A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 217

Улаанбаатар хот

ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.8, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15.1.1, 15.1.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий төрийн өмчийн оролцоотой "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийг байгуулсугай.

2. "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-д эзэмшүүлэхээр тогтоож, үлдэх 66 хувийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-д эзэмшүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлсний үндсэн дээр хуулийн этгээдийн дүрмийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Энх-Амгалан)-д тус тус даалгасугай.

3. "Ашигт малтмал хайх талбайн солбицол батлах, эрх олгох тухай" Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 110 дугаар тогтоолын 2 дахь заалтын "Эрдэнэс Монгол" ХХК гэснийг "Эрдэнэс Баянбогд" ХХК гэж өөрчилсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ашигт малтмал хайх, XV-022117 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Баянбогд" ХХК-д шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Энх-Амгалан) нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ