- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Төрийн ёслолын/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 4
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Төрийн ёслолын/
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн ёслолын журам"-д дор дурдсан агуулга бүхий 191, 192 дугаар зүйлийг тус тус нэмсүгэй:
"191. Их эзэн Чингис хааны хөшөөнд Хүндэт харуул хүндэтгэл үзүүлэх ёслол:
191.1. Их эзэн Чингис хааны хөшөөнд Хүндэт харуул хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг долоо хоног бүрийн Бямба, Ням гарагийн Морин цаг /11.40/-т зохион байгуулна.
191.2. Ёслолын ажиллагаа эхлэхээс өмнө Хүндэт харуулын 26 цэрэг Төрийн ордны урд талын баруун, зүүн жигүүрт хуваагдан жагсаж бэлэн болсон байна.
191.3. Төрийн ордны урд талбайд 11.40 цагт "Марш" аялгуу эгшиглэнэ.
191.4. Төрийн ордны урд талын баруун, зүүн жигүүрт байрлах Хүндэт харуулын цэрэг алхаж, Их эзэн Чингис хааны хөшөөний хоёр талаар жагсаалын алхаагаар өгсөн талбай, шат болон хөшөөний дэргэд дэлгэмэл байдлаар 7 минутын дотор байраа эзэлнэ.
191.5. Хүндэт харуулын цэрэг хөшөөний дэргэд 13 минут зогсох бөгөөд 12.00 цагт жагсаалын даргын командаар ёслолын алхаагаар буцаж бууна.
191.6. Ёслолын ажиллагааны үеэр иргэд дурсгалын гэрэл зураг авахуулж болно.
192. Төрийн далбааг мандуулах, буулгах ёслол:
192.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд Их жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагааг зохион байгуулна.
192.2. Хүндэт харуулын 18 цэрэг 08.55 цагт Төрийн ордны урд талын баруун, зүүн жигүүрээс жагсаалын алхаагаар алхаж Д.Сүхбаатарын хөшөөний хойно байрлах Төрийн далбааны суурийн дэргэд ирж зогсоно. Энэ үед "Марш" аялгуу эгшиглэнэ.
192.3. "Туг хүндэтгэх аялгуу" 9.00 цагт эгшиглэхэд баруун гар талд байрлах Хүндэт харуулын цэрэг далбаа баригчийн гар дээрээс Төрийн далбааг авч эвхээсийг задална. Далбаа баригч бүчүүдийг оосорт бэхлэн уяж, Төрийн далбааг мандуулахад бэлэн болгоно. Энэ үед далбаа баригчийн зүүн гар талд байрлах Хүндэт харуулын цэрэг гэдрэг нэг алхаж зогсоно.
192.4. Төрийн дуулал эгшиглэмэгц далбаа баригч Төрийн далбааг мандуулна. Төрийн дууллын 1 дүгээр бадгийн 3 дахь мөр эхэлмэгц далбаа баригчийн баруун гар талд байрлах Хүндэт харуулын цэрэг далбааг нэгэн зэрэг намируулан гэдрэг нэг алхаж далбааны зүг хараа гарган ёслоно.
192.5. Төрийн дууллын 2 дугаар бадгийн 2 дахь мөр дуусмагц далбаа баригч далбааг гүйцэд мандуулан гэдрэг нэг алхалж далбааны зүг хараа гарган ёслоно.
192.6. Далбааг мандуулж дууссаны дараа Хүндэт харуулын цэрэг Төрийн ордны урд талын баруун, зүүн талын жигүүр рүү жагсаалын алхаагаар буцна.
192.7. Нийтээр тэмдэглэх баярын өдрийн (дараалсан өдрүүд байх тохиолдолд сүүлийн өдрийн) 18.00 цагт Хүндэт харуулын цэрэг Төрийн ордны урд талын баруун, зүүн жигүүрээс жагсаалын алхаагаар алхаж Д.Сүхбаатарын хөшөөний хойно байрлах Төрийн далбааны суурийн дэргэд ирж зогсоно.
192.8. Төрийн дуулал эгшиглэмэгц Төрийн далбааг далбаа баригч буулгана. Төрийн далбааг буулгамагц Хүндэт харуулын цэрэг далбааны үзүүр хэсгийн хоёр булангаас хоёр гараагаа барихад далбаа баригч бүчүүдийг тайлна. Энэ үед далбаа баригч үзүүрийн хэсгийн улаан, цэнхэр хэсгийн заагийн хоёр талаас барьж өгөхөд үзүүрийн хэсгээс барьж буй Хүндэт харуулын цэрэг далбааны улаан хэсгийг дээш нугалан цэнхэр хэсэгтэй давхцуулан барьж буцаан доош нугалан соёмботой хэсгийг дээш харуулан барихад Хүндэт харуулын цэрэг соёмбо үсгийн хоёр талыг доош хагас нугалан давхарлаж эвхээд далбаа баригчийн хоёр гар дээр тавина. Энэ үед далбаа баригч тус тусын байранд очиж зогсоно.
192.9. Хүндэт харуулын цэрэг ёслолын алхаагаар Төрийн ордны баруун, зүүн талаар алхаж байрандаа буцна."
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Батлан хамгаалахын сайд Д.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A