Хэвлэх DOC Татаж авах
ГАДААДЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 6 дугаар сарын 12-ны өдөрУлаанбаатар хот

ГАДААДЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь олон улсын байгууллага, хандивлагч орноос Монгол Улсын Засгийн газар зээл, тусламж /цаашид “гадаадын зээл, тусламж” гэх/ авах, түүнийг ашиглах, хэрэгжүүлэх төсөл боловсруулах, батлах, зээл, тусламжийн орлогыг төвлөрүүлэх, бүртгэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Гадаадын зээл, тусламжийг зохицуулах хууль тогтоомж

2.1.Гадаадын зээл, тусламжийг зохицуулах хууль тогтоомж нь Олон улсын гэрээний тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“гадаадын зээл” гэж олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож байгаа, эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгийн эх үүсвэрийг;

3.1.2.“гадаадын тусламж” гэж олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар эргэн төлөгдөх нөхцөлгүй, хүмүүнлэгийн болон буцалтгүй, техник туслалцааны хэлбэрээр Монгол Улсад олгож буй хөрөнгийн эх үүсвэрийг ;

3.1.3.“олон улсын байгууллага” гэж Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг;

3.1.4.“хандивлагч орон” гэж Монгол Улсад зээл, тусламж олгож буй гадаад улсыг;

3.1.5.“төсөл хэрэгжүүлэгч” гэж гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэхээр Засгийн газраас эрх авсан байгууллагыг;

3.1.6.“төсөл гүйцэтгэгч” гэж гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих тодорхой төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтаар шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагыг.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Гадаадын зээл, тусламжид тавих шаардлага

4.1.Гадаадын зээл, тусламжид дараахь шаардлага тавина:

4.1.1.дунд хугацааны хөгжлийн стратеги, хэтийн чиглэл, улсын төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдсан байх;

4.1.2.олон улсын байгууллага, хандивлагч оронтой гэрээ, хэлэлцээр хийхэд улс орны нийтлэг ашиг сонирхлыг харгалзах;

4.1.3.зээл хөнгөлөлттэй нөхцөлтэй байх;

/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.1.4.зөвлөх үйлчилгээний нийт зардал бага байх;

4.1.5.гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үзүүлэлтэд үйлдвэрлэлийн болон засвар үйлчилгээний өртөг, хууль тогтоомжийн дагуу техник технологи, эдийн засаг, нийгмийн болон байгаль орчны шаардлага, зээлийн үр өгөөжийг тооцож тусгасан байх;

4.1.6.төслийн зээлийн хувьд дотоодоос гаргах санхүүжилтийн дүнд дотоодын татвар, хураамжийн хөнгөлөлт, чөлөөлөлт, гэрээнд заасан бол дотоодоос нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, хөлсийг оруулан тооцох.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Гадаадын зээлээр хэрэгжүүлэх төсөл боловсруулах, сонгох, гэрээ, хэлэлцээр хийх

5 дугаар зүйл. Гадаадын зээлээр хэрэгжүүлэх төсөл боловсруулах, түүний гүйцэтгэгчийг сонгох

5.1.Гадаадын зээлийн талаархи бодлого, дунд хугацааны хөгжлийн стратеги, хэтийн чиглэлд нийцүүлэн тухайн салбар, орон нутгийн хэмжээнд гадаадын зээлээр хэрэгжүүлэх төслийг боловсруулах, төслийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг тухайн салбарын яам хариуцан боловсруулж, гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

5.2.Төсөл боловсруулах, түүний гүйцэтгэгчийг сонгох үйл ажиллагааг явуулахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, хэрэв талууд тохиролцсон бол зээл, тусламж олгож буй талын тогтоосон журмыг баримтална.

5.3.Гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн захиргааны бусад төв байгууллагаас ирүүлсэн төслийг хянаж, дунд хугацааны хөгжлийн стратеги, хэтийн чиглэл, улсын төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, ач холбогдол, нийгэм эдийн засгийн үр ашиг, хамтран ажиллагч талын бодлого, журамтай уялдуулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

5.4.Засгийн газар олон улсын байгууллага, хандивлагч оронд санал болгох төслийг нийгэм, эдийн засгийн үр ашиг, төсөл хэрэгжүүлэх хугацааг хянан хэлэлцэж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана.

5.4.1.төслийг дэмжиж, олон улсын байгууллага, хандивлагч оронд санал болгох;

5.4.2.шаардлагагүй гэж үзсэн төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад үндэслэл бүхий тайлбарын хамт буцаах.

Хэвлэх

6 дугаар зүйл. Гадаадын зээл, тусламж авах, гэрээ, хэлэлцээр хийх

6.1.Олон улсын байгууллага, хандивлагч орон зээл олгох, тусламж үзүүлэхээ албан ёсоор илэрхийлсэн нөхцөлд тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулна.

6.2.Гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын байгууллага, хандивлагч орон, тэдгээрийн эрх бүхий байгууллагатай хэлэлцээ хийхдээ холбогдох салбарын яам, агентлаг болон мэргэжлийн бусад байгууллагын төлөөллийг оролцуулна.

6.3.Гэрээ, хэлэлцээрийн төслийг хэлэлцэгч талууд харилцан зөвшилцөж үзэглэнэ.

6.4.Засгийн газраас тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд гадаадын зээл, тусламжийг авах гэрээ, хэлэлцээрт гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурна.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Гадаадын зээлийг хүлээн авах

7 дугаар зүйл. Гадаадын зээлийг хүлээн авах, ашиглах

7.1.Гадаадын зээлийн хөрөнгийг гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох яам, агентлагтай хамтран хүлээн авна.

7.2.Олон улсын байгууллага, хандивлагч орноос мөнгөн хэлбэрээр олгосон гадаадын зээлийн хөрөнгийг зээлийн гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Монголбанкин дахь төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ.

7.3.Бараа, бүтээгдэхүүний хэлбэрээр олгож буй гадаадын зээлийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирэх тухай бүр төрөл, тоо хэмжээ, үнэ, чанарыг хянан бүртгэж, төсөл хэрэгжүүлэгч гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хүлээн авна.

7.4.Энэ зүйлийн 7.3-т заасан бүртгэлийн журмыг гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

8 дугаар зүйл. Гадаадын зээлийг дамжуулан зээлдүүлэх

8.1.Зээлийг эргүүлэн төлөх дотоод эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор зээлийн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгчид гэрээний үндсэн дээр дамжуулан зээлдүүлнэ.

8.2.Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журам, гэрээний маягтыг Засгийн газар батална.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Төслийн хэрэгжилтэд хяналт тавих

9.1.Гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг хүлээн авах, ашиглах, тайлагнах үе шатанд тавих ерөнхий хяналтыг гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, өдөр тутмын хяналтыг холбогдох салбарын яам тус тус тавина.

9.2.Төсөл гүйцэтгэгч нь төслийн хэрэгжилтийн тайланг улирал, жилээр гаргаж, аудит хийлгэн төсөл хэрэгжүүлэгчид ирүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгч нь тайланг эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр хянуулж зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

9.3.Төслийн хэрэгжилтийн тайлан гаргах журам, хугацааг гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Гадаадын зээл, тусламжийн талаарх төрийн байгууллагын эрх

10 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

10.1.Улсын Их Хурал гадаадын зээл, тусламжийн асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.гадаадын зээл, тусламжийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

10.1.2.Засгийн газраас олон улсын байгууллага, хандивлагч оронтой байгуулсан зээлийн гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх, соёрхон батлах;

10.1.3.гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй Засгийн газрын хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;

10.1.4.гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хянан шалгах;

10.1.5.хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн дотоод эх үүсвэрийг батлах;

10.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

11.1.Засгийн газар гадаадын зээл, тусламжийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.төрийн бодлогод нийцүүлэн гадаадын зээл, тусламжийг авч хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж батлах;

11.1.2.гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийг хэлэлцэн шийдвэрлэх, олон улсын байгууллага, хандивлагч оронд санал болгох;

11.1.3.төслийн хэрэгжилт, гүйцэтгэлийн тайлан, мэдээг сонсох;

11.1.4.төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчийн гадаадын зээл, тусламжтай холбогдсон үйл ажиллагаа болон зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалтыг хянан шалгаж, шаардлагатай арга хэмжээ авах;

11.1.5.гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг захиран зарцуулах;

11.1.6.төсөл хэрэгжүүлэгчийг тогтоох;

11.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

12 дугаар зүйл. Гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

12.1.Гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний үндэслэл, тооцоо, судалгаанд техник, эдийн засгийн тооцоо, дүн шинжилгээ хийх;

12.1.2.хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн дотоод эх үүсвэрийн хэмжээг жил бүрийн улсын төсөвт тусгуулах, татвар, хураамжаас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх санал боловсруулах;

12.1.3.эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулан зээл авах санал боловсруулж, тухайн жилд шаардагдах зээлийн хэрэгцээг тодорхойлж Засгийн газарт оруулах;

12.1.4.төсөл хэрэгжүүлэгчтэй эргэн төлөгдөх нөхцөлтөйгөөр дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулах;

12.1.5.Монголбанкинд зээлийн төлбөр, гадаадын тусламжийн барааны борлуулалтын орлогын данс нээх, орлого төвлөрүүлэх, эргэлтийн сан байгуулах, төлбөр, тооцоо хийх;

12.1.6.зээлийн төлбөрийн хуваарийг хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрээр гаргаж, улсын төсөвт учруулж болох дарамт, нөлөөллийг тооцох, гадаадын зээл, тусламж болон гадаад зээлийн өрийн нэгдсэн бүртгэл хөтлөх;

12.1.7.гадаадын зээл, тусламжийн талаар шаардлагатай баримт бичиг, материалыг холбогдох этгээдээс гаргуулан авах, энэ талаар журам, заавар батлах;

12.1.8.хоёр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах талаар шаардлагатай арга хэмжээ авах;

12.1.9.гадаадын зээл, тусламж авах санхүү, хөрөнгийн шинэ эх үүсвэр эрэлхийлэх, хандивлагч орнуудын эгнээг өргөжүүлэх чиглэлээр яриа, хэлэлцээ хийх, уулзалт зохион байгуулах;

12.1.10.гадаадын зээл, тусламж, эдийн засгийн хамтын ажиллагааны стратеги, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд шаардлагатай бүтэц зохион байгуулалт бий болгох, өөрчлөлт хийх, гадаад улс, олон улсын байгууллагад эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн асуудлыг хариуцсан төлөөлөгч томилон ажиллуулах асуудлаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх.

Хэвлэх

13 дугаар зүйл. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

13.1.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаадын зээл, тусламжийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс олон улсын байгуууллага, хандивлагч оронд зээл, тусламж авах хүсэлтийг албан ёсоор тавих, ноот бичиг солилцох;

13.1.2.олон улсын байгууллага, хандивлагч орны гадаадын зээл, тусламжийн бодлого, чиглэлийн талаар судалгаа хийж, бусад байгууллага, албан тушаалтныг мэдээ, мэдээллээр хангах.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Яам, агентлагийн бүрэн эрх

14.1.Яам, агентлаг нь гадаадын зээл, тусламжийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.энэ хуулийн 5.1.-д заасан төсөл боловсруулах, санал хүсэлт гаргах, холбогдох мэдээ, мэдээллээр сонирхогч талуудыг хангах;

14.1.2.зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцох, шаардлагатай мэдээ, тайлан гаргах;

14.1.3.өөрийн хариуцсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангуулж дотоод хяналт тавих;

14.1.4.зээл, тусламжаар нийлүүлсэн эд хөрөнгийг нягтлан бодох бүртгэлд тусгуулах;

14.1.5.тусламжийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, борлуулалтын орлого, зээлийн төлбөрийг энэ хуулийн 12.1.5.-д заасан дансанд төвлөрүүлэх.

Хэвлэх

15 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

15.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь гадаадын зээл, тусламжийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх төслийг боловсруулж холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Засгийн газарт оруулах;

15.1.2.гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийн хэрэгжилтийг хангах ажлын зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих;

15.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
Гадаадын зээл, тусламжийн төлбөр, тооцоо

16 дугаар зүйл. Гадаадын зээлийн хөрөнгийн дотоод эх үүсвэрийг бүрдүүлэх, зээлийн өрийг төлөх

16.1.Гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаадын зээлийн хөрөнгийн дотоод эх үүсвэрийг Монголбанкинд нээсэн дансанд төвлөрүүлнэ.

16.2.Данс дахь хөрөнгийг Засгийн газрын эрх олгосноор гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиран зарцуулна.

16.3.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээлийг эргүүлж төлөх үйл ажиллагааг гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

16.4.Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийлүүлэгдэх бараанд албан татвар ногдуулахтай холбогдсон харилцааг тухайн төрлийн татварын хууль тогтоомжоор зохицуулна.

Хэвлэх

17 дугаар зүйл. Гадаадын зээлийн орлогын данснаас гүйлгээ хийх

17.1.Гадаадын зээлийн орлогын дансны гүйлгээг гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр Монголбанк гүйцэтгэнэ.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Гадаадын тусламжийн зохицуулалт

18 дугаар зүйл. Гадаадын тусламжийг хүлээн авах, ашиглах

18.1.Гадаадын тусламжийн хөрөнгийг гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох яам, агентлагтай хамтран хүлээн авна.

18.2.Бараа, бүтээгдэхүүний хэлбэрээр олгож буй гадаадын тусламжийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирэх тухай бүр төрөл, тоо хэмжээ, үнэ, чанарыг хянан бүртгэж, төсөл хэрэгжүүлэгч гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хүлээн авна.

18.3.Буцалтгүй тусламжийн барааг борлуулж хуримтлуулсан орлогыг Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу зарцуулна.

18.4.Энэ зүйлийн 18.2-т заасан бүртгэлийн журмыг гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

19 дүгээр зүйл. Гадаадын тусламжийн хөрөнгийг шилжүүлэх

19.1.Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн хөрөнгийг түүнийг хүлээн авахаар шалгарсан төсөл гүйцэтгэгчид гэрээний үндсэн дээр шилжүүлэх бөгөөд гэрээг гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулна.

19.2.Гэрээнд тусламжийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, зарцуулалтыг тайлагнах журмыг тусгана.

19.3.Техник туслалцааны хэлбэрээр олгож буй тусламжийн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгчид шилжүүлэхэд энэ зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэг нэгэн адил хамаарна.

Хэвлэх

20 дугаар зүйл. Тусламжийн орлогын сан бүрдүүлэх

20.1.Гадаадын буцалтгүй тусламжийг хүлээн авагч байгууллага нь тусламжийн бараа, бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлийн тухайн үеийн үнэ ханшаар худалдан борлуулах, борлуулалтын орлогыг энэ хуулийн 12.1.5-д заасан дансанд төвлөрүүлэн холбогдох баримт бичгийг гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 3 хоногийн дотор ирүүлнэ.

20.2.Гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тусламж үзүүлж буй хандивлагч орон тус бүр дээр тусгай дансыг Монголбанкинд нээж болно.

Хэвлэх

21 дүгээр зүйл. Гадаадын тусламжийн барааны орлогын данснаас гүйлгээ хийх

21.1.Гадаадын тусламжийн барааны орлогын дансны гүйлгээг гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр Монголбанк хийж гүйцэтгэнэ.

Хэвлэх


ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

22 дугаар зүйл. Гадаадын зээл, тусламжийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан

22.1.Гадаадын зээл, тусламжийн бүртгэл, мэдээллийн сан нь дараахь мэдээллээс бүрдэнэ:

22.1.1.гадаадын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл;

22.1.2.гадаадын тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ;

22.1.3.гадаад өр.

22.2.Бүртгэл, мэдээллийн санг гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлнө.

22.3.Гадаадын зээл, тусламжийн бүртгэл, мэдээллийн сан байгуулах, ашиглах журмыг гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

23 дугаар зүйл. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнд үнэлгээ өгөх

23.1.Яам төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай хамтран тухайн салбарт хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнд хагас жил тутамд хяналт, шинжилгээ хийх бөгөөд шаардлагатай бол холбогдох хяналтын байгууллага, албан тушаалтныг татан оролцуулж болно.

23.2.Тухайн жил хэрэгжсэн төсөл, арга хэмжээний үр дүнд өгөх эцсийн үнэлгээг энэ зүйлийн 23.1-д заасан хяналт, шинжилгээг үндэслэн гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын байгууллага, хандивлагч оронтой хамтран хийж баталгаажуулна.

Хэвлэх

24 дүгээр зүйл. Гадаадын зээл, тусламжийн хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага

24.1.Гадаадын зээл, тусламжийг зохицуулах хууль тогтоомжийг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Ж.БЯМБАДОРЖ