A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 07

Улаанбаатар хот

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.20 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү, Г.Баясгалан /илтгэгч/, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Э.Түмэнбаяр, Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Ц.Гансүх, Г.Батболд нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь заалтад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны "оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор зохицуулсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж заасан. Өөрөөр хэлбэл, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь Монгол Улсад хууль ёсоор оршин сууж байгаа тохиолдолд эрх тэгш гэсэн үг.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй, харин хохирогч, түүний өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг тусгаж өгөөгүй, хязгаарласан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг анх батлагдахдаа хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй гэж байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ", яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч" гэж нэмэгдсэн.

Практик дээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд хэргийг прокурорт буцаасан тохиолдолд яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тэр бүр гомдол гаргадаггүй. Харин энэхүү шийдвэрийн улмаас хамгийн их хохирч үлддэг, хэргээ шүүхэд шилжүүлэх хүсэл сонирхолтой, эрх ашиг нь хөндөгддөг этгээд бол хохирогч байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, гаргуулах, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах хугацаа сунжирч удааширдаг. Хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, гомдол гаргасан тохиолдолд анхан шатны шүүх гомдол гаргах эрхгүй гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалздаг. Ер нь яллагдагч, түүний өмгөөлөгч тухайн тохиолдолд гомдол гаргах эрхтэй юм бол хохирогч, түүний өмгөөлөгч ч гэсэн гомдол гаргах эрхтэй байвал хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зорилго, зорилт хангагдана гэж үзэж байна.

Яллагдагч, түүний өмгөөлөгч, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, гомдол гарган хэлэлцүүлдэг харин хохирогч, түүний өмгөөлөгч тухайн тохиолдолд гомдол гаргах эрхгүй, гомдлоо хэлэлцүүлж чадахгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан шударга шүүхээр шүүлгэх гэсэнтэй нийцээгүй гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн тухай мэдээлэлд маргаан үүсгэж, Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргаж өгнө үү." гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын иргэн Э.Түмэнбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй." гэж заасан.

Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах, эсхүл хэргийг прокурорт буцаах шийдвэрийн аль нэгийг гаргахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан. Шүүхээс гарах дээрх шийдвэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч гомдол гаргах боломжоор хангагдсан байх учиртай. Ялангуяа хэргийг прокурорт буцаах шийдвэрийн тухайд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл үзүүлдэг, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломж нь цаг хугацааны хувьд удааширдаг, хохирогчийг залхаадаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийг прокурорт буцаасан шийдвэрт эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрх зөвхөн прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид олгогдсон байх бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг прокурорт буцааж буй шүүхийн шийдвэр болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хуулиар хязгаарласан гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. ..." талаар хуульчилсан. Үндсэн хуулиар олгогдсон дээрх эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хязгаарлаж буй нь Үндсэн хуулийн дээрх заалттай нийцэхгүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасантай нийцэхгүй байна. Учир нь төр хүний эрхийн баталгааг хангах, хүний эрхийн зөрчилтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах үүрэгтэй байтал зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжийг нь ердийн хуулиар хязгаарласан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна гэж үзэж байна.

Нөгөө талаас эрүүгийн хэргийн бусад оролцогчид болох яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурорт хэргийг буцаах тухай шүүхийн шийдвэрт гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг олгосон атлаа хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид энэхүү эрхийг олгоогүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг маргаан үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү." гэсэн байна.

Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." болон Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна." гэснийг зөрчөөгүй байна. Учир нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалтад "хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх талаархи санал, хүсэлт;" гаргах нь нээлттэй байгаа учраас хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч оролцох эрх нь хангагдаж байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... шударга шүүхээр шүүлгэх ..." гэснийг зөрчөөгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд энэ нь хэрэгжиж буй бөгөөд буцаасан тохиолдолд хохирогч, түүний өмгөөлөгчийн эрхийг хөндөхгүй, эцсийн шийдвэр биш юм. Иймд шударга шүүхээр шүүлгэх болон хохирогч, түүний өмгөөлөгч нь гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй, харин нээлттэй юм.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэсэн нь гэмт хэргийн зүйлчлэлд яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн эрхийг хөнддөг учраас эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхийг нээх мөн гэм буруугүй шийдвэрт хохирогчийн эрх хөндөгдөх учраас аль аль нь шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхээр хангагдаж байна.

Иймд Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.

Дөрөв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 1 дүгээр зүйлд "Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. ...", 7 дугаар зүйлд "Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. ..." гэж тус тус заасан.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон харьяалалдаа байгаа бүх хүний энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн буюу бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй.", мөн Пактын 26 дугаар зүйлд "Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой." гэжээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн гэрээний хороодын Ерөнхий зөвлөмж нь гэрээний зүйл, заалтыг тайлбарласан албан ёсны эх сурвалж юм. Тухайлбал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Хорооны 1989 оны 18 дугаар Ерөнхий зөвлөмжийн 1-д "үл ялгаварлан гадуурхах, хуулийн өмнө эрх тэгш байх болон аливаа ялгаварлан гадуурхалтгүй ижил хэмжээний хуулийн хамгаалалтад байх нь хүний эрхийн хамгаалах суурь ба ерөнхий зарчим юм." гээд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын дээрх заалтууд нь хуулиар ижил хамгаалуулах эрхийг бүх хүмүүст олгоод зогсохгүй, хуулиар ялгаварлан гадуурхахаас хамгаалах талаар тайлбарласан байна.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. ..." гэж зааснаас үзэхэд хүн бүр шүүн таслах ажиллагааны явцад, хуулийг хэрэглэж байгаа аргын хувьд ч ялгаварлан гадуурхагдах ёсгүй байна. Түүнчлэн эрх тэгш байх нь шүүхийн өмнөх болоод шүүх хурлын бүхий л шатанд хангагдсан байх ёстой бөгөөд энэ нь хүн бүр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар ялгаварлан гадуурхагдахгүй байх, хүн бүр эрхээ сэргээлгэхийн тулд шүүхэд адил тэгш хандах эрхтэй байх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. ..." гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж заасан. Мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь заалтад "оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор томьёолсон байх ба уг хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн уг ажиллагааны оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээд нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхтэй гэж оролцогчдын гомдол гаргах эрхийг баталгаажуулсан ч мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй." гэж заасан нь хохирогчийн гомдол гаргах эрхийг орхигдуулж, хүн бүр шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрт давж заалдах, хохирлоо нөхөн төлүүлэх зэрэг эрхүүд хязгаарлагдах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжид хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг тусгасан байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч болох хохирогчийн гомдол гаргах эрхийг тус ажиллагааны бүхий л шатанд баталгаажуулах нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад нэн ач холбогдолтой юм." гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин гуравдугаар бүлэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны журмыг хуульчилсан байх бөгөөд мөн бүлгийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хуульд заасан үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаах асуудлыг шийдвэрлэхээр зааж, тухайн ажиллагааны тэгш эрх бүхий талуудыг тодорхой нэрлэн заажээ.

Харин мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй." гэж заасан байна. Ийнхүү шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл зөвхөн яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй байхад тухайн ажиллагааны оролцогч тал болох хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаж, орхигдуулан хуульчилсан нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд харшилж байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад тусгасан "шударга шүүхээр шүүлгэх эрх"-ийн хүрээ нь олон улсын эрх зүйд хүлээн зөвшөөрөгдсөн "шударгаар шүүлгэх эрх"-ийн агуулгатай дүйцэж байгаа бөгөөд шүүхийн өмнөх, түүнчлэн шүүх хуралдааны болон түүний дараах үе шатанд эдлэх цогц эрхийг илэрхийлсэн өргөн агуулгатай ойлголт болно. Тухайлбал, хуулийн дагуу байгуулагдсан, бүрэн эрх бүхий, алагчлалгүй шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх эрх төдий бус, шүүх хуралдаанаас өмнө эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөө сонгох, ялласан, баривчилсан үндэслэлийг мэдэх, эрүү шүүлтэд өртөхгүй байх, хүнлэг нөхцөлд хоригдох, хэргийг цаг алдалгүй шийдвэрлүүлэх, нотлох баримт шалгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд талууд эрх тэгш байж, тэгш боломжоор хангагдах, ялгаварлан гадуурхлаас ангид байх зэрэг нь дээрх эрхийн хүрээнд багтаж байна.

Үүнээс үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан хүний шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн шинжтэй байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр нь тухайн хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж гаргасан шийдвэр бус, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гаргаж буй явцын буюу завсрын шинжтэй шийдвэр тул тус зохицуулалт нь Үндсэн хуулиар баталгаажсан шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх нь тухайн эрх зүйн маргааныг хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэж гаргасан шүүхийн шийдвэрт хамаарах ойлголт бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын (талуудын) хууль ёсны ашиг сонирхлыг хангахад чиглэгдсэн завсрын шинжтэй шийдвэрт гомдол гаргах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг шууд хөндөхгүй болно. Энэ талаар Үндсэн хуулийн цэц 2007 онд 09 дүгээр дүгнэлт, 2020 онд 07 дугаар дүгнэлт тус тус гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

4.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар заасан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан байна.

5.Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 7 дугаар зүйлд "Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. ..." гэж, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 26 дугаар зүйлд "Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш, үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой." гэж тус тус заасан болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж тус тус заасныг зөрчсөн байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ..." гэснийг зөрчөөгүй байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Б.БУЯНДЭЛГЭР

ГИШҮҮД Г.ТУУЛХҮҮ

Г.БАЯСГАЛАН

Ж.ЭРДЭНЭБУЛГАН

Д.ГАНГАБААТАР