хохирол учруулбал хохирсон тал гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж ойлгоно.

5.Хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4-т тус тус заасан "угийн бичиг"-ийг Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 10 дүгаар сарын 03-ны өдрийн 257 дугаар тогтоолоор батлагдсан "Угийн бичиг хөтлөх" журмын дагуу хөтөлнө.

6.Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан "гэрлэгч нас барсан" гэдгийг тухайн этгээдийн нас барсны гэрчилгээгээр тодорхойлно.

Мөн зүйл хэсэгт заасан "Нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс" гэж оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр болсныг хэлнэ.

Оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсныг хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасантай адил ойлгоно.

Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т гэрлэлт дуусгавар болох гурван үндэслэлийг заасан ба гэрлэгч нас барсан, эсхүл түүнийг нас барсан гэж зарласан, сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нь гэрлэлт дуусгавар болох бие даасан нөхцөл тул захиргааны, эсхүл шүүхийн журмаар гэрлэлт цуцлах үндэслэлд хамаарахгүй.

Дээрх үндэслэлээр гэрлэлтийг дуусгавар болсонд тооцуулах тухай гэрлэгчийн өргөдлийг хүлээн авсан сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь гэрлэлтийг цуцалсаныг бус, харин гэрлэлт дуусгавар болсныг бүртгэж, энэ тухай гэрчилгээ олгоно гэж Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар ойлгож хэрэглэвэл зохино.

7.Хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно" гэж заасан нь гэрлэлт цуцлах үед өөрийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй, эрүүл мэндийн болон санхүү, ахуй амьдралын хувьд зайлшгүй эхнэр буюу нөхрийн тусламж дэмжлэг шаардлагатай байгаа гэрлэгчийн хийгээд хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт тул энэ хэсэгт заагдсан нөхцөл байгаа бол ямар ч тохиолдолд гэрлэлтийг цуцалж болохгүй.

Энэ зүйл, хэсэгт заасан нөхцөл байхад гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гарсан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно. Гэрлэлт цуцлахыг хориглосон дээрх шалтгаан арилсны дараа гэрлэлт цуцлуулах талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад дээрх шийдвэр саад болохгүй.

Харин энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Иргэний хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан нөхцөл байдал тогтоогдвол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгаж болно.

Мөн зүйл, хэсэгт заасан "Хариуцагч хүндээр өвчилсөн" гэдэг ойлголтод гэрлэлт цуцлуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх үед хариуцагч хөдөлмөрийн чадвараа алдах, эмнэлэгт хэвтэх, хэвтрийн дэглэм зайлшгүй сахих шаардлагатай байх, мэс засалд орох, эмчийн хяналтан дор байнгын эмчилгээ хийлгэх зэргээр шүүхэд гэрлэлт цуцлах асуудлыг хэлэлцэхэд өөрийн эрхийг хамгаалах боломжгүй байх явдал хамаарах бөгөөд үүнийг эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр тодорхойлно.

Өвчний хувьд эдгэршгүй, тахир дутуугийн хугацаагүй группэд орсон хэдий ч гэрлэлт цуцлах үед өвчин хүндэрсэн шатандаа биш ердийн явцтай байгаа нөхцлийг үүнд хамааруулахгүй. Харин энэ тохиолдолд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 36, 37 дугаар зүйлүүдийн дагуу гэрлэгчдийн тэжээн тэтгүүлэх асуудлыг нэг мөр шийдвэрлэж байвал зохино.

Хүндээр өвчилсөн гэрлэгч нь хэзээ ч гэрлэлтээ цуцлуулахыг өөрөө шаардах эрхтэй.

8.Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан "иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гаргана" гэдэгт Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан, гэрлэгчдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрыг ойлгоно.

Монгол улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд захиргааны журмаар гэрлэлт цуцлах асуудлыг дээрхийн нэгэн адил сум, дүүргийн Засаг даргын тамгын газар шийдвэрлэх боловч энэ тухай бүртгэлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 111_# дүгээр зүйлд зааснаар нийслэлд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, аймагт Аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл мэдээллийн алба эрхлэн хөтлөнө.

9.Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах талаар зохицуулсан хуулийн 14 дүгээр зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

9.1.Энэ зүйлийн 14.1-д заасан "иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон этгээд" гэдэгт Иргэний хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсны улмаас шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдож, асран хамгаалалт тогтоолгосон этгээдийг хамааруулна.

Гэрлэгчдийн хэн нэгнийг шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тооцсон бол нөгөө тал нь гэрлэлтэээ цуцлуулахаар өргөдлөө оршин суугаа газрынхаа сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргах талаар Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан журам Гэр бүлийн тухай хуулийн энэ хэсэгтэй зөрчилдөж байгаа тул гэрлэлт цуцлах асуудлыг нарийвчлан зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн заалтыг баримталбал зохино.

Дээрх гэрлэгчдийн гэрлэлтийг захиргааны журмаар цуцлахад тэдгээрийн дундаас төрсөн 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй, гэрлэлт цуцлуулахыг хэн алин нь хүссэн байх тухай Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан нөхцөл л үндэслэл болох ба харин гэрлэгчдийн нэг нь эрх зүйн чадамжгүйд тооцогдсон явдал гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах үндэслэл болохгүй.

Гэрлэгчдийн хэн нэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор З-аас дээш жил хорих ял эдлэх болсон бол нөгөө тал нь гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө оршин суугаа газрынхаа сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт гаргах тухай Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан боловч энэ нь гэрлэлт цуцлах асуудлыг нарийвчлан зохицуулсан Гэр бүлийн тухай хуульд байхгүй тул гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан нөхцөл бүрдсэнээс бусад тохиолдолд хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн гэрлэлтийг зөвхөн шүүхийн журмаар цуцлана.

9.2.Мөн зүйлийн 14.2-т заасан "шүүх шаардлагатай гэж үзвэл" гэдэгт гэрлэлт цуцлах тухай хэрэг бүрийн онцлогоос шалтгаалан гэрлэлтийг зайлшгүй цуцлах ноцтой шаардлага байхгүй, гэрлэгчдийг эвлэрүүлэх бололцоотой, тэдний болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс гэрлэлтийг цуцлахгүй байх нь илүү ач холбогдолтой байх нөхцлүүдийг хамаарулна.

Мөн хэсэгт заасан "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ" гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг төсөөтэй хэрэглэж, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж хэрэгжүүлнэ.

Энэ хэсэгт заасан "гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ" гэж гэрлэгч тус бүртэй ганцаарчлан уулзах, зөвлөлгөө өгөх, гэрлэлтийг цуцлуулах болсон шалтгаануудыг нарийвчлан судалж, үндэслэлтэй эсэхийг нь тайлбарлах, шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгчдийг татан оролцуулах зэрэг гэрлэгчдийг эвлэрүүлэхэд ач холбогдолтой бүхий л үйл ажиллагааг хэлнэ.

Дээрх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үед авах тул бусад төрлийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаас өөр болохыг шүүхүүд анхаарвал зохино.

9.3.Мөн зүйлийн 14.3-т заасан "шүүхийн шийдвэр" гэснийг Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гэж ойлгоно.

Энэ зүйлд "Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцлана" гэж заасныг шүүх доорх байдлаар хэрэгжүүлнэ.

9.3.1.Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх хугацаа өгч түдгэлзүүлсэн тохиолдолд энэ хугацааг дуустал хэргийг архивт шилжүүлэхгүй.

9.3.2.Хугацаа дууссаны дараа зохигчид шүүхэд дахин хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран шүүх санаачилгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинэчлэн явуулж,

а/Зохигчид эвлэрсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол буюу захирамж гаргаж, тэдгээрт шийдвэрийн дугаар авна.

б/Зохигчид эвлэрэх боломжгүй бол гэрлэлтийг цуцлах тухай шийдвэр гаргана.

9.3.3.Зохигчид эвлэрсэн гэдэгт хариуцагч гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг төлөх, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах зэрэг шаардлагыг хүлээн зөвшөөрөх асуудал хамаарахгүй, харин гэрлэгчид цаашид хамтран амьдарч, гэрлэлтээ цуцлуулахгүй байх талаар харилцан зөвшөөрсөн байхыг ойлгоно.

9.3.4.Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2.-т зааснаар иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болдог тул эдгээр асуудлаар зохигчид эвлэрэн хэлэлцэж тохиролцсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж болохгүй.

9.3.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нь түдгэлзүүлсэн гэрлэлт цуцлах тухай хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэхгүйгээр орхих нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

9.3.6.Гэрлэгчид эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байхад гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гэрлэгчид дахин гаргавал шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг хянан үзэж:

а/Урьд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг шинэ нэхэмжлэлд цаг хугацаа, үйл баримт, шалтгаан зэргийн хувьд дахин заасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана

б/Урьд гаргасан нэхэмжлэлээс өөр үндэслэл заасан, эсхүл үндэслэл нь адил боловч цаг хугацаа, үйл баримт, шалтгааны талаар шинэ нөхцлийг заасан бол нэхэмжлэлийг хүлээн авч, шинээр иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэнэ.

Мөн зүйл, хэсэгт заасан "гэрлэгчид эвлэрэх боломжгүй" гэдэгт эхнэр, нөхрийн хэн нэг нь согтууруулах ундаа болон мансууруулах бодис байнга хэрэглэдэг, гэр бүл, үр хүүхдийн амьдрал, хүмүүжилд муугаар нөлөөлдөг, гэр бүлийн гишүүдийг хүндэтгэн үзэхгүй, хэрцгий догшин авирладаг, бэлгийн харьцаа тохирдоггүй, үр хүүхэдтэй болоогүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй удаан хугацаагаар тусдаа амьдарсан зэргийг хамааруулж үзнэ.

9.4.Мөн зүйлийн 14.4-т заасан "байнгын хүчирхийлэл, дарамт" гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаар тогтоолын 2 дугаар заалтын дагуу ойлгоно.

9.5.Энэ зүйлийн 14.5-д заасан "гэрлэгчид … тохиролцож болно" гэж сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, хуулиар олгогдсон бусдын эрхийг хохироохгүйгээр нэгдсэн шийдэлд хүрэхийг хэлнэ. Хэн нэгний дарамт шахалтаас болж өөрийн, эсхүл бага насны ба насанд хүрээгүй хүүхдүүд болон гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бусад гишүүдийн эрх ашгийг хохироосон тохиролцоо хийснийг шүүх хангаж болохгүй.

9.6.Мөн зүйлийн 14.6-д зааснаар шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ "хүүхдийн нас" буюу бага насны эсхүл насанд хүрээгүй байдал, цэцэрлэгт хүмүүжиж, эсхүл сургуульд сурч байгаа зэргээс шалтгаалан тухайн насны хүүхдийн хөгжил, хүмүүжлийн онцлогийг харгалзана.

Энэ хэсэгт заасан "эцэг, эхийн халамж" буюу хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал, "ахуйн нөхцөл, бололцоо" буюу хүүхдийн өсөж бойжих орчин, орон сууц, эд хөрөнгийн байдал, "ёс суртахууны байдал" буюу эцэг, эхийн өөрсдийн хүмүүжил, боловсрол, аливаа муу зуршилтай эсэх, хүүхдийг болон гэр бүлийн бусад гишүүдийг эд хөрөнгийн хийгээд сэтгэл санааны дарамтанд байлгадаг эсэх, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь гэм хор учруулж байсан эсэхийг шүүх анхаарч хүүхдийн асрамжийг тогтооно.

Дээрх асуудлыг шийдвэрлэхэд шүүх сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч болон өөр нарийн мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, дүгнэлт гаргуулж болно.

Эдгээр байдлууд нь хүүхдийг эцэг, эхийн хэнийх нь асрамжинд үлдээх, хэнээс нь тэтгэлэг гаргуулахыг шийдвэрлэхэд нөлөөлөх ба харин тэтгэлэгийг хуульд заасан хэмжээнээс өөрөөр тогтоох үндэслэл болохгүй.

Асрамж тогтоолгож буй хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэхэд гэрлэгчдийн эцэг, эхээс үзүүлсэн туслалцаа, оролцоо, хүүхэд эмээ, өвөөгийн гар дээр өссөн байдал, хүүхдийн амьдарч буй орчны байдлыг тодорхойлоход харгалзан үзэх үндэслэл мөн боловч энэ нь хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх гол ач холбогдолтой нөхцөл биш бөгөөд эцэг, эхийн хүүхдээ асрамжлах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг анхаарвал зохино.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхэдтэй адил эрхтэй бөгөөд эцэг, эх нь хүүхдээ асрамжлах, тэтгэх үүрэгтэй тул гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн талаар эцэг, эх маргаантай бол асрамжийг шүүхийн шийдвэрээр тогтооно.

Шүүх гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийг бие даасан тусдаа нэхэмжлэлээр, эсхүл эцэг тогтоох асуудлын хамт хянан шийдвэрлэж болно.

9.7.Мөн зүйлийн 14.7-д заасан "долоо ба түүнээс дээш насны хүүхдийн санал"-ыг авах шүүхийн ажиллагаанд сурган хүмүүжүүлэгч, эсхүл сэтгэл зүйчийг байлцуулан, хүүхдийн гаргаж буй санал түүний хүсэл зоригийн жинхэнэ илэрхийлэл мөн эсэхийг анхаарвал зохино. Энэ ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулах шаардлагатай гэж шүүх үзвэл тухайн иргэний хэргийн зохигчдын өмгөөлөгчөөс өөр өмгөөлөгчийг оролцуулна. Хүүхдийн санал нь түүний асрамжийг шийдвэрлэхэд харгалзан үзэх нөхцөл мөн боловч гол үндэслэл болохгүй.

9.8.Мөн зүйлийн 14.8-д заасан "дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан" гэдэгт гэрлэгчдийн хэн аль нь нэгнийхээ зөвшөөрөлгүйгээр дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр захиран зарцуулах, мөн санаатайгаар устгаж, гэмтээх гэх мэтээр үгүй болгохыг тус тус ойлгоно. Дундын эд хөрөнгийн орлого, эд хөрөнгөө хамтран өмчлөхгүй байх зорилгоор нэгэндээ мэдэгдэхгүйгээр өөрийн болон бусдын нэр дээр эзэмшиж, ашигласан нөхцлийг "нуусан" гэдэг ойлголтонд хамруулна.

Энэ хэсэгт заасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэхдээ гэрлэгчдийн хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө, түүнээс гэр бүлийн гишүүнд оногдох хэсгийг тодорхойлох Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэнэ.

9.9.Энэ зүйлийн 14.9-д "гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулна" гэж зааснаар Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу гэрлэгчдийн оршин суугаа газрын, эсхүл гэрлэлтийг бүртгэсэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. Энэ хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулсан иргэд өөрсдөө өргөдөл гаргаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлт цуцалсны бүртгэлийг дээрх байгууллагаар хийлгүүлэх үүрэгтэй болно.

Монгол улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд шүүхийн журмаар гэрлэлт цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр болсон бол гэрлэлт цуцалсны бүртгэлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 111_# дүгээр зүйлд зааснаар нийслэлд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, аймагт Аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл мэдээллийн алба тус тус эрхлэн явуулна.

10.Хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан "гэрлэлтийг сэргээх" зохицуулалт шүүхийн шийдвэрээр сураггүй алга болсонд тооцогдсон, эсхүл нас барсан гэж зарлагдаад сүүлд эргэж ирсэн хүний эхнэр буюу нөхөр өөр хүнтэй гэрлээгүй тохиолдолд хамаарна. Сураггүй алга болсонд тооцсон ба нас барсан гэж зарласан тухай шүүхийн шийдвэр хүчингүй болсноор өмнөх гэрлэлтийг дуусгавар болгосон сум, дүүргийн Засаг дарга Иргэний бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3-т зааснаар гэрлэлтийг сэргээсэн тухай шийдвэр гаргах ба иргэний бүртгэлийн байгууллага энэ тухай бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээг шинээр бичиж олгоно.

11.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай заасан хуулийн 16 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

11.1.Энэ зүйлийн 16.1-д заасан "гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн" гэдэгт тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууцны талбай эзэмших, хуульд заасан ямар нэг хөнгөлөлт, халамж эдлэх, гадаадад зорчих ба оршин суух зөвшөөрөл авах зэргээр гэрлэгчдийн хэн нэг нь эдлэх ёсгүй эрхийг эдлэх, эсхүл хүлээх ёстой үүргээс зайлсхийхийн тулд гэрлэлтийг ашиглах зорилгоор бүртгүүлснийг ойлгоно.

11.2.Мөн зүйлийн 16.2 дахь хэсгийг 18 насанд хүрээгүй хэдий ч шүүхийн шийдвэрээр эрх зүйн бүрэн чадамжтай гэж зарлагдсан иргэнд хамааруулж, түүний гэрлэлтийг энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцохгүй гэж ойлговол зохино.

12.Хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан "гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээ" гэдгийг гэрлэгчид гэр бүл болохдоо хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, захиран зарцуулалтын талаар харилцан тохиролцож хийсэн хэлцэл гэж ойлгох ба уг гэрээнд тавигдах шаардлагыг Иргэний хуулийн 132 дугаар зүйлд зааснаар тодорхойлно.

13.Хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т "хүүхдийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхгүй" мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 31 дүгээр зүйлийн 31.4-т "хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй" гэж тус тус зааснаар гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон, эцэг, эх байх эрхийг хязгаарласан, эцэг, эх байх эрхийг хассан тохиолдлуудад хүүхэд өөрийн эцэг, эхээр тэжээн тэтгүүлэх, асран хамгаалуулах, гэр бүлийн дотор тэгш эрх эдлэх, орон байраар хангуулах зэрэг энэ хуулийн 25, 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтаар олгогдсон эрхээ бусад хүүхдийн нэгэн адил эдэлнэ.

14.Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэдэгт эцэг, эхийн нэр авах, тэжээн тэтгүүлэх, асран хамгаалуулах, өв залгамжлах зэрэг эрхийг, түүнчлэн эцэг эхээ тэжээн тэтгэх, асран хамгаалах зэрэг үүргийг тус тус хамааруулж үзнэ.

15.Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан "эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг эх өөрөө өргөдөл гаргасан" гэдэгт эцгийн буюу эхийн аль нэгнийх нь нэр хүүхдийн төрсний гэрчилгээнд бичигдээгүй бөгөөд хамтран өргөдөл гаргах боломжгүй тохиолдолд тухайн этгээд өөрөө эцэг, эхээр тогтоолгох хүсэлтийг гаргасныг ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан "иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага" гэж Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн төрсөн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэл хариуцсан албыг хэлнэ.

Харин хүүхдийн эцэг, эхийн талаар маргаантай байгаа тохиолдолд дээрхи зохицуулалт хамаарахгүй.

16.Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан "эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ" гэснийг шүүх хэрэгжүүлэхдээ хүүхдийн биологийн эцэг, эх нь хэн болохыг тогтоох ажиллагааг хийнэ. Хүүхдийн эцэг, эх нь хамтын амьдралтай, цаашид гэр бүл болох зорилготой байсан эсэх нь эцэг, эхийг тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш бөгөөд эдгээр байдал нь хүүхдийн эцэг, эхтэй хариуцагч эр, эмийн харьцаатай байсныг нотлох баримтуудын нэг хэсэг нь гэж үзнэ.

17.Хуулийн 24 дүгээр зүйлд заасан "нэр" гэдэгт хүүхдийн өөрийн нэр, "эцгийн буюу эхийн нэр" гэдэгт эцгийн буюу эхийн нэр харъяалахын тийн ялгалд, "овог" гэдэгт эцгийн буюу ясан төрлийг баримталсан ба Засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 257 дугаар тогтоолоор батлагдсан "Угийн бичиг хөтлөх" журмын дагуу тогтоосон овгийг тус тус ойлгоно. Жишээлбэл: Боржигон Дашдоржийн Нацагдорж, Хатгин Цэндийн Дамдинсүрэн.

Харин өөрийн эцгийн овгийг мэддэггүй болон бутач, үрчлэгдсэн хүн эхийн овгийг хэрэглэж болох ба эцэг, эхийн аль алинийх нь овгийг мэдэхгүй бол өөрийн овгийг судлан тогтоох эсхүл зохиомол овог шинээр үүсгэн хэрэглэж болно.

Хүүхдэд нэр, овог өгөх, хүүхэд, эцэг, эхийн нэр овогтой холбогдсон маргааныг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

18.Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх эрх үүргийн талаар заасан хуулийн 26 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

18.1.Энэ зүйлийн 26.5-д заасан "эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журам"-ыг тогтоохдоо шүүх эцэг, эхийн зүгээс хүүхдийн асран хамгаалалт, хүмүүжилд тавих анхаарал, боломж, хүсэлт зэргийг харгалзан эцэг, эх тус бүрт ногдох үүргүүдийг нэг бүрчлэн тодорхой зааж болох бөгөөд энэ нь зөвхөн хүүхдийн тэтгэлэгийг тогтоосноор хязгаарлагдахгүй. Тухайлбал: хүүхдийг сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах, гэрийн даалгаврыг хийлгэх, хувцас авах, амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх, эмчилгээ, сургалт, амралтын зардлыг хариуцах, секц, дугуйланд хичээллүүлэх гэх мэт маргаан тус бүрийн онцлогоос шалтгаалан дээрх үүргүүдийг шүүх хуваарилан журамлаж болно.

18.2.Мөн зүйлийн 26.6-д заасан "хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно" гэдгийг эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх хэн алины тэгш эрхийг хязгаарлаж болохгүй гэж ойлгоно.

18.3.Энэ зүйлийн 26.8-д заасан "хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөл" гэдэгт тухайн хүүхдийн эцэг, эх нь хүүхдийн оршин байгаа газраас өөр газарт /өөр сум, хот, орон нутаг, гадаадад гэх мэт/ ажиллаж, сурч, амьдарч байгааг ойлгохоос гадна мөн хорих ял эдэлж байгаа, хугацаат цэргийн алба хааж буй зэргийг хамааруулна.

19.Хуулийн 27, 29, 30, 32 дугаар зүйлүүдэд заасан эцэг, эх байх эрхийг хязгаарлах, мөн хязгаарласныг хүчингүй болгох, хасах, сэргээх асуудлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцэнэ.

20.Хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад хүүхдийг шилжүүлсэнтэй холбогдон гарсан хохирлыг шүүх Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааны зохицуулалтыг баримталж шийдвэрлэнэ.

21.Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан "Хүүхэд үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй" гэдгийг эцэг, эх байх эрх нь хасагдсан хүний бусдад үрчлэгдсэн тухайн хүүхдийн хувьд гэж ойлгоно. Эцэг, эх байх эрх нь хасагдсан хүн хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бол үрчлэгдсэн хүүхдийн хувьд төрүүлсэн эцэг, эхийн хасагдсан эрхийг сэргээхгүй ба харин бусад хүүхдийн хувьд эцэг, эх байх эрх сэргээгдэнэ.

22.Хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар гэрлэгчид бие биенээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба тэжээн тэтгэхтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах тухай энэ зүйлийн 36.2-т заасныг дараах байдлаар ойлгоно.

а/."Гэрлэгчдийн хэн нэг нь бие биеэ тэжээн тэтгэх үүргээсээ татгалзсан" гэдэгт бие биенээ огт тэжээн тэтгэхгүй байхыг ойлгохоос гадна хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс бага хэмжээгээр тэжээн тэтгэснийг хамааруулна.

б/."тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй бол туслалцаа шаардлагатай болсон нөхөр, эхнэр" гэдэгт гэрлэгч эхнэр, нөхрөө тэжээн тэтгэхээс татгалзаагүй буюу хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан хэмжээгээр тэжээн тэтгэдэг боловч эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн чадвар алдах, хүндээр өвчлөх, эмчилгээний зардал хүрэлцэхгүй байх, сургалтын зардлыг төлөх чадваргүй байх зэргээр бусдын тусламжгүйгээр хөрөнгө, мөнгөний гачигдалтай байдлаас гарах боломжгүй болсон нөхцлийг хамааруулах бөгөөд гэрлэгчид тэжээн тэтгэх гэрээг хуулийн 45 дугаар зүйлд зааснаар байгуулаагүй бол дээрх шаардлагын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ.

Харин гэрлэгчид тэжээн тэтгэх гэрээ байгуулсан ба түүнд энэ тохиолдлыг тусгасан бол хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасан журмаар биелүүлнэ.

23.Эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн талаар заасан хуулийн 38 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

23.1.Энэ зүйлийн 38.1-д заасан "насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй" гэдэгт Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-т зааснаар 18 нас хүртэлх насны этгээд болон насанд хүрсэн боловч эрүүл мэндийн улмаас ердийн нөхцөлд аливаа хөдөлмөр эрхлэх боломжгүй этгээдийг тус тус ойлгоно.

Мөн хэсэг болон хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан "хөдөлмөрийн чадваргүй" гэдгийг эмнэлэг хөдөлмөрийн магадлах товчооны дүгнэлтээр тогтоох бөгөөд шүүх уг дүгнэлтийг үндэслэж, тэжээн тэтгэх үүргийг тодорхойлно.

23.2.Мөн зүйлийн 38.2-т заасан "эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно" гэдгийг хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан тэжээн тэтгэх тухай гэрээ гэж ойлгох бөгөөд энэ талаар хуульд заасан журам зөрчигдсөн тохиолдолд шүүх Иргэний хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, эцэг, эхийн хэн нэгний хүсэлтээр ердийн журмаар тэтгэлэг тогтооно.

Хүүхдийн тэтгэлэг тогтоосон дээрх гэрээг талууд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд гэрээг биелүүлэх талаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэнэ.

23.3.Энэ зүйлийн 38.7-д зааснаар шүүх тэтгэлэгийн хэмжээг багасгахдаа тэтгэлэг авагч уг хүсэлтийг зөвшөөрсөн эсэхийг харгалзахгүйгээр хоёр талын амьдралын бололцоо болон тэтгэлэг төлөгч нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, түүнчлэн хууль ёсоор асрамжлах хүний тоо нэмэгдсэн зэрэг нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоох ажиллагааг хийнэ. Уг ажиллагааг гүйцэтгэхдээ шүүх баг, хорооны болон цалин, тэтгэврийн тодорхойлолтууд, мөн бусад бичгийн нотолгоонуудыг үндэслэнэ. Харин хөдөлмөрийн чадвар алдсаныг эмнэлэг хөдөлмөрийн магадлах товчооны дүгнэлтээр тодорхойлох бөгөөд энэ үндэслэлээр тэтгэлэг төлөгчийг хүүхдийн тэтгэлэгээс бүрэн чөлөөлж болохгүй.

24.Хүүхдийн тэтгэлэгийн хэмжээний талаар заасан хуулийн 40 дүгээр зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

24.1.Энэ зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан "амьжиргааны доод түвшингийн 50 хувь буюу амьжиргааны доод түвшингийн хэмжээ" гэдгийг шүүхээс зөвхөн нэг хүүхдэд олгох тэтгэлэгийн хэмжээ гэж ойлгоно.

Мөн хэсгүүдэд заасан "бүс нутаг" гэдгийг шүүхийн шийдвэрт тухайн "тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн" гэдгээр ерөнхийлөн бичих бөгөөд мөн тэтгэлэгийн хэмжээг мөнгөн дүнгээр бус харин амьжиргааны доод түвшингийн хувиар зааж байвал зохино.

Энэ хэсгүүдэд заасан "16, 18 настай" гэдгийг Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6-д заасан журмаар /16, 18 нас хүртэл гэж / тооцно.

24.2.Энэ зүйлийн 40.2-т заасан "цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй" гэснийг шүүхээс тэтгэлэг тогтоох хэмжээнд хамааралгүй, харин шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болон тэтгэлэг төлөгчийн ажил олгогчоос цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэлэгийг шилжүүлэхдээ дээрхи хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэж ойлгох бөгөөд шүүх энэ тухай шийдвэртээ заавал тусгаж байвал зохино.

25.Тэтгэлэг олгох хэлбэр, хугацааны талаар заасан хуулийн 41 дүгээр зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

25.1.Тэтгэлэг төлөгч, тэтгэлэг авагч нарын хооронд тэжээн тэтгэх гэрээ байгуулаагүй боловч шүүх хуралдааны бэлтгэл шатанд болон хуралдааны үед энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар зохигчид тэтгэлэгийг мөнгөн ба эд хөрөнгөөр, мөн тодорхой хугацаагаар авахаар тохирч болно. Энэ тохиолдолд тодорхой хугацаанд төлөх мөнгөний болон эд хөрөнгийн хэмжээг шүүхийн шийдвэрт тодорхой заана. Хэрэв төлбөр төлөгч, авагч нар тэтгэлэгийн хэлбэр, хугацааг хоорондоо тохиролцоогүй бол шүүх тэдгээрийн амьдралын бололцоо, хөрөнгийн байдал, эрхэлж байгаа ажил зэргийг харгалзан тогтоох бөгөөд энэ тохиолдолд нийт тэтгэлэгийн хэмжээг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлж болохгүй.

25.2.Мөн зүйлийн 41.2.2-т заасан "нэг удаа" гэдгийг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээ, хугацаа буюу тэтгэлэг төлөх бүх хугацаанд олгогдвол зохих хэмжээгээр тооцож авахыг ойлгоно.

26.Тэтгэлэгийн хэмжээг өөрчлөх талаар заасан хуулийн 42 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

26.1.Энэ зүйлийн 42.1-д "тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасан нь хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн тэтгэлэг төлөгч цалин хөлснөөс өөр орлоготой байгаа тохиолдол хамаарахгүй.

26.2.Уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шүүхээс тогтоосон хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг ихэсгэх, багасгах тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, дараахь байдлаар шийдвэрлэвэл зохино:

а/шүүхийн нэг шийдвэрээр хэд хэдэн тэжээн тэтгүүлэгчид тэтгэлэг тогтоосон буюу шүүхийн хэд хэдэн шийдвэрээр тэтгэлэг төлөгч хэд хэдэн тэжээн тэтгүүлэгчид тэтгэлэг төлөх явцад тэжээн тэтгүүлэгч нас барсан, бусдад үрчлэгдсэн, насанд хүрсэн зэрэг шалтгаанаар тэтгэлэгийг хасах тохиолдолд Гэр бүлийн тухай 1973 оны хуулийн зохих зүйл, заалтуудыг баримтлан шийдвэрлэнэ.

б/өмнө үйлчилж байсан Гэр бүлийн тухай хуулийн /1973 оны/ 61 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэтгэлэгийг хувиар болон биет төгрөгөөр тогтоосон нь хүүхдийн хоол хүнс, асаргаанд илтэд хүрэлцэхгүй буюу амьжиргааны доод түвшингээс хэт бага байгаа тухай тэтгэлэг авагчийн гомдлыг шүүх шинээр гаргасан нэхэмжлэл гэж үзэн, Гэр бүлийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

в/өмнө үйлчилж байсан хуулиар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа бусад нөхцөлд шинэ хуулиар хүүхдийн тэтгэлэгийг шинэчлэн тогтоолгохыг хүссэн тэтгэвэр авагчийн нэхэмжлэлийг шүүх хууль буцаан хэрэглэхгүй тухай зарчмыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

27.Хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан "хэд хэдэн хариуцагч" гэдэгт тухайн иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан эсэхээс үл хамааран тэжээн тэтгүүлэгчийг тэжээн тэтгэх үүрэг бүхий насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай, төрүүлсэн, үрчлэн авсан, дагавар хүүхдүүдээс гадна сайн дураар тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байгаа хүүхдүүд ч хамаарна.

28.Хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах талаар заасан хуулийн 48 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

28.1.Энэ зүйлийн 48.1-д заасан "тэжээн тэтгүүлэгчид" гэдэгт хуулийн 40, 44 дүгээр зүйлүүдийн хүрээнд багтсан тэтгэлэг авагч этгээдүүдийг хамааруулна.

28.2.Мөн зүйл, хэсэгт заасан "Онцгой нөхцөл байдал тохиолдсон" гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хүнд нөхцөлд байгаа, түүнчлэн Хүүхдийн болон насанд хүрэгсдийн асрах байгууллага, мөн Халамжийн газруудын асрамжинд байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлэгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцлийг нэгэн адил хамааруулна.

29.Тэтгэлэг нөхөн гаргуулах талаар заасан хуулийн 49 дүгээр зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

29.1.Тэтгэлэг төлөгч ажил, хөдөлмөр эрхэлсэн эсэхээс үл хамааран, тэтгэлэг төлөөгүй, төлөх талаар санаачилга гаргаагүй явдал нь хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан "тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн" гэсэн ойлголтод хамаарна.

29.2.Мөн хэсэгт заасан "бусад иргэн, холбогдох байгууллага" гэдэгт энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан этгээдийг ойлгоно.

30.Хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасан "Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь" гэж тэтгэлэг болон түүнийг төлөх тодорхой хугацааг шүүхийн шийдвэрт заах бөгөөд уг хугацаанд төлөөгүй байхыг хэлнэ.

31.Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх ерөнхий нөхцлийн талаар заасан хуулийн 55 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

31.1.Гэрлэлтээ эрх бүхий байгуулагад бүртгүүлсэн гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авахыг хүссэн тохиолдолд энэ зүйлийн 55.2-т зааснаар эхнэр буюу нөхрөөсөө заавал зөвшөөрөл авна.

Гэрлэгчдийн хэн нэг нь зөвшөөрөөгүй тохиолдолд хүүхдийг үрчлүүлж болохгүй.

31.2.Мөн зүйлийн 55.4-т зааснаар "Үрчлүүлэх хүүхэд долоо нас хүрсэн бол" түүний зөвшөөрлийг заавал авах бөгөөд тухайн үрчлүүлэх хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрөөгүй бол хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг дарга үрчлүүлэхээс татгалзана.

32.Үрчлэгчийн талаарх хуулийн 57 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

32.1.Энэ зүйлийн 57.1-д заасан "өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн" гэж эрүүл мэнд, ёс суртахуун, эдийн засгийн хувьд хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх чадвартай хүнийг хэлнэ. Эдгээр шалгуурыг тогтооход "Хүүхдийн эрхийн тухай" 1989 оны конвенц, "Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай" 1993 оны конвенцуудын холбогдох заалтыг харгалзан үзнэ.

32.2.Мөн зүйлийн 57.2-т заасан "60-аас дээш настай" гэж хүүхдийг үрчлэн авч байгаа иргэн эсхүл гэрлэгчдийн хэн аль нь 60 нас хүрсэн байхыг хэлнэ.

Энэ зүйл, хэсэгт заасан "үрчлүүлэх хүүхэд" гэдэгт Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар 18 нас хүрээгүй байгаа этгээдийг ойлгоно.

33.Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан "хүүхдийн эрх ашгийг хамгаалах байгууллага" гэдэгт хууль буюу үүсгэн байгуулах баримт бичигт зааснаар хүүхдийн эрх ашгийг хамгаалах явдал үйл ажиллагааных нь зорилго болсон төрийн болон төрийн бус байгууллага хамаарна.

34.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Гэр бүлийн тухай хуулийг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд Шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 71 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ТУНГАЛАГ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЙИН ТОГТООЛ

2008 оны 11 дүгээр                                                                                                                                                                                                                                                Улаанбаатар

сарын 25-ны өдөр                                                                                                        Дугаар 46                                                                                                                                 хот

ГЭР БҮЛИЙН БОЛОН ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

ХУУЛИУДЫН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ

ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгох, хооронд нь уялдаа холбоотойгоор зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дүгээр заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 6 дугаар зүйлийн 6.6-д заасан ”гэрлэгчдийн сонгосон улсын хуулиар” гэдгийг Монгол улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй гадаад улсад гэрлэхдээ гэрлэлтийн гэрээ байгуулж, түүнд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хувийн эрх, үүргээ аль улсын хуулиар тодорхойлох талаар харилцан тохиролцсон бол түүгээр нь гэрлэгчдийн эрх, үүргийг тодорхойлно гэж ойлгоно.

Мөн хэсэгт заасан “энэ хуулиар тодорхойлно” гэж энэ зүйлийн 6.5-д заасан буюу гэрлэгчдийн байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлохыг хэлнэ.

2.Гэрлэх журмыг зохицуулсан хуулийн 7 дугаар зүйлд заасан зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

2.1.Энэ зүйлийн 7.1-д заасан ”гэрчийн этгээдийг байлцуулан иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ” гэдгийг Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай Конвенцийн 1 дүгээр зүйлийн 1-д “хуульд заасны дагуу гэрлэлтийг эрх бүхий төлөөлөгчөөр бүртгүүлээгүй, гэрчийг байлцуулаагүй болон хоёр тал гэрлэлтийг чөлөөтэй, бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа өөрийн биеэр илэрхийлээгүй нөхцөлд ямар ч гэрлэлт хууль ёсны хэмээн тооцогдохгүй” гэж заасны дагуу гэрчийн этгээдийг заавал оролцуулна гэж ойлгоно.

”Гэрлэхийг хүсэгчдийн хүсэлтээр насанд хүрсэн гэрч, төрөл садангийн хүнийг оролцуулж болно” гэж Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан нь гэрлэлт бүртгэхэд гэрчийн этгээдийг зайлшгүй оролцуулах талаарх Гэр бүлийн тухай хуулийн дээрх шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй тул уг заалтыг гэрлэгчдийн хүсэлтээр гэрлэлтийг бүртгүүлэхэд оролцох хүмүүсийн хүрээг тодорхойлсон зохицуулалт хэмээн ойлговол зохино.

2.2.Мөн зүйлийн 7.2-т заасан ”гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс” гэж гэрлэгчид Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн өдрийг хэлнэ. Энэ зүйлийн 7.3-т заасан ”хуулиар тогтоосон журмын дагуу” гэдгийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу гэж ойлгоно.

3.Гэрлэхэд харшлах шалтгааны талаарх хуулийн 9 дүгээр зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

3.1.Энэ зүйлийн 9.1.1-д заасан "Өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол" гэж гэрлэгчдийн аль нэг нь өөр бусадтай өмнө гэрлээд захиргааны, эсхүл шүүхийн журмаар уг гэрлэлтээ цуцлуулаагүй байхыг хэлнэ. Харин өмнөх гэрлэлтийн гэрлэгчдийн хэн нэгнийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Иргэний хуулийн 23 дугаар зүйлд зааснаар сураггүй алга болсонд тооцсон, эсхүл мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар нас барсан гэж зарласан бол тухайн гэрлэлтийг хүчинтэй гэж үзэхгүй.

3.2.Мөн зүйлийн 9.1.3-т зааснаар "төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх"-ийг хориглосон нь зөвхөн гэрлэгч хоёр этгээдийн хоорондын харилцаанд хамаарна. Харин нэг гэрлэгчийн төрөл, садангийн хүмүүс нөгөө гэрлэгчийн төрөл, садангийн хүмүүстэй гэрлэх нь дээрхи зохицуулалтад хамаарахгүй.

3.3.Энэ зүйлийн 9.1.4-т зааснаар "Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх"-ийг хориглосон нь хуулийн 64 дүгээр зүйлд заасан сум, дүүргийн засаг даргын албан ёсны шийдвэрээр тогтоогдсон харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр этгээдэд хамааралтай бөгөөд уг шийдвэр дуусгавар болсон тохиолдолд үйлчлэхгүй.

3.4.Мөн зүйлийн 9.1.6-д заасан "гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй" байдал гэрлэхээс урьд, эсхүл хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу хийгдсэн мэргэжлийн эмнэлэгийн байгууллагын шинжилгээгээр тогтоогдсон байвал зохино.

Гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй болох нь шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон бол Иргэний бүртгэлийн байгууллага Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан журмын дагуу гэрлэлтийг бүртгэхээс татгалзана. Харин энэ байдал нь гэрлэснээс хойш илэрвэл хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

Удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй болох эсэх талаар маргаан үүсвэл Иргэний бүртгэлийн байгууллага болон сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх тухайн этгээдийн сэтгэцийн өвчтэй эсэх, уул сэтгэцийн өвчин нь удамших хандлагатай эсэхийг тогтоолгохоор мэргэжлийн шинжээч нарыг томилж, дүгнэлт гаргуулна.

4.Хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан "материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй" гэдгийг гэрлэгчдийн хэн аль нь нэгийгээ эд хөрөнгийн хавчигдмал болон сэтгэл санааны дарамттай байдалд байлгах, хүчирхийлэх, нэр төр, алдар хүндийг гутаах, нэгнийхээ хуваарьт ба дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах, устгах, гэмтээх, эрүүл мэндийг сарниулах зэргээр хохирол учруулбал хохирсон тал гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж ойлгоно.

5.Хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4-т тус тус заасан "угийн бичиг"-ийг Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 10 дүгаар сарын 03-ны өдрийн 257 дугаар тогтоолоор батлагдсан "Угийн бичиг хөтлөх" журмын дагуу хөтөлнө.

6.Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан "гэрлэгч нас барсан" гэдгийг тухайн этгээдийн нас барсны гэрчилгээгээр тодорхойлно.

Мөн зүйл хэсэгт заасан "Нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс" гэж оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр болсныг хэлнэ.

Оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсныг хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасантай адил ойлгоно.

Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т гэрлэлт дуусгавар болох гурван үндэслэлийг заасан ба гэрлэгч нас барсан, эсхүл түүнийг нас барсан гэж зарласан, сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нь гэрлэлт дуусгавар болох бие даасан нөхцөл тул захиргааны, эсхүл шүүхийн журмаар гэрлэлт цуцлах үндэслэлд хамаарахгүй.

Дээрх үндэслэлээр гэрлэлтийг дуусгавар болсонд тооцуулах тухай гэрлэгчийн өргөдлийг хүлээн авсан сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь гэрлэлтийг цуцалсаныг бус, харин гэрлэлт дуусгавар болсныг бүртгэж, энэ тухай гэрчилгээ олгоно гэж Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар ойлгож хэрэглэвэл зохино.

7.Хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно" гэж заасан нь гэрлэлт цуцлах үед өөрийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй, эрүүл мэндийн болон санхүү, ахуй амьдралын хувьд зайлшгүй эхнэр буюу нөхрийн тусламж дэмжлэг шаардлагатай байгаа гэрлэгчийн хийгээд хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт тул энэ хэсэгт заагдсан нөхцөл байгаа бол ямар ч тохиолдолд гэрлэлтийг цуцалж болохгүй.

Энэ зүйл, хэсэгт заасан нөхцөл байхад гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гарсан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно. Гэрлэлт цуцлахыг хориглосон дээрх шалтгаан арилсны дараа гэрлэлт цуцлуулах талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад дээрх шийдвэр саад болохгүй.

Харин энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Иргэний хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан нөхцөл байдал тогтоогдвол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгаж болно.

Мөн зүйл, хэсэгт заасан "Хариуцагч хүндээр өвчилсөн" гэдэг ойлголтод гэрлэлт цуцлуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх үед хариуцагч хөдөлмөрийн чадвараа алдах, эмнэлэгт хэвтэх, хэвтрийн дэглэм зайлшгүй сахих шаардлагатай байх, мэс засалд орох, эмчийн хяналтан дор байнгын эмчилгээ хийлгэх зэргээр шүүхэд гэрлэлт цуцлах асуудлыг хэлэлцэхэд өөрийн эрхийг хамгаалах боломжгүй байх явдал хамаарах бөгөөд үүнийг эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр тодорхойлно.

Өвчний хувьд эдгэршгүй, тахир дутуугийн хугацаагүй группэд орсон хэдий ч гэрлэлт цуцлах үед өвчин хүндэрсэн шатандаа биш ердийн явцтай байгаа нөхцлийг үүнд хамааруулахгүй. Харин энэ тохиолдолд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 36, 37 дугаар зүйлүүдийн дагуу гэрлэгчдийн тэжээн тэтгүүлэх асуудлыг нэг мөр шийдвэрлэж байвал зохино.

Хүндээр өвчилсөн гэрлэгч нь хэзээ ч гэрлэлтээ цуцлуулахыг өөрөө шаардах эрхтэй.

8.Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан "иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гаргана" гэдэгт Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан, гэрлэгчдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрыг ойлгоно.

Монгол улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд захиргааны журмаар гэрлэлт цуцлах асуудлыг дээрхийн нэгэн адил сум, дүүргийн Засаг даргын тамгын газар шийдвэрлэх боловч энэ тухай бүртгэлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар нийслэлд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, аймагт Аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл мэдээллийн алба эрхлэн хөтлөнө.

9.Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах талаар зохицуулсан хуулийн 14 дүгээр зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

9.1.Энэ зүйлийн 14.1-д заасан "иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон этгээд" гэдэгт Иргэний хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсны улмаас шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдож, асран хамгаалалт тогтоолгосон этгээдийг хамааруулна.

Гэрлэгчдийн хэн нэгнийг шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тооцсон бол нөгөө тал нь гэрлэлтэээ цуцлуулахаар өргөдлөө оршин суугаа газрынхаа сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргах талаар Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан журам Гэр бүлийн тухай хуулийн энэ хэсэгтэй зөрчилдөж байгаа тул гэрлэлт цуцлах асуудлыг нарийвчлан зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн заалтыг баримталбал зохино.

Дээрх гэрлэгчдийн гэрлэлтийг захиргааны журмаар цуцлахад тэдгээрийн дундаас төрсөн 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй, гэрлэлт цуцлуулахыг хэн алин нь хүссэн байх тухай Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан нөхцөл л үндэслэл болох ба харин гэрлэгчдийн нэг нь эрх зүйн чадамжгүйд тооцогдсон явдал гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах үндэслэл болохгүй.

Гэрлэгчдийн хэн нэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор З-аас дээш жил хорих ял эдлэх болсон бол нөгөө тал нь гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө оршин суугаа газрынхаа сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт гаргах тухай Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан боловч энэ нь гэрлэлт цуцлах асуудлыг нарийвчлан зохицуулсан Гэр бүлийн тухай хуульд байхгүй тул гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан нөхцөл бүрдсэнээс бусад тохиолдолд хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн гэрлэлтийг зөвхөн шүүхийн журмаар цуцлана.

9.2.Мөн зүйлийн 14.2-т заасан "шүүх шаардлагатай гэж үзвэл" гэдэгт гэрлэлт цуцлах тухай хэрэг бүрийн онцлогоос шалтгаалан гэрлэлтийг зайлшгүй цуцлах ноцтой шаардлага байхгүй, гэрлэгчдийг эвлэрүүлэх бололцоотой, тэдний болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс гэрлэлтийг цуцлахгүй байх нь илүү ач холбогдолтой байх нөхцлүүдийг хамаарулна.

Мөн хэсэгт заасан ”хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг төсөөтэй хэрэглэж, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж хэрэгжүүлнэ.

Энэ хэсэгт заасан "гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ" гэж гэрлэгч тус бүртэй ганцаарчлан уулзах, зөвлөлгөө өгөх, гэрлэлтийг цуцлуулах болсон шалтгаануудыг нарийвчлан судалж, үндэслэлтэй эсэхийг нь тайлбарлах, шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгчдийг татан оролцуулах зэрэг гэрлэгчдийг эвлэрүүлэхэд ач холбогдолтой бүхий л үйл ажиллагааг хэлнэ.

Дээрх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үед авах тул бусад төрлийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаас өөр болохыг шүүхүүд анхаарвал зохино.

9.3.Мөн зүйлийн 14.3-т заасан "шүүхийн шийдвэр" гэснийг Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гэж ойлгоно.

Энэ зүйлд "Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцлана" гэж заасныг шүүх доорх байдлаар хэрэгжүүлнэ.

9.3.1.Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх хугацаа өгч түдгэлзүүлсэн тохиолдолд энэ хугацааг дуустал хэргийг архивт шилжүүлэхгүй.

9.3.2.Хугацаа дууссаны дараа зохигчид шүүхэд дахин хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран шүүх санаачилгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинэчлэн явуулж,

а/Зохигчид эвлэрсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол буюу захирамж гаргаж, тэдгээрт шийдвэрийн дугаар авна.

б/Зохигчид эвлэрэх боломжгүй бол гэрлэлтийг цуцлах тухай шийдвэр гаргана.

9.3.3.Зохигчид эвлэрсэн гэдэгт хариуцагч гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг төлөх, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах зэрэг шаардлагыг хүлээн зөвшөөрөх асуудал хамаарахгүй, харин гэрлэгчид цаашид хамтран амьдарч, гэрлэлтээ цуцлуулахгүй байх талаар харилцан зөвшөөрсөн байхыг ойлгоно.

9.3.4.Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2.-т зааснаар иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болдог тул эдгээр асуудлаар зохигчид эвлэрэн хэлэлцэж тохиролцсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж болохгүй.

9.3.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нь түдгэлзүүлсэн гэрлэлт цуцлах тухай хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэхгүйгээр орхих нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

9.3.6.Гэрлэгчид эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байхад гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гэрлэгчид дахин гаргавал шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг хянан үзэж:

а/Урьд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг шинэ нэхэмжлэлд цаг хугацаа, үйл баримт, шалтгаан зэргийн хувьд дахин заасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана

б/Урьд гаргасан нэхэмжлэлээс өөр үндэслэл заасан, эсхүл үндэслэл нь адил боловч цаг хугацаа, үйл баримт, шалтгааны талаар шинэ нөхцлийг заасан бол нэхэмжлэлийг хүлээн авч, шинээр иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэнэ.

Мөн зүйл, хэсэгт заасан "гэрлэгчид эвлэрэх боломжгүй" гэдэгт эхнэр, нөхрийн хэн нэг нь согтууруулах ундаа болон мансууруулах бодис байнга хэрэглэдэг, гэр бүл, үр хүүхдийн амьдрал, хүмүүжилд муугаар нөлөөлдөг, гэр бүлийн гишүүдийг хүндэтгэн үзэхгүй, хэрцгий догшин авирладаг, бэлгийн харьцаа тохирдоггүй, үр хүүхэдтэй болоогүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй удаан хугацаагаар тусдаа амьдарсан зэргийг хамааруулж үзнэ.

9.4.Мөн зүйлийн 14.4-т заасан "байнгын хүчирхийлэл, дарамт" гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаар тогтоолын 2 дугаар заалтын дагуу ойлгоно.

9.5.Энэ зүйлийн 14.5-д заасан "гэрлэгчид … тохиролцож болно" гэж сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, хуулиар олгогдсон бусдын эрхийг хохироохгүйгээр нэгдсэн шийдэлд хүрэхийг хэлнэ. Хэн нэгний дарамт шахалтаас болж өөрийн, эсхүл бага насны ба насанд хүрээгүй хүүхдүүд болон гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бусад гишүүдийн эрх ашгийг хохироосон тохиролцоо хийснийг шүүх хангаж болохгүй.

9.6.Мөн зүйлийн 14.6-д зааснаар шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ "хүүхдийн нас" буюу бага насны эсхүл насанд хүрээгүй байдал, цэцэрлэгт хүмүүжиж, эсхүл сургуульд сурч байгаа зэргээс шалтгаалан тухайн насны хүүхдийн хөгжил, хүмүүжлийн онцлогийг харгалзана.

Энэ хэсэгт заасан "эцэг, эхийн халамж" буюу хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал, "ахуйн нөхцөл, бололцоо" буюу хүүхдийн өсөж бойжих орчин, орон сууц, эд хөрөнгийн байдал, "ёс суртахууны байдал" буюу эцэг, эхийн өөрсдийн хүмүүжил, боловсрол, аливаа муу зуршилтай эсэх, хүүхдийг болон гэр бүлийн бусад гишүүдийг эд хөрөнгийн хийгээд сэтгэл санааны дарамтанд байлгадаг эсэх, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь гэм хор учруулж байсан эсэхийг шүүх анхаарч хүүхдийн асрамжийг тогтооно.

Дээрх асуудлыг шийдвэрлэхэд шүүх сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч болон өөр нарийн мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, дүгнэлт гаргуулж болно.

Эдгээр байдлууд нь хүүхдийг эцэг, эхийн хэнийх нь асрамжинд үлдээх, хэнээс нь тэтгэлэг гаргуулахыг шийдвэрлэхэд нөлөөлөх ба харин тэтгэлэгийг хуульд заасан хэмжээнээс өөрөөр тогтоох үндэслэл болохгүй.

Асрамж тогтоолгож буй хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэхэд гэрлэгчдийн эцэг, эхээс үзүүлсэн туслалцаа, оролцоо, хүүхэд эмээ, өвөөгийн гар дээр өссөн байдал, хүүхдийн амьдарч буй орчны байдлыг тодорхойлоход харгалзан үзэх үндэслэл мөн боловч энэ нь хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх гол ач холбогдолтой нөхцөл биш бөгөөд эцэг, эхийн хүүхдээ асрамжлах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг анхаарвал зохино.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхэдтэй адил эрхтэй бөгөөд эцэг, эх нь хүүхдээ асрамжлах, тэтгэх үүрэгтэй тул гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн талаар эцэг, эх маргаантай бол асрамжийг шүүхийн шийдвэрээр тогтооно.

Шүүх гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийг бие даасан тусдаа нэхэмжлэлээр, эсхүл эцэг тогтоох асуудлын хамт хянан шийдвэрлэж болно.

9.7.Мөн зүйлийн 14.7-д заасан "долоо ба түүнээс дээш насны хүүхдийн санал”-ыг авах шүүхийн ажиллагаанд сурган хүмүүжүүлэгч, эсхүл сэтгэл зүйчийг байлцуулан, хүүхдийн гаргаж буй санал түүний хүсэл зоригийн жинхэнэ илэрхийлэл мөн эсэхийг анхаарвал зохино. Энэ ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулах шаардлагатай гэж шүүх үзвэл тухайн иргэний хэргийн зохигчдын өмгөөлөгчөөс өөр өмгөөлөгчийг оролцуулна. Хүүхдийн санал нь түүний асрамжийг шийдвэрлэхэд харгалзан үзэх нөхцөл мөн боловч гол үндэслэл болохгүй.

9.8.Мөн зүйлийн 14.8-д заасан "дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан" гэдэгт гэрлэгчдийн хэн аль нь нэгнийхээ зөвшөөрөлгүйгээр дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр захиран зарцуулах, мөн санаатайгаар устгаж, гэмтээх гэх мэтээр үгүй болгохыг тус тус ойлгоно. Дундын эд хөрөнгийн орлого, эд хөрөнгөө хамтран өмчлөхгүй байх зорилгоор нэгэндээ мэдэгдэхгүйгээр өөрийн болон бусдын нэр дээр эзэмшиж, ашигласан нөхцлийг "нуусан" гэдэг ойлголтонд хамруулна.

Энэ хэсэгт заасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэхдээ гэрлэгчдийн хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө, түүнээс гэр бүлийн гишүүнд оногдох хэсгийг тодорхойлох Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэнэ.

9.9.Энэ зүйлийн 14.9-д "гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулна" гэж зааснаар Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу гэрлэгчдийн оршин суугаа газрын, эсхүл гэрлэлтийг бүртгэсэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. Энэ хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулсан иргэд өөрсдөө өргөдөл гаргаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлт цуцалсны бүртгэлийг дээрх байгууллагаар хийлгүүлэх үүрэгтэй болно.

Монгол улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд шүүхийн журмаар гэрлэлт цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр болсон бол гэрлэлт цуцалсны бүртгэлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар нийслэлд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, аймагт Аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл мэдээллийн алба тус тус эрхлэн явуулна.

10.Хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан "гэрлэлтийг сэргээх" зохицуулалт шүүхийн шийдвэрээр сураггүй алга болсонд тооцогдсон, эсхүл нас барсан гэж зарлагдаад сүүлд эргэж ирсэн хүний эхнэр буюу нөхөр өөр хүнтэй гэрлээгүй тохиолдолд хамаарна. Сураггүй алга болсонд тооцсон ба нас барсан гэж зарласан тухай шүүхийн шийдвэр хүчингүй болсноор өмнөх гэрлэлтийг дуусгавар болгосон сум, дүүргийн Засаг дарга Иргэний бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3-т зааснаар гэрлэлтийг сэргээсэн тухай шийдвэр гаргах ба иргэний бүртгэлийн байгууллага энэ тухай бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээг шинээр бичиж олгоно.

11.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай заасан хуулийн 16 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

11.1.Энэ зүйлийн 16.1-д заасан "гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн" гэдэгт тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууцны талбай эзэмших, хуульд заасан ямар нэг хөнгөлөлт, халамж эдлэх, гадаадад зорчих ба оршин суух зөвшөөрөл авах зэргээр гэрлэгчдийн хэн нэг нь эдлэх ёсгүй эрхийг эдлэх, эсхүл хүлээх ёстой үүргээс зайлсхийхийн тулд гэрлэлтийг ашиглах зорилгоор бүртгүүлснийг ойлгоно.

11.2.Мөн зүйлийн 16.2 дахь хэсгийг 18 насанд хүрээгүй хэдий ч шүүхийн шийдвэрээр эрх зүйн бүрэн чадамжтай гэж зарлагдсан иргэнд хамааруулж, түүний гэрлэлтийг энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцохгүй гэж ойлговол зохино.

12.Хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан "гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээ" гэдгийг гэрлэгчид гэр бүл болохдоо хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, захиран зарцуулалтын талаар харилцан тохиролцож хийсэн хэлцэл гэж ойлгох ба уг гэрээнд тавигдах шаардлагыг Иргэний хуулийн 132 дугаар зүйлд зааснаар тодорхойлно.

13.Хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т ”хүүхдийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхгүй” мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 31 дүгээр зүйлийн 31.4-т ”хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй” гэж тус тус зааснаар гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон, эцэг, эх байх эрхийг хязгаарласан, эцэг, эх байх эрхийг хассан тохиолдлуудад хүүхэд өөрийн эцэг, эхээр тэжээн тэтгүүлэх, асран хамгаалуулах, гэр бүлийн дотор тэгш эрх эдлэх, орон байраар хангуулах зэрэг энэ хуулийн 25, 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтаар олгогдсон эрхээ бусад хүүхдийн нэгэн адил эдэлнэ.

14.Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан ”Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэдэгт эцэг, эхийн нэр авах, тэжээн тэтгүүлэх, асран хамгаалуулах, өв залгамжлах зэрэг эрхийг, түүнчлэн эцэг эхээ тэжээн тэтгэх, асран хамгаалах зэрэг үүргийг тус тус хамааруулж үзнэ.

15.Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан ”эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг эх өөрөө өргөдөл гаргасан” гэдэгт эцгийн буюу эхийн аль нэгнийх нь нэр хүүхдийн төрсний гэрчилгээнд бичигдээгүй бөгөөд хамтран өргөдөл гаргах боломжгүй тохиолдолд тухайн этгээд өөрөө эцэг, эхээр тогтоолгох хүсэлтийг гаргасныг ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан ”иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага" гэж Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн төрсөн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэл хариуцсан албыг хэлнэ.

Харин хүүхдийн эцэг, эхийн талаар маргаантай байгаа тохиолдолд дээрхи зохицуулалт хамаарахгүй.

16.Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан "эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ" гэснийг шүүх хэрэгжүүлэхдээ хүүхдийн биологийн эцэг, эх нь хэн болохыг тогтоох ажиллагааг хийнэ. Хүүхдийн эцэг, эх нь хамтын амьдралтай, цаашид гэр бүл болох зорилготой байсан эсэх нь эцэг, эхийг тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш бөгөөд эдгээр байдал нь хүүхдийн эцэг, эхтэй хариуцагч эр, эмийн харьцаатай байсныг нотлох баримтуудын нэг хэсэг нь гэж үзнэ.

17.Хуулийн 24 дүгээр зүйлд заасан "нэр" гэдэгт хүүхдийн өөрийн нэр, "эцгийн буюу эхийн нэр" гэдэгт эцгийн буюу эхийн нэр харъяалахын тийн ялгалд, "овог" гэдэгт эцгийн буюу ясан төрлийг баримталсан ба Засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 257 дугаар тогтоолоор батлагдсан "Угийн бичиг хөтлөх" журмын дагуу тогтоосон овгийг тус тус ойлгоно. Жишээлбэл: Боржигон Дашдоржийн Нацагдорж, Хатгин Цэндийн Дамдинсүрэн.

Харин өөрийн эцгийн овгийг мэддэггүй болон бутач, үрчлэгдсэн хүн эхийн овгийг хэрэглэж болох ба эцэг, эхийн аль алинийх нь овгийг мэдэхгүй бол өөрийн овгийг судлан тогтоох эсхүл зохиомол овог шинээр үүсгэн хэрэглэж болно.

Хүүхдэд нэр, овог өгөх, хүүхэд, эцэг, эхийн нэр овогтой холбогдсон маргааныг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

18.Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх эрх үүргийн талаар заасан хуулийн 26 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

18.1.Энэ зүйлийн 26.5-д заасан "эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журам”-ыг тогтоохдоо шүүх эцэг, эхийн зүгээс хүүхдийн асран хамгаалалт, хүмүүжилд тавих анхаарал, боломж, хүсэлт зэргийг харгалзан эцэг, эх тус бүрт ногдох үүргүүдийг нэг бүрчлэн тодорхой зааж болох бөгөөд энэ нь зөвхөн хүүхдийн тэтгэлэгийг тогтоосноор хязгаарлагдахгүй. Тухайлбал: хүүхдийг сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах, гэрийн даалгаврыг хийлгэх, хувцас авах, амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх, эмчилгээ, сургалт, амралтын зардлыг хариуцах, секц, дугуйланд хичээллүүлэх гэх мэт маргаан тус бүрийн онцлогоос шалтгаалан дээрх үүргүүдийг шүүх хуваарилан журамлаж болно.

18.2.Мөн зүйлийн 26.6-д заасан "хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно" гэдгийг эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх хэн алины тэгш эрхийг хязгаарлаж болохгүй гэж ойлгоно.

18.3.Энэ зүйлийн 26.8-д заасан ”хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөл” гэдэгт тухайн хүүхдийн эцэг, эх нь хүүхдийн оршин байгаа газраас өөр газарт /өөр сум, хот, орон нутаг, гадаадад гэх мэт/ ажиллаж, сурч, амьдарч байгааг ойлгохоос гадна мөн хорих ял эдэлж байгаа, хугацаат цэргийн алба хааж буй зэргийг хамааруулна.

19.Хуулийн 27, 29, 30, 32 дугаар зүйлүүдэд заасан эцэг, эх байх эрхийг хязгаарлах, мөн хязгаарласныг хүчингүй болгох, хасах, сэргээх асуудлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцэнэ.

20.Хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад хүүхдийг шилжүүлсэнтэй холбогдон гарсан хохирлыг шүүх Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааны зохицуулалтыг баримталж шийдвэрлэнэ.

21.Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан ”Хүүхэд үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй” гэдгийг эцэг, эх байх эрх нь хасагдсан хүний бусдад үрчлэгдсэн тухайн хүүхдийн хувьд гэж ойлгоно. Эцэг, эх байх эрх нь хасагдсан хүн хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бол үрчлэгдсэн хүүхдийн хувьд төрүүлсэн эцэг, эхийн хасагдсан эрхийг сэргээхгүй ба харин бусад хүүхдийн хувьд эцэг, эх байх эрх сэргээгдэнэ.

22.Хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар гэрлэгчид бие биенээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба тэжээн тэтгэхтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах тухай энэ зүйлийн 36.2-т заасныг дараах байдлаар ойлгоно.

а/.”Гэрлэгчдийн хэн нэг нь бие биеэ тэжээн тэтгэх үүргээсээ татгалзсан” гэдэгт бие биенээ огт тэжээн тэтгэхгүй байхыг ойлгохоос гадна хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс бага хэмжээгээр тэжээн тэтгэснийг хамааруулна.

б/.“тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй бол туслалцаа шаардлагатай болсон нөхөр, эхнэр” гэдэгт гэрлэгч эхнэр, нөхрөө тэжээн тэтгэхээс татгалзаагүй буюу хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан хэмжээгээр тэжээн тэтгэдэг боловч эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн чадвар алдах, хүндээр өвчлөх, эмчилгээний зардал хүрэлцэхгүй байх, сургалтын зардлыг төлөх чадваргүй байх зэргээр бусдын тусламжгүйгээр хөрөнгө, мөнгөний гачигдалтай байдлаас гарах боломжгүй болсон нөхцлийг хамааруулах бөгөөд гэрлэгчид тэжээн тэтгэх гэрээг хуулийн 45 дугаар зүйлд зааснаар байгуулаагүй бол дээрх шаардлагын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ.

Харин гэрлэгчид тэжээн тэтгэх гэрээ байгуулсан ба түүнд энэ тохиолдлыг тусгасан бол хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасан журмаар биелүүлнэ.

23.Эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн талаар заасан хуулийн 38 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

23.1.Энэ зүйлийн 38.1-д заасан ”насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй” гэдэгт Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-т зааснаар 18 нас хүртэлх насны этгээд болон насанд хүрсэн боловч эрүүл мэндийн улмаас ердийн нөхцөлд аливаа хөдөлмөр эрхлэх боломжгүй этгээдийг тус тус ойлгоно.

Мөн хэсэг болон хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан "хөдөлмөрийн чадваргүй" гэдгийг эмнэлэг хөдөлмөрийн магадлах товчооны дүгнэлтээр тогтоох бөгөөд шүүх уг дүгнэлтийг үндэслэж, тэжээн тэтгэх үүргийг тодорхойлно.

23.2.Мөн зүйлийн 38.2-т заасан ”эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно” гэдгийг хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан тэжээн тэтгэх тухай гэрээ гэж ойлгох бөгөөд энэ талаар хуульд заасан журам зөрчигдсөн тохиолдолд шүүх Иргэний хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, эцэг, эхийн хэн нэгний хүсэлтээр ердийн журмаар тэтгэлэг тогтооно.

Хүүхдийн тэтгэлэг тогтоосон дээрх гэрээг талууд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд гэрээг биелүүлэх талаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэнэ.

23.3.Энэ зүйлийн 38.7-д зааснаар шүүх тэтгэлэгийн хэмжээг багасгахдаа тэтгэлэг авагч уг хүсэлтийг зөвшөөрсөн эсэхийг харгалзахгүйгээр хоёр талын амьдралын бололцоо болон тэтгэлэг төлөгч нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, түүнчлэн хууль ёсоор асрамжлах хүний тоо нэмэгдсэн зэрэг нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоох ажиллагааг хийнэ. Уг ажиллагааг гүйцэтгэхдээ шүүх баг, хорооны болон цалин, тэтгэврийн тодорхойлолтууд, мөн бусад бичгийн нотолгоонуудыг үндэслэнэ. Харин хөдөлмөрийн чадвар алдсаныг эмнэлэг хөдөлмөрийн магадлах товчооны дүгнэлтээр тодорхойлох бөгөөд энэ үндэслэлээр тэтгэлэг төлөгчийг хүүхдийн тэтгэлэгээс бүрэн чөлөөлж болохгүй.

24.Хүүхдийн тэтгэлэгийн хэмжээний талаар заасан хуулийн 40 дүгээр зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

24.1.Энэ зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан "амьжиргааны доод түвшингийн 50 хувь буюу амьжиргааны доод түвшингийн хэмжээ" гэдгийг шүүхээс зөвхөн нэг хүүхдэд олгох тэтгэлэгийн хэмжээ гэж ойлгоно.

Мөн хэсгүүдэд заасан "бүс нутаг" гэдгийг шүүхийн шийдвэрт тухайн "тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн" гэдгээр ерөнхийлөн бичих бөгөөд мөн тэтгэлэгийн хэмжээг мөнгөн дүнгээр бус харин амьжиргааны доод түвшингийн хувиар зааж байвал зохино.

Энэ хэсгүүдэд заасан ”16, 18 настай” гэдгийг Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6-д заасан журмаар /16, 18 нас хүртэл гэж / тооцно.

24.2.Энэ зүйлийн 40.2-т заасан "цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй" гэснийг шүүхээс тэтгэлэг тогтоох хэмжээнд хамааралгүй, харин шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болон тэтгэлэг төлөгчийн ажил олгогчоос цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэлэгийг шилжүүлэхдээ дээрхи хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэж ойлгох бөгөөд шүүх энэ тухай шийдвэртээ заавал тусгаж байвал зохино.

25.Тэтгэлэг олгох хэлбэр, хугацааны талаар заасан хуулийн 41 дүгээр зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

25.1.Тэтгэлэг төлөгч, тэтгэлэг авагч нарын хооронд тэжээн тэтгэх гэрээ байгуулаагүй боловч шүүх хуралдааны бэлтгэл шатанд болон хуралдааны үед энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар зохигчид тэтгэлэгийг мөнгөн ба эд хөрөнгөөр, мөн тодорхой хугацаагаар авахаар тохирч болно. Энэ тохиолдолд тодорхой хугацаанд төлөх мөнгөний болон эд хөрөнгийн хэмжээг шүүхийн шийдвэрт тодорхой заана.  Хэрэв төлбөр төлөгч, авагч нар тэтгэлэгийн хэлбэр, хугацааг хоорондоо тохиролцоогүй бол шүүх тэдгээрийн амьдралын бололцоо, хөрөнгийн байдал, эрхэлж байгаа ажил зэргийг харгалзан тогтоох бөгөөд энэ тохиолдолд нийт тэтгэлэгийн хэмжээг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлж болохгүй.

25.2.Мөн зүйлийн 41.2.2-т заасан ”нэг удаа” гэдгийг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээ, хугацаа буюу тэтгэлэг төлөх бүх хугацаанд олгогдвол зохих хэмжээгээр тооцож авахыг ойлгоно.

26.Тэтгэлэгийн хэмжээг өөрчлөх талаар заасан хуулийн 42 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

26.1.Энэ зүйлийн 42.1-д ”тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан нь хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн тэтгэлэг төлөгч цалин хөлснөөс өөр орлоготой байгаа тохиолдол хамаарахгүй.

26.2.Уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шүүхээс тогтоосон хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг ихэсгэх, багасгах тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, дараахь байдлаар шийдвэрлэвэл зохино:

а/шүүхийн нэг шийдвэрээр хэд хэдэн тэжээн тэтгүүлэгчид тэтгэлэг тогтоосон буюу шүүхийн хэд хэдэн шийдвэрээр тэтгэлэг төлөгч хэд хэдэн тэжээн тэтгүүлэгчид тэтгэлэг төлөх явцад тэжээн тэтгүүлэгч нас барсан, бусдад үрчлэгдсэн, насанд хүрсэн зэрэг шалтгаанаар тэтгэлэгийг хасах тохиолдолд Гэр бүлийн тухай 1973 оны хуулийн зохих зүйл, заалтуудыг баримтлан шийдвэрлэнэ.

б/өмнө үйлчилж байсан Гэр бүлийн тухай хуулийн /1973 оны/ 61 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэтгэлэгийг хувиар болон биет төгрөгөөр тогтоосон нь хүүхдийн хоол хүнс, асаргаанд илтэд хүрэлцэхгүй буюу амьжиргааны доод түвшингээс хэт бага байгаа тухай тэтгэлэг авагчийн гомдлыг шүүх шинээр гаргасан нэхэмжлэл гэж үзэн, Гэр бүлийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

в/өмнө үйлчилж байсан хуулиар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа бусад нөхцөлд шинэ хуулиар хүүхдийн тэтгэлэгийг шинэчлэн тогтоолгохыг хүссэн тэтгэвэр авагчийн нэхэмжлэлийг шүүх хууль буцаан хэрэглэхгүй тухай зарчмыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

27.Хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан ”хэд хэдэн хариуцагч” гэдэгт тухайн иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан эсэхээс үл хамааран тэжээн тэтгүүлэгчийг тэжээн тэтгэх үүрэг бүхий насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай, төрүүлсэн, үрчлэн авсан, дагавар хүүхдүүдээс гадна сайн дураар тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байгаа хүүхдүүд ч хамаарна.

28.Хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах талаар заасан хуулийн 48 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

28.1.Энэ зүйлийн 48.1-д заасан "тэжээн тэтгүүлэгчид" гэдэгт хуулийн 40, 44 дүгээр зүйлүүдийн хүрээнд багтсан тэтгэлэг авагч этгээдүүдийг хамааруулна.

28.2.Мөн зүйл, хэсэгт заасан "Онцгой нөхцөл байдал тохиолдсон" гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хүнд нөхцөлд байгаа, түүнчлэн Хүүхдийн болон насанд хүрэгсдийн асрах байгууллага, мөн Халамжийн газруудын асрамжинд байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлэгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцлийг нэгэн адил хамааруулна.

29.Тэтгэлэг нөхөн гаргуулах талаар заасан хуулийн 49 дүгээр зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

29.1.Тэтгэлэг төлөгч ажил, хөдөлмөр эрхэлсэн эсэхээс үл хамааран, тэтгэлэг төлөөгүй, төлөх талаар санаачилга гаргаагүй явдал нь хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан ”тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн” гэсэн ойлголтод хамаарна.

29.2.Мөн хэсэгт заасан ”бусад иргэн, холбогдох байгууллага” гэдэгт энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан этгээдийг ойлгоно.

30.Хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасан ”Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь” гэж тэтгэлэг болон түүнийг төлөх тодорхой хугацааг шүүхийн шийдвэрт заах бөгөөд уг хугацаанд төлөөгүй байхыг хэлнэ.

31.Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх ерөнхий нөхцлийн талаар заасан хуулийн 55 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

31.1.Гэрлэлтээ эрх бүхий байгуулагад бүртгүүлсэн гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авахыг хүссэн тохиолдолд энэ зүйлийн 55.2-т зааснаар эхнэр буюу нөхрөөсөө заавал зөвшөөрөл авна.

Гэрлэгчдийн хэн нэг нь зөвшөөрөөгүй тохиолдолд хүүхдийг үрчлүүлж болохгүй.

31.2.Мөн зүйлийн 55.4-т зааснаар ”Үрчлүүлэх хүүхэд долоо нас хүрсэн бол” түүний зөвшөөрлийг заавал авах бөгөөд тухайн үрчлүүлэх хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрөөгүй бол хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг дарга үрчлүүлэхээс татгалзана.

32.Үрчлэгчийн талаарх хуулийн 57 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

32.1.Энэ зүйлийн 57.1-д заасан ”өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн” гэж эрүүл мэнд, ёс суртахуун, эдийн засгийн хувьд хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх чадвартай хүнийг хэлнэ. Эдгээр шалгуурыг тогтооход ”Хүүхдийн эрхийн тухай” 1989 оны конвенц, ”Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” 1993 оны конвенцуудын холбогдох заалтыг харгалзан үзнэ.

32.2.Мөн зүйлийн 57.2-т заасан ”60-аас дээш настай” гэж хүүхдийг үрчлэн авч байгаа иргэн эсхүл гэрлэгчдийн хэн аль нь 60 нас хүрсэн байхыг хэлнэ.

Энэ зүйл, хэсэгт заасан ”үрчлүүлэх хүүхэд” гэдэгт Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар 18 нас хүрээгүй байгаа этгээдийг ойлгоно.

33.Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан ”хүүхдийн эрх ашгийг хамгаалах байгууллага” гэдэгт хууль буюу үүсгэн байгуулах баримт бичигт зааснаар хүүхдийн эрх ашгийг хамгаалах явдал үйл ажиллагааных нь зорилго болсон төрийн болон төрийн бус байгууллага хамаарна.