A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2026-05-23 00:06:28
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 170
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2026-06-08

Танилцуулга:

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны ... дугаар   сарын ...-ны өдөр            Улаанбаатар хот

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилго нь нийгмийн сүлжээнд хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, аюулгүй байдлыг хангах, нийгмийн сүлжээний үйлчилгээнд хамаарах гомдол, мэдээлэл шийдвэрлэх, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль нь нийгмийн сүлжээнд хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцаанд хамаарна.

3.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран энэ хуулийн үйлчлэлд хамаарна.

3.3.Энэ хуульд нарийвчлан зохицуулаагүй хүүхэд хамгааллын харилцааг Хүүхэд хамгааллын тухай хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."зохисгүй агуулга" гэж энэ хуулийн 8.1-т заасан "хориотой", "хортой" агуулгыг;

4.1.2."нас баталгаажуулах" гэж хэрэглэгчийн насыг итгэмжлэгдсэн эх сурвалжийн өгөгдөлд үндэслэн технологийн арга хэрэгслээр үнэн зөв тогтоож, үйлчилгээ авах насны босгыг хангаж буй эсэхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг;

4.1.3."нийгмийн сүлжээ" гэж хэрэглэгч бүртгэл үүсгэн оролцох, өөрийн болон бусдын үүсгэсэн мэдээлэл, зураг, дүрс бичлэг, дуу, бичвэр, шууд дамжуулалт зэрэг агуулгыг нийтлэх, түгээх, солилцох, сэтгэгдэл бичих, хуваалцах, дагах, бүлэг үүсгэх, харилцах боломж олгодог цахим хэрэглүүр /аппликэйшн/, цахим хуудас болон түүнтэй адилтгах үйлчилгээг;

4.1.4."нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч" гэж энэ хуулийн 4.1.3-т заасан үйлчилгээг нийтэд санал болгож буй этгээдийг;

4.1.5."харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч" гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 9.4-т заасан зөвшөөрөл бүхий этгээдийг;

4.1.6."хориотой агуулга" гэж хүүхдийн эрх, аюулгүй байдал, нэр төр, халдашгүй байдал, ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах, эсхүл хүнийг хууль бус үйл ажиллагаанд сэдэлжүүлэх, уруу татах шинжтэй, энэ хуулийн 8.2-т заасан агуулгыг;

4.1.7."хүүхдэд хортой агуулга" гэж хүүхдийн эрүүл мэнд, нас, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх энэ хуулийн 8.3-т заасан агуулгыг;

4.1.8."эцэг эхийн хяналтын хэрэгсэл" гэж хүүхдийн нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор ашиглах хандалтын хязгаарлалт, зохицуулалт болон шүүлтүүр бүхий техникийн шийдлийг.

5 дугаар зүйл. Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад баримтлах зарчим

Хэвлэх

5.1.Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад дараах зарчмыг баримтална:

5.1.1.хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих;

5.1.2.хүүхдийн аюулгүй, сайн сайхан байдлыг хангах зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон арга хэмжээ авах;

5.1.3.эрсдэлд суурилсан байх;

5.1.4.хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах;

5.1.5.хамтын оролцоог хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭРСДЭЛ БА ХАМГААЛАЛТ

6 дугаар зүйл. Технологийн хамгаалалтын арга хэмжээ

Хэвлэх

6.1.Нийгмийн сүлжээний үйлчилгээний эрсдэлийн түвшинд үндэслэн энэ хуульд заасан урьдчилан сэргийлэх болон хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

6.2.Нийгмийн сүлжээг 13 насанд хүрээгүй хүүхэд ашиглах буюу бүртгэл үүсгэхгүй.

6.3.Зохицуулалттай нийгмийн сүлжээнд 13–16 насны хүүхдийн хэрэглээнд дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ:

6.3.1.хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээ, түүний хугацаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хяналт тавих боломжийг бүрдүүлэх;

6.3.2.хүүхдийн хувийн мэдээлэл, байршил болон бүртгэлийн нууцлалыг хамгаалах анхдагч тохиргоо хэрэгжүүлэх;

6.3.3.зохисгүй агуулгын харагдац, түгээлт, санал болгох алгоритмыг хязгаарлах, тухайн агуулгыг хаах, мэдээлэх, гомдол гаргах технологийн боломжийг бүрдүүлэх;

6.3.4.танихгүй хэрэглэгчтэй харилцаа тогтоох, шууд дамжуулалт хийх боломжийг хязгаарлах;

6.3.5.зохисгүй агуулгыг мэдээлэх, гомдол гаргах, хаах технологийн боломжийг бүрдүүлэх;

6.3.6.хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжлийн онцлогт нийцсэн бусад технологийн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх.

6.4.Энэ хуулийн 6.2, 6.3-т заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор нас баталгаажуулах арга, хэрэгслийг ашиглана.

7 дугаар зүйл. Нийгмийн сүлжээний үйлчилгээний эрсдэлийн үнэлгээ

Хэвлэх

7.1.Нийгмийн сүлжээний үйлчилгээний эрсдэлийг дараах хүчин зүйлийг харгалзан үнэлнэ.

7.1.1.хэрэглэгчийн цар хүрээ;

7.1.2.системийн загварчлал, ажиллах зарчим;

7.1.3.түгээгдэж буй агуулгын шинж;

7.1.4.танихгүй хүнтэй шууд харилцах боломж;

7.1.5.мэдээлэл тархах боломж;

7.1.6.хэрэглэгчийн гомдол, мэдээллийн шийдвэрлэлт.

7.2.Нийгмийн сүлжээний үйлчилгээний эрсдэлийг үнэлэх журмыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

7.3.Энэ хуулийн 7.2-т заасан журмын дагуу Монгол улсаас 175,000-аас дээш хэрэглэгчтэй нийгмийн сүлжээний үйлчилгээнд, эсхүл иргэдийн гомдол, мэдээлэлд үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо эрсдэлийн үнэлгээ хийнэ.

7.4.Энэ хуулийн 7.3-т заасан үнэлгээнд үндэслэн зохицуулалттай нийгмийн сүлжээний үйлчилгээний жагсаалтыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийтэд мэдээлнэ.

7.5.Энэ хуулийн 7.4-т заасан жагсаалтад өөрчлөлт орсон тухай бүр нэмэгдсэн болон хасагдсан нийгмийн сүлжээ үйлчилгээ үзүүлэгчид Харилцаа холбооны зохицуулах хороо мэдэгдэл хүргүүлнэ.

7.6.Зохицуулалттай нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуулийн 7.5-т заасан мэдэгдэл хүргүүлснээс хойш 90 хоногт багтаан энэ хуулийн 11.1.5-т заасан шаардлагыг хангуулж, энэ тухай мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ.

7.7.Зохицуулалттай нийгмийн сүлжээнд энэ хуулийн 6.3-т заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.

8 дугаар зүйл. Зохисгүй агуулга

Хэвлэх

8.1.Зохисгүй агуулгыг хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөллийн түвшнээс хамааруулан хориотой агуулга, хүүхдэд хортой агуулга гэж ангилна.

8.2.Хориотой агуулгад дараах агуулга хамаарна:

8.2.1.хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн материал;

8.2.2.өөрийгөө гэмтээх, амиа хорлохыг зааварчилсан, уриалсан агуулга;

8.2.3.хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахуйц сорилт, даалгавар гүйцэтгэх, дуурайхыг өдөөсөн, зааварчилсан агуулга;

8.2.4.хүн худалдаалах, хүүхэд үрчлүүлэх, бэлгийн мөлжлөг зохион байгуулах, зуучлах, холбох, сурталчлах зар, мэдээлэл;

8.2.5.хүн болон амьтныг тарчлаан зовоох, амь нас хохироох, харгис хүчирхийллийн дүрслэл бүхий агуулга;

8.2.6.порнограф, садар самууныг ил тод дүрсэлсэн агуулга;

8.2.7.хүүхдийн утасны дугаар, иргэний бүртгэлийн дугаар, байршил, гэрийн хаяг, хүүхдийн эмзэг мэдээллийг нийтлэх;

8.2.8.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх, түгээх, хэрэглэх аргыг зааварчилсан агуулга.

8.3.Энэ хуулийн 8.2-т зааснаас бусад дараах шинж бүхий агуулгыг хүүхдэд хортой агуулгад хамааруулан ойлгоно. Үүнд:

8.3.1.хүүхдэд айдас төрүүлэх дүрслэл бүхий агуулга;

8.3.2.хүүхдийн нас, сэтгэхүйд тохироогүй хараал, доромжлол, ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт бүхий агуулга;

8.3.3.хүүхдийн нас, хөгжилд тохироогүй бэлгийн харилцаа, биеийн харилцаа, дотно харилцааны агуулга;

8.3.4.ёс суртахуун, гэр бүлийн харилцааг сөргөөр харуулсан

8.3.5.хүүхдэд хортой бусад агуулга.

8.4.Зохисгүй агуулгад хиймэл оюун, эвлүүлэг, дүрс, дуу, бичлэг хувиргах технологи ашиглан бодит бусаар бүтээсэн хориотой болон хүүхдэд хортой агуулга нэгэн адил хамаарна.

8.5.Хориотой агуулгыг нийгмийн сүлжээнд нийтлэх, түгээх, сурталчлахыг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ
ХАНГАХАД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ

9 дүгээр зүйл. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг

Хэвлэх

9.1.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн насны онцлогт нийцүүлэн нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих, хүүхдийг нийгмийн сүлжээний эрсдэлээс хамгаалах үүрэгтэй.

9.2.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

9.2.1.хүүхдийн ашиглаж буй нийгмийн сүлжээний үйлчилгээний талаар мэдлэгтэй байх, цахим ур чадвараа дээшлүүлэх сургалт, зөвлөгөөг холбогдох мэргэжлийн байгууллагаас авах;

9.2.2.хүүхдэд нийгмийн сүлжээний аюулгүй хэрэглээний мэдлэг олгох, эрсдэлээс өөрийгөө хамгаалах талаар зөвлөгөө өгөх;

9.2.3.хүүхдийнхээ ашиглаж буй харилцаа холбооны сүлжээний дугаарыг хүүхдийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар болон эцэг, эх, асран хамгаалагчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаарын хамт үнэн зөвөөр бүртгүүлэн, хэрэглээнд хяналт тавих;

9.2.4.гэр бүлийн орчинд хүүхдийн ашиглаж буй интернэтийг 18+ контентын шүүлтүүртэй байхаар тохиргоог идэвхжүүлэх;

9.2.5.эцэг эхийн хяналтын хэрэгслийг ашиглаж 13–16 насны хүүхдийн нийгмийн сүлжээний эрсдэлээс хамгаалах;

9.2.6.хүүхэд нийгмийн сүлжээнээс хэт хамааралтай байхаас урьдчилан сэргийлж, эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх;

9.2.7.хүүхдийг зохисгүй агуулгад өртөхөөс хамгаалах;

9.2.8.нийгмийн сүлжээнд зохисгүй агуулга нийтэлсэн, түгээсэн, сурталчилсан, эсхүл нийгмийн сүлжээнд хүүхдийн эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх.

9.3.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ хуулийн 9.2.3-т заасны дагуу хүүхдийн насаар баталгаажуулаагүй харилцаа холбооны сүлжээний дугаарыг хүүхдэд ашиглуулахыг хориглоно.

10 дүгээр зүйл. Боловсролын байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

10.1.Боловсролын байгууллага нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, суралцагчид нийгмийн сүлжээний эрсдэл, аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаарх мэдлэг, дадал, ур чадвар олгох урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй.

10.2.Боловсролын байгууллага нь энэ хуулийн 10.1-т заасан үүргээ биелүүлэх хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

10.2.1.эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид мэдлэг олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, зөвлөмж өгөх;

10.2.2.суралцагч нийгмийн сүлжээнд хариуцлагатай байх, бусдыг хүндэтгэх зан үйлд сургах;

10.2.3.суралцагчид нийгмийн сүлжээнд хувийн мэдээлэл хамгаалах, нууцлал, аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаарх мэдлэг, дадал олгох;

10.2.4.нийгмийн сүлжээнээс үүдэлтэй аливаа сөрөг нөлөөлөлд өртсөн суралцагчид шаардлагатай хүүхэд хамгааллын үйлчилгээ болон бусад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх;

10.2.5.сургуулийн орчинд зохицуулалттай нийгмийн сүлжээ ашиглахыг хязгаарлах.

10.2.6.нийгмийн сүлжээнд суралцагчийн эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх.

10.3.Боловсролын байгууллага нь сургалтын үйл ажиллагаа, даалгавар, үнэлгээ, суралцагчтай холбоотой мэдээлэл солилцоход боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрснөөс бусад нийгмийн сүлжээний үйлчилгээг ашиглахыг хориглоно.

11 дүгээр зүйл. Нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

11.1.Нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч дараах эрх, үүрэгтэй байна:

11.1.1.мэдээллийн аюулгүй байдлыг хангасан технологи ашиглан хэрэглэгчийн насны бүлгийг баталгаажуулан бүртгэх;

11.1.2.энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг хангах;

11.1.3.нийгмийн сүлжээнд нийтэлсэн, түгээсэн, сурталчилсан хориотой агуулгыг 2 цагийн дотор устгах;

11.1.4.энэ хуулийн 20.6-д заасан мэдэгдэлд үндэслэн хүүхдэд хортой агуулгад 48 цагийн дотор шаардлагатай технологийн арга хэмжээ авах;

11.1.5.зохицуулалттай нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч нь дээр дурдсанаас гадна дараах үүрэгтэй:

11.1.5.а.энэ хуулийн 6.3-т заасан технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;

11.1.5.б.нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүргийг биелүүлэхэд шуурхай дэмжлэг үзүүлэх төлөөлөгч томилж, Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх;

11.1.5.в. эрх бүхий байгууллагатай шууд харилцах суваг нээх;

11.1.5.г.Монгол Улсын хэрэглэгчийн тоон мэдээлэл, гомдол шийдвэрлэлт, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд ашиглаж буй технологийн шинэчлэлийн талаарх тайланг жил бүр Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэх;

11.2.Хэрэглэгчийн нас баталгаажуулах зорилгоор цуглуулж, ашигласан мэдээллийг нэн даруй устгах бөгөөд гуравдагч этгээдэд дамжуулах, задруулахыг хориглоно.

11.3.Энэ хуулийн 11.1.1-д заасан баталгаажуулалтыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. Хэрэглэгчийн насыг баталгаажуулахад харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчээс дамжуулсан насны бүлгийн мэдээллийг ашиглана.

12 дугаар зүйл. Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

12.1.Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:

12.1.1.үүрэн холбооны дугаарыг 16-аас доош насны хүүхдэд түүний овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар болон эцэг, эх, асран хамгаалагчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаарын хамт баталгаажуулан олгох;

12.1.2.хэрэглэгчийн нас баталгаажуулах зорилгоор хүний хувийн мэдээллийг тодорхойлох боломжгүй болгох технологи ашиглан нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид өгөгдөл дамжуулах;

12.1.3.энэ хуулийн 6.4-т заасан нас баталгаажуулахад шаардлагатай өгөгдлийг 12.1.2-д заасны дагуу дамжуулах нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хамтран ажиллах;

12.1.4.хэрэглэгчийн нас баталгаажуулах зорилгоор ашигласан мэдээллийг энэ хуульд зааснаас бусад этгээдэд дамжуулахгүй байх;

12.1.5.нас баталгаажуулах үйл явц, хүний хувийн мэдээллийн нууцлалыг хангах үйл ажиллагааны талаар хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр хангах;

12.1.6.нийгмийн сүлжээнд түгээсэн хориотой агуулгыг өөрийн сүлжээнд хязгаарлах технологийн арга хэмжээг хэрэгжүүлэх.

13 дугаар зүйл. Нийгмийн сүлжээ хэрэглэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

13.1.Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй байна:

13.1.1.зохисгүй агуулгын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх;

13.1.2.нас баталгаажуулах үйл явц дахь хүний хувийн мэдээллийн нууцлалыг хангах үйл ажиллагааны талаар мэдээлэл авах;

13.1.3.өөрийн нийгмийн сүлжээний бүртгэл, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах;

13.1.4.зохисгүй агуулгыг олон нийтийн сүлжээнд нийтлэхгүй, түгээхгүй, сурталчлахгүй байх;

13.1.5.эрх бүхий байгууллагын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ

14 дүгээр зүйл. Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

14.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.1.1.нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

14.1.2.нийгмийн сүлжээний болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийг энэ хуульд заасан үүргээ биелүүлэхэд хамтран ажиллах;

14.1.3.нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчтэй улс хоорондын, бүс нутгийн болон олон улсын гэрээ, хэлцлийн түвшинд хамтран ажиллах;

14.1.4.хуульд заасан бусад.

15 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

15.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.1.1.боловсролын байгууллага, сургуулийн орчинд нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

15.1.2.сургалтын хөтөлбөрт нийгмийн сүлжээнд аюулгүй байдлыг хангах агуулгыг үе шаттайгаар тусгах;

15.1.3.сургуулийн орчинд зөвшөөрөгдсөнөөс бусад нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлах ажлыг зохион байгуулах;

15.1.4.сургалтын үйл ажиллагаа, суралцагчтай холбоотой мэдээлэл солилцох зориулалтын программ хангамж нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

15.1.5.энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан Боловсролын байгууллагын чиг үүргийн хэрэгжилтийг зохион байгуулах, хангуулан ажиллах;

15.1.6.хуульд заасан бусад.

16 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

16.1.Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

16.1.1.нийгмийн сүлжээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах талаарх хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

16.1.2.холбогдох төрийн байгууллагатай хамтран нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, олон нийтэд чиглэсэн мэдлэг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;

16.1.3.нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын санаачилгад нэгдэх, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх;

16.1.4.нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах салбар дундын зөвлөлийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;

16.1.5.нийгмийн сүлжээнээс үүдэлтэй эрсдэлийг судалж, хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бүхий зохисгүй агуулгад дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг хүүхэд, гэр бүлийн, цахим хөгжил, харилцаа холбооны, хууль зүйн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах;

16.1.6.нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээний стандартыг боловсруулж, Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар батлуулах.

16.1.7.хуульд заасан бусад.

16.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон бусад салбарын мэргэжилтний нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг хүүхэд, гэр бүлийн, цахим хөгжил, харилцаа холбооны, боловсролын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

17 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

17.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.1.1.хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, олон нийт, мэргэжилтэнд зориулсан хүүхдийг нийгмийн сүлжээний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим ур чадвар олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

17.1.2.хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зориулсан нийгмийн сүлжээний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах, сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулах;

17.1.3.хүүхэд залуучуудын оролцооны байгууллага, хуулийн этгээд болон иргэд, олон нийтийн оролцоог хангаж, хамтран ажиллах;

17.1.4.хүүхдийн эрхийн улсын байцаагчид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах;

17.1.5.нийгмийн сүлжээнээс үүдэлтэй эрсдэлийг судалж, дүн шинжилгээ хийх, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах санал боловсруулж, дээд шатны байгууллагад уламжлах;

17.1.6.нийгмийн сүлжээнд эрх, ашиг нь хөндөгдөж, хохирсон хүүхдэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасны дагуу үйлчилгээ үзүүлэх;

17.1.7.хуульд заасан бусад.

18 дугаар зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүрэг

Хэвлэх

18.1.Харилцаа холбооны зохицуулах хороо нь нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.1.1.нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуулийн 6.3, 11.1.5-д заасан үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

18.1.2.нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийг үндэслэн шаардлагатай технологийн арга хэмжээг хэрэгжүүлэх;;

18.1.3.эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй хүргүүлэх.

18.1.4.хуульд заасан бусад.

19 дүгээр зүйл. Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн чиг үүрэг

Хэвлэх

19.1.Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв нь нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

19.1.1.энэ хуулийн үйлчлэлд хамаарах аливаа үйл ажиллагаа, хүүхдийн эрх, аюулгүй байдлын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, хүсэлтийг хүн, хуулийн этгээдээс хүлээн авч бүртгэх, холбогдох төрийн эрх бүхий байгууллагад шилжүүлэх, холбон зуучлах;

19.1.2.гомдол, мэдээллийн дагуу авсан арга хэмжээний талаарх тайланг харьяа дээд байгууллага болон холбогдох эрх бүхий байгууллагад улирал бүр мэдээлэх;

19.1.3.энэ зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах.

ТАВДУГААР БҮЛЭГ

ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ, ХЯНАН
ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

20 дугаар зүйл. Гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх

Хэвлэх

20.1.Хүн, хуулийн этгээд нь энэ хууль зөрчигдсөн болон нийгмийн сүлжээнд зохисгүй агуулга түгээгдэж байгаа талаар дараах сувгаар гомдол, мэдээлэл гаргана:

20.1.1.Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia), Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв,Иргэд олон нийттэй харилцах 11-11төв;

20.1.2.хүүхдийн эрхийн улсын байцаагч, цагдаагийн байгууллага, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25.12-т заасан зөвлөл;

20.1.3.бусад боломжит сувгаар.

20.2.Гомдол, мэдээлэлд дараах мэдээллийг тусгасан байна:

20.2.1.гомдол, мэдээлэл гаргагчийн овог, нэр, холбоо барих мэдээлэл;

20.2.2.хүүхдийн эрх, аюулгүй байдал зөрчигдсөн, эсхүл зохисгүй агуулга гэж үзсэн үндэслэл, тайлбар;

20.2.3.гомдол, мэдээлэлд хамаарах агуулгыг нийтэлсэн, түгээсэн, сурталчилсан этгээдийн нийгмийн сүлжээний хэрэглэгчийн мэдээлэл;

20.2.4.тухайн зохисгүй агуулгын цахим холбоос болон эх сурвалжтай холбоотой бусад мэдээлэл;

20.2.5.зураг, дүрс бичлэг, бусад нотлох баримт.

20.3.Энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан байгууллага гомдол, мэдээллийг хүлээн авч, гомдол, мэдээллийн агуулга, үүссэн нөхцөл байдлыг харгалзан дор дурдсан арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлнэ:

20.3.1.хүүхдийн эрхийн зөрчилгүй бол энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид хариу мэдэгдэх;

20.3.2.энэ хуулийн 8.2-т заасан хориотой агуулгын талаарх гомдол, мэдээллийг нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэх;

20.3.3.энэ хуулийн 7.3-т заасан нийгмийн сүлжээний талаарх гомдол, мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд шилжүүлэх;

20.3.4.энэ хуулийн 8.3-т заасан хүүхдэд хортой агуулгад холбогдох гомдол, мэдээллийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25.12-т заасан Зөвлөлд шилжүүлэх;

20.3.5.гомдол, мэдээлэл гэмт, хэрэг зөрчлийн шинжтэй тохиолдолд эрх бүхий этгээдэд харьяаллын дагуу шилжүүлэх;

20.4.Энэ хуулийн 20.3-т заасны дагуу гомдол мэдээллийг хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан, шийдвэрлэнэ.

20.5.Эрх бүхий албан тушаалтан хүүхдэд хортой агуулгыг тодорхойлсон даруйд технологийн арга хэмжээ авах талаарх доор шаардлагыг хангасан шийдвэрийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ:

20.5.1.Захиргааны ерөнхий хуулийн 40.2-т заасан шаардлагыг хангасан байх;

20.5.2.хэрэгжүүлэх технологийн арга хэмжээ /агуулгыг устгах, хандалтыг хаах, түр хязгаарлах/-ний төрлийг тодорхой тусгасан байх;

20.5.3.зохисгүй агуулга, зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийг байршуулсан цахим хаяг, цахим холбоос, хэвлэмэл баримт зэрэг шаардлагатай баримтыг хавсаргах.

20.6.Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 20.5-д заасан шийдвэрийг нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэнэ.

20.7.Гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд эрсдэл учрах нөхцөл тогтоогдвол эрх бүхий байгууллага, албан тушаалтан Хүүхэд хамгааллын тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасны дагуу үйлчилгээ үзүүлэх этгээдэд мэдэгдэнэ.

20.8.Нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч нь эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу технологийн арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлж, хэрэгжилтийн талаарх мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдэх үүрэгтэй.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

21 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

21.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

21.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

22 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

22.1.Энэ хуулийг 2027 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ

Төслийн хавсралтууд
Санал өгөх