A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 498

Улаанбаатар хот

ХООЛНЫ ЗАРДЛЫН НОРМАТИВ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 40.2, 40.4.1-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг суралцагчийн хоногийн хоолны зардлыг 4300 (дөрвөн мянга гурван зуун) төгрөгөөр тогтоосугай.

2.Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдрах ахлах ангийн нэг суралцагчийн хоногийн хоолны зардлыг 4300 (дөрвөн мянга гурван зуун) төгрөгөөр, бага, дунд ангийн нэг суралцагчийн хоногийн хоолны зардлыг 4000 (дөрвөн мянган) төгрөгөөр тус тус тогтоосугай.

3.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь хэмжээг эцэг эх, асран хамгаалагчаас төвлөрүүлэх, зарцуулах, хяналт тавихад баримтлах аргачлалыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд боловсруулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

4.Энэ тогтоолын 1, 2-т заасан хоолны зардалтай холбогдон шаардагдах санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрийг 2023 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж, өр авлага үүсгэхгүй байхаар зохион байгуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, хоолны зардлыг хүүхэд-өдрөөр хянаж зөрүүг тооцож байхыг Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хоолны зардлын норматив тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаар тогтоолын 2 дахь заалт, "Хоолны зардлын норматив тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 83 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэ тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН