A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 71

ЖУРАМ, ЧИГЛЭЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 8.2, 8.4, 8.7, Боловсролын тухай хуулийн 39.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам"-ыг 1 дүгээр, "Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэл"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай. (Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2014 оны 214 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 26 дугаар тогтоол, Засгийн газрын 2016-10-5-ны өдрийн 111 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолоор баталсан "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-д дараах өөрчлөлтийг оруулсугай:

2.1. журмын 2.3 дахь хэсгийг "Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна." гэж өөрчлөх;

2.2. журмын 2.6 дахь хэсгийн "…, амьжиргааны зардлыг суралцагчийн дансанд тус тус" гэснийг хасах.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3, 5 дугаар хавсралт, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 83 дугаар тогтоол, "Журамд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. /Энэ зүйлийг ЗГ-ын 2014-9-18-ны 287-р тогтоолоор өөрчилсөн/

4. Энэ тогтоолыг 2014-2015 оны хичээлийн жилийн эхнээс эхлэн мөрдөж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх

ухааны сайд Л.ГАНТӨМӨР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 264

Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. Энэ тогтоолын 1-д заасан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ыг батлагдахаас өмнө боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр болон тэтгэлгээр суралцах гэрээ байгуулсан иргэдийн сургалтын төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу санхүүжүүлж дуусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

3. Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны орон тооны хязгаарыг 32 байхаар тогтоосугай.

4. Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд зөвшөөрсүгэй.

5. Дээд боловсролын сургалтын байгууллагын чанар, үр дүнг сайжруулах, төрөөс сургалтын төлбөрөөр дамжуулан олгох санхүүжилттэй уялдуулан их, дээд сургуулиудыг үндэсний хэмжээнд эрэмбэлэн, чансаа тогтоох асуудлыг судалж, санал боловсруулан 2022 оны I улиралд багтаан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

6. Хөгжлийн тэргүүлэх мэргэжлийн чиглэл болон эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг 2022 оноос эхлэн 2 жил тутамд шинэчлэн, 2 дахь жилийн I улиралд багтаан нийтэд мэдээлж байх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт даалгасугай.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Оюутны талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 102, "Журам, чиглэл шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71, "Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 4, 5, 6, 7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН