A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 36 дугаар

 тогтоолын хавсралт                          

 

 

 

 ХҮҮХДИЙН МӨНГӨН ХУРИМТЛАЛЫГ ТӨРИЙН САНД БАЙРШУУЛАН

ХУРИМТЛУУЛАХ, БҮРТГЭХ, МӨНГӨН ХЭЛБЭРЭЭР ОЛГОХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Ирээдүйн өв сангийн 2022 оны орлогоос Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэн (цаашид "хүүхэд" гэх)-д хуримтлал үүсгэх, түүнийг бүртгэх, мөнгөн хэлбэрээр олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

 

1.2.Энэ журмын 1.1-д заасан хүүхэд бүрт 2022 оны төсвийн жилд Ирээдүйн өв санд төвлөрөх орлогоос хуульд заасан хэмжээгээр хуримтлал үүсгэж, Төрийн санд байршуулан хуримтлуулна.

 

Хоёр.Хүүхдийн мөнгөн хуримтлалд хамрагдах, хуримтлалыг

мөнгөн хэлбэрээр авах иргэний хүсэлтийг

хүлээн авах, хянан шийдвэрлэх

 

2.1.Нийгмийн халамжийн нэгдсэн систем (цаашид "халамжийн систем"  гэх)-д бүртгэлгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө хүүхдийн мөнгөн хуримтлалд хамрагдах өргөдлийг сум, хорооны нийгмийн ажилтанд хандан өөрийн биеэр, эсхүл халамжийн системд хандан цахим хэлбэрээр гаргана.

 

2.2.Хүүхдийн мөнгөн хуримтлалд шинээр хамрагдах өргөдөл, өргөдөл гаргасан эцэг, эхийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг иргэнээс шаардахгүйгээр халамжийн системээс татан бүрдүүлж, уг системд байршуулах боломжгүй, нэмэлтээр шаардагдах баримт бичгийг цахим хэлбэрт хөрвүүлж, хавсаргана.

 

2.3.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн хүүхдийн мөнгөн хуримтлалд шинээр хамрагдах өргөдлийг халамжийн системээр дамжуулан цахимаар гаргаж болно.

 

2.4.Халамжийн системд энэ журам хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгэлтэй хүүхэд бүрийг мөнгөн хуримтлалд хамрагдах хүсэлт гаргасанд тооцно. 

 

2.5.Энэ журмын 2.1-д заасны дагуу өргөдөл гаргахын өмнө арилжааны аль нэг банкийг сонгож, тухайн хүүхдийн нэр дээр данс нээлгэсэн байна.

 

2.6.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 91.4-т зааснаар хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө хүсэлтээ дараахь хэлбэрээс аль нэгийг сонгож, гаргана:

 

      2.6.1.халамжийн системээр дамжуулан цахимаар;

 

      2.6.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем (ebarimt)-ээр дамжуулан цахимаар;

 

      2.6.3.Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (emongolia)-аар дамжуулан цахимаар;

 

      2.6.4.сум, хорооны нийгмийн ажилтанд хандах;

 

      2.6.5.арилжааны банканд хандах.

 

2.7.Энэ журмын 2.6-д заасан хүсэлтийг сар бүрийн 15-ны өдрийн дотор нэг удаа гаргах бөгөөд тухайн сард хүсэлт гаргахдаа дараагийн саруудын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилж гаргаж болно.

 

2.8.Энэ журмын 2.6-д заасан хүсэлт гаргах эрх нь сар бүрийн 1-ний өдөр дахин сэргээгдэх бөгөөд өмнөх сард урьдчилж гаргасан сонголтыг өөрчилж болно. Хэрэв өмнөх сард хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргаагүй тохиолдолд нөхөн авах хүсэлтийг тухайн жилдээ багтаан гаргаж болно.

 

2.9.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдийн овог, нэр, регистрийн дугаар, арилжааны банкан дахь данс, шилжилт хөдөлгөөний мэдээллийг сар бүрийн 5-ны өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

2.10.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага төрсний, нас барсны, үрчилсний, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлд бүртгүүлсэн хүүхдийн регистрийн дугаар, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас авна.

 

2.11.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, иргэний харьяаллаа алдсан хүүхдийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас авна.

 

2.12.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн сарын хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, түүнээс мөнгөн хэлбэрээр авах хүүхдийн нэрсийн жагсаалт, нийт шилжүүлгийн хэмжээ болон өмнөх сарын хүүхдийн мөнгөн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүүхдийн нэрсийн жагсаалт, шилжүүлгийн дүнг цахимаар, нийт хүүхдийн тоо болон шилжүүлгийн хэмжээг албан бичгээр баталгаажуулж, сар бүрийн 18-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгж (цаашид "Төрийн сангийн газар" гэх)-д хүргүүлнэ.

 

2.13.Энэ журмын 2.12-т заасан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, нэгдмэл байдлыг Төрийн сангийн газар хариуцна.

 

2.14.Төрийн сангийн газар энэ журмын 2.12-т заасан мэдээллийн нийт мөнгөн дүн, тоо хэмжээ зөрчилгүй тохиолдолд банк хоорондын гүйлгээний системд боловсруулалтыг хийж төлбөрийг сар бүрийн 20-ны өдрийн дотор Төрийн сангийн үйл ажиллагааны журмын дагуу гүйцэтгэнэ.

 

2.15.Төрийн сангийн газар хүүхдийн мөнгөн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр олгосон багцын гүйлгээний буцаалтыг ажлын 3 хоногийн дотор багц гүйлгээний системээр хүлээн авч, хүүхдийн хуримтлалын дансанд бүртгэн нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдээллийг цахимаар хүргүүлнэ.

 

2.16.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхдийн мөнгөн хуримтлал, түүнээс мөнгөн хэлбэрээр олгосон олголтыг бүртгэж, хүүхэд бүрээр нэгдсэн мэдээллийн сан үүсгэн төрийн сан дахь мөнгөн хуримтлалын дансны үлдэгдэлтэй сар бүрийн 30-ны өдрийн дотор тооцоо нийлэн баталгаажуулна.

 

Гурав.Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд

байршуулах, хүү тооцох

 

3.1.Төрийн сангийн газар төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах, мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Ирээдүйн өв сангийн батлагдсан төсвийн дагуу Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн сангийн холбогдох дансанд байршуулан, хуримтлуулах бөгөөд хуримтлал төрийн сангийн дансанд байршсан хугацаанд Монголбанк, Сангийн яам хооронд байгуулсан "Төрийн сангийн төгрөгийн харилцах дансны үлдэгдэлд хүү төлөх гэрээ"-нд заасан хувь, хэмжээгээр хүү тооцож, жилийн эцэст олгоно.

 

3.2.Энэ журмын 3.1-д заасны дагуу тооцогдох хүүгийн зардлыг Монгол Улсын тухайн оны төсвийн тухай хуульд тусгасан хүүгийн зардлаас санхүүжүүлнэ.

 

Дөрөв.Хүүхдийн мөнгөн хуримтлалыг бүртгэх,

мөнгөн хэлбэрээр олгох

 

4.1.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхдийн мөнгөн хуримтлал болон мөнгөн хэлбэрээр олгосон олголтын мэдээллийг халамжийн системд хүүхэд тус бүрээр бүртгэл үүсгэнэ.

 

4.2.Хүүхэд 18 нас хүрэхэд энэ журмын 3.1-д заасан хүүхдийн мөнгөн хуримтлалыг тухайн хүүхдийн арилжааны банкан дахь нэрийн дансанд дараагийн сард шилжүүлнэ.

 

4.3.Энэ журмын 4.2-т заасан хугацаанаас өмнө хүүхэд нас барсан тохиолдолд энэ журмын 3.1-д заасан хүүхдийн мөнгөн хуримтлалыг тухайн хүүхдийн арилжааны банкан дахь нэрийн дансанд дараагийн сард шилжүүлнэ.

 

4.4.Энэ журмын 4.2-т заасан хугацаанаас өмнө хүүхэд Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд энэ журмын 3.1-д заасан хүүхдийн мөнгөн хуримтлалыг тухайн хүүхдийн арилжааны банкан дахь нэрийн дансанд дараагийн сард шилжүүлнэ.

 

4.5.Хүүхдийн мөнгөн хуримтлалд хамрагдах өргөдөл гаргасан бол тухайн сараас тооцож, хуримтлуулна.

 

4.6.Хүүхдийн мөнгөн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргасан боловч тухайн иргэнээс үл хамаарах шалтгаанаар тухайн сардаа хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авч чадаагүй бол хүсэлтийг үндэслэн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр нөхөн олгоно.

 

4.7.Хүүхдийн мөнгөн хуримтлалд хамрагдах болон хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ гаргасан боловч тухайн ондоо багтан дансанд нь ороогүй тохиолдолд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь үүсгэх хуримтлал болон мөнгөн хэлбэрээр олгох дүнгээр өглөг үүсгэж, дараа оны төсвийн жилд нөхөн олгоно.

 

4.8.Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвд амьдардаг хүүхдийн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах тохиолдолд асрамж, халамжийн төв нь хүүхдийг төлөөлөн хүсэлт гаргаж, тухайн хүүхдийн нэр дээрх хугацаатай хадгаламжийн дансанд шилжүүлэн авч болно. Хүүхдийн хадгаламжийн данснаас бэлэн мөнгөөр авахыг хориглоно.

 

4.9.Энэ журмын 4.8-д заасан данс нээлгэх ажлыг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага зохион байгуулна.

 

4.10.Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвд амьдардаг хүүхдэд нээлгэсэн хадгаламжийн дэвтрийг тухайн асрамж, халамжийн төв хадгалж, хүүхдийг 16 нас хүрч иргэний үнэмлэх авсны дараа өөрт нь хүлээлгэн өгнө. Хэрэв хүүхэд нас барсан тохиолдолд хадгаламжийн дэвтрийг өв залгамжлагчид нь хууль тогтоомжид заасны дагуу хүлээлгэн өгнө.

 

4.11.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан байгууллага нь энэ журмын 4.8, 4.9, 4.10-т заасан үйл ажиллагаанд хяналт тавина.

 

4.12.Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж хоёрдмол харьяалалтай болсон иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн хуримтлал олгохгүй.

 

4.13.Энэ журмын 2.1-д заасан иргэн хүүхдийн мөнгөн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах дансыг нэгтгэн нэг дансаар авах хүсэлтэй бол арилжааны банкандаа хандаж дансаа холбуулж болно.

 

Тав.Хүүхдийн мөнгөн хуримтлал, түүнээс мөнгөн хэлбэрээр

олгохыг зогсоох

 

5.1.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хүүхдийн мөнгөн хуримтлалыг зогсоох шийдвэр гаргана:

 

      5.1.1.хүүхэд 18 нас хүрсэн;

 

      5.1.2.хүүхэд нас барсан;

 

      5.1.3.хүүхэд Монгол Улсын харьяатаас гарсан;

 

      5.1.4.өөрийн хүсэлтээр хүүхдийн мөнгөн хуримтлал болон түүнээс мөнгөн хэлбэрээр авахаас татгалзсан;

 

      5.1.5.хуурамч баримт бичиг бүрдүүлэн хүүхдийн мөнгөн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авсан нь тогтоогдсон.

 

5.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоох шийдвэр гаргана:

 

      5.2.1.регистрийн дугаар давхардах болон өөр бусад шалтгаанаар хүүхдийн мөнгөн хуримтлалаас илүү олгогдсон;

 

      5.2.2.эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;

 

      5.2.3.эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан.
 

5.3.Энэ журмын 5.2.1-д заасан тохиолдол үүссэн бол дараа сарын мөнгөн олголтоос суутгана.

 

5.4.Энэ журмын 5.2.2-т заасны дагуу түр зогсоосон тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон харьяа сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.

 

5.5.Энэ журмын 5.2.3-т заасны дагуу мөнгөн олголтыг түр зогсоосон тохиолдолд орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.

 

Зургаа.Бусад

 

6.1.Сум, хорооны нийгмийн ажилтан иргэд, олон нийтийг хүүхдийн мөнгөн хуримтлалтай холбоотой мэдээллээр хангаж ажиллана.

 

6.2.Хүүхэд шинээр төрсөн, үрчлэгдсэн, нас барсан зэргээр тухайн гэр бүлд амьдарч байгаа хүүхдийн тоо өөрчлөгдсөн тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь энэ тухайгаа оршин суугаа орон нутгийн улсын бүртгэлийн байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд заавал мэдэгдэнэ. Мэдэгдээгүйн улмаас илүү олгогдсон мөнгөн хуримтлалыг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх бөгөөд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

6.3.Нийгмийн халамжийн болон улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, банкны ажилтны гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

6.4.Хүүхдийн мөнгөн хуримтлал, эсхүл мөнгөн хэлбэрээр олгосон хөрөнгийг барьцаалж зээл авах, олгох, банкны зээл суутгахыг хориглоно.

 

6.5.Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага эцэг, эх, асран хамгаалагчийг эрэн хайх, сураггүй алга болсон талаарх лавлагааг цагдаагийн байгууллагаас авна.

 

 

 

 

 

---о0о---