Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр
Дугаар 4
Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ЗАРИМ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

Хэвлэх
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зохицуулалтыг нэг мөр ойлгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөв хэрэглэх нөхцөлийг хангах зорилгоор Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас энэхүү зөвлөмжийг гаргаж байна.
НЭГ: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах талаар :
1.1. Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.[1]
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн, тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, сонгон шалгарах үедээ эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч байгаагүй, монгол хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог, сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй Монгол Улсын иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох боломжтой.
Иргэдийн төлөөлөгч сонгон шалгаруулах ажлыг шүүхийн тамгын газар зохион байгуулж, иргэдийн төлөөлөгчдийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл баталдаг. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтаас долоо хоног тутам 10-15 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахим хэлбэрээр тохиолдлын журмаар гаргах ажлыг тухайн шүүхийн тамгын газрын дарга хариуцна. Харин шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78, 79 дугаар зүйлд зааснаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ.
Иргэдийн төлөөлөгчийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон хуваарийн дагуу шүүх хуралдаанд оролцуулах ёстой тул нэгдсэн жагсаалтад нэр нь байхгүй иргэнийг, жишээ нь, дадлагын оюутан эсхүл шүүхийн ажилтныг шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйл, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.1, 8.6, 9 дүгээр зүйлд нийцэхгүй.
1.2. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1 дэх хэсэгт "...хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна..." гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д "...шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна..." гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах учир шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасан "...шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна..." гэснийг үндэслэнэ. Өөрөөр хэлбэл, шүүх нэг, хоёр эсхүл гурван иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцуулж буйг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
1.3. Бүрэлдэхүүнтэй хийх шүүх хуралдаан бүрт иргэдийн төлөөлөгч оролцохгүй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д "...анхан шатны журмаар хэргийг..." шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж заасан тул хэрэг хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүй. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэхэд мөн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцохгүй.
1.4. Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны оролцогч учир шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг түүнд заавал мэдэгдсэн байхыг шаардана.
Иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүний эзгүйд шүүх хуралдааныг хийх эсэхийг зохигчдын саналаар шийднэ. Харин иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй бол шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон журмын дагуу /жишээ нь, шүүх хуралдаанд өөр иргэдийн төлөөлөгч оролцуулах/ шийдвэрлэх эсхүл хуралдааныг хойшлуулах үр дагавар үүснэ.
1.4.1. Иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдол
Томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна./ ИХШХШТХ-ийн 100.8 /. Зохигч нь иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах эсэх талаар бус, харин иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүний эзгүйд шүүх хуралдааныг хийх эсэх талаар санал гаргана.
а/.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан хийхэд дараахи урьдчилсан нөхцөл хамтдаа бүрдсэн байх шаардлагатай. Үүнд :
- тухайн шүүх хуралдаанд оролцуулахаар сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэж энэ тухай баримт үйлдсэн
- иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй
- иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулахыг зохигчид зөвшөөрсөн
б/. "...иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй..." гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулахад дараахи урьдчилсан нөхцөл хамтдаа байхыг шаардана. Үүнд :
- тухайн шүүх хуралдаанд оролцуулахаар сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсэн
- уг иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй
- иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулахыг зохигчийн аль нэг нь зөвшөөрөөгүй
1.4.2. Иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй тохиолдол
Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй бол шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон журмын дагуу /жишээ нь, шүүх хуралдаанд өөр иргэдийн төлөөлөгч оролцуулах/ шийдвэрлэх эсхүл хуралдааныг хойшлуулах үр дагавар үүснэ.
а/.Томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулахад дараахи урьдчилсан нөхцөл хамтдаа байхыг шаардана. Үүнд :
- тухайн шүүх хуралдаанд оролцуулахаар сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсэн
-иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй
- хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй иргэдийн төлөөлөгчийн оронд нөөцөд байгаа иргэдийн төлөөлөгчийг оролцуулах боломжгүй [2]
б/. Томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд энэ тохиолдлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр урьдчилан тогтоосон бол тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ. Тодруулбал, энэ үндэслэлээр өөр иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахад урьдчилсан нөхцөл хамтдаа байхыг шаардана. Үүнд :
- тухайн шүүх хуралдаанд оролцуулахаар сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсэн
-иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй
- хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй иргэдийн төлөөлөгчийн оронд нөөцөд байгаа иргэдийн төлөөлөгчийг оролцуулах тохиолдлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр урьдчилан шийдвэрлэсэн
- иргэдийн төлөөлөгч хэргийн материалтай танилцсан
ХОЁР: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14, 65, 80, 155-р зүйлийн зохицуулалтын талаар
Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй, хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон, хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол эрэн сурвалжлах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14, 65, 80, 155 -р зүйлд зохицуулжээ.
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3,14.4 дэх хэсэг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.3-т "...Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно..." гэж, 14.4-т "...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно..." гэж тус тус заажээ.
а/ Хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан бөгөөд энэ нь хариуцагч олдохгүй байгаа асуудалтай холбоогүй, харин нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах буюу " бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол эд хөрөнгө нь байгаа газрыг "оршин суугаа газар" гэж тодорхойлох Иргэний хуулийн зохицуулалттай холбоотой гэдгийг анхаарвал зохино.
Иргэний хуулийн 22, 28-р зүйлд "...иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлох бөгөөд иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг, эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно. Бусдын асран хамгаалалтад байгаа этгээдийн оршин суугаа газрыг тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагчийн оршин суугаа газраар тодорхойлно. Хуулийн этгээд нь оршин байх нэг газар буюу хууль ёсны хаягтай байх бөгөөд ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ..." гэж тус тус заасан байна.
Хуулийн уг зохицуулалтаас үзвэл иргэн бүртгэлтэй газраа байнга оршин суудаггүй бол эд хөрөнгө нь байгаа газрыг түүний "оршин суугаа газар" гэж үзэж болно.
Иймд хариуцагч олдохгүй байгаагаас бус, харин бүртгэлтэй газраа байнга оршин суудаггүйгээс эд хөрөнгө нь байгаа газрыг түүний "оршин суугаа газар" гэж үзэж нэхэмжлэлийг хариуцагчийн эд хөрөнгө байгаа газрын нутаг дэвсгэрийн харьяалалаар гаргадаг.
б/. Хариуцагчийн хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан үндэслэлээр эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болно. Шүүхэд хүсэлт гаргаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага тавьсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасан тохиолдолд шүүхийн шийдвэрээр, 80 дугаар зүйлийн 80.1.6.-д заасан тохиолдолд шүүгчийн захирамж (шүүхийн тогтоол)–р хариуцагчийг эрэн сурвалжлах ба уг ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.9, 65.1.11 дэх хэсэг
Нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлагыг хангаагүй бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.
2.2.1. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газрыг нэхэмжлэлд тусгах шаардлагатай бөгөөд энэ нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан шаардлага юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан шаардлагыг хангаагүй, жишээ нь, хариуцагчийн хаяг, оршин байгаа газрыг нэхэмжлэлд тусгаагүй буюу бичээгүй бол мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.
2.2.2. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ хаягийг бичсэн хэдий ч тэр нь буруу, дутуу бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан "хариуцагчийн хаяг тодорхойгүй" гэдэгт хамаарна.
2.2.3. Иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлд заасан хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч уг хаягт хариуцагч оршин суудаггүй болох нь тогтоогдсон бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгоно.
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.6 дахь хэсэг
Хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон, давах, хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолоор шийдвэр хүчингүй болсноос хэргийг дахин хэлэлцэх болон бусад тохиолдолд "хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий" болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-г зөрчихгүй.
Харин хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарлан танилцуулсан, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч шүүхэд ирээгүй, оршин суугаа хаягаа өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь буруу гэдгийг шүүх анхаарвал зохино.
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарлан танилцуулж мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч шүүхэд ирээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77, 100 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэгдэнэ.
2.4. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хүсэлт гаргагч шүүхэд ирүүлж болох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасан хэдий ч нотлох баримтыг шүүх өөрийн санаачлагаар бүрдүүлж шийдвэр гаргах нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т нийцнэ.
Шүүх хүсэлтийн дагуу ажиллагаа явуулж "хариуцагчийг эрэн сурвалжлах" эсхүл "хүсэлтийг хэрэгсэхгүй болгох" тухай шийдвэрийн аль нэгийг гаргана.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй тул "...хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй..." байгаа нь баримтаар тогтоогдсон байхыг шаардана.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасан үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхэд мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-г хэрэглэхгүй.
Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
ГУРАВ: Шүүхийн шийдвэр хүчинтэй болох, хүчин төгөлдөр болох талаар
Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд хуульд заасан хугацаанд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй бол шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болно.
а/.Анхан шатны шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.
б/. Давж заалдах шатны шүүхийн магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болно. Магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор:
а/ түүнийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.
б/ давж заалдах болон хяналтын гомдол гаргах эрхгүй.
в/ тухайн асуудлаар дахин шүүхийн шийдвэр гаргахгүй. /ИХШХШТХ-ийн 120.4/
г/ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд тэдгээрийн талаар маргаж болохгүй.
д/ шүүхийн шийдвэрийг сайн дураар болон албадлагын журмаар биелүүлэх эрх үүснэ.
Хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг шүүх зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179, 180 дугаар зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянаж болно.
ДӨРӨВ: Ерөнхий шүүгчийг орлох асуудлын талаар
Шүүгч ерөнхий шүүгчийг орлохдоо "...ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч... ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч... ерөнхий шүүгчийг орлогч... ерөнхий шүүгчийг орлон гүйцэтгэгч..." гэх мэт нэр томъёо хэрэглэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй бөгөөд энэ үндэслэлээр хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах тохиолдол гарч байна.
Шүүгчийн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой бүрэн эрхийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх холбогдох хуулиар зохицуулдаг тул шүүгч нь Ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.9-н хамт баримтлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.3-78.6, 83 дугаар зүйлийн 83.1, 92 дугаар зүйлийн 92.6, 92.8, 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд тогтоол, захирамж, шийдвэр гаргахдаа шүүгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.9-г баримтлахгүй.
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ
[1]Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг,
Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79-р зүйл
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1
[2] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78, 79 дугаар зүйл, Иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9-р зүйлийн 9.3, 12 дугаар зүйлийн 12.2