Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн  холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг  эцэслэн шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГТООЛ

 

2015 оны 11 дүгээр сарын                                                                                                   Дугаар 09                                                                                                Улаанбаатар хот
           25-ны өдөр 

 

 

      

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн

7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн

холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг

эцэслэн шийдвэрлэсэн тухай

 

 

                                                                                Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                                                                       танхим 14.00 цаг.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар оролцов.

 

            Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэж заасны “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэн, Монгол Улсын Их Хурлын  2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай” 83 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

 

Нэг.  Иргэн    П.Баттулга,   М.Мөнхжаргал,   Б.Төрболд,    Б.Эрхэмбаяр

нараас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна:

 

 “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад Монгол Улсын Их Хурал  нь “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах” онцгой бүрэн эрхтэй гэжээ. Үүнийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад хуульчлахдаа Улсын Их Хурлын гишүүнд Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах бүрэн эрхийг олгосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа болно. Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санаачилгыг хэдийд ч гаргаж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой болсон жишиг тогтсоор өдийг хүрлээ. Ийнхүү Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах бүрэн эрхийг олгосон нь Засгийн газрын кабинетын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулах шалтгаан болж байна.

 

          Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.”,  Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэсэн нь Монгол Улсын Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг кабинетын зарчмаар ажилладаг болохыг тодорхойлж байна. Засгийн газар кабинетын зарчмаар ажиллах гол агуулга нь Ерөнхий сайд дангаараа салбарын сайд нарынхаа ажлын талаар парламентын өмнө хариуцах бөгөөд Ерөнхий сайд ямар багтай ажиллахаа өөрөө шийднэ гэсэн хууль зүйн логик байна.

 

          Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор Засгийн газрын бүрэн эрх эхэлдэг бөгөөд Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхээр Үндсэн хуульд заасан тул Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах саналтай байгаа бол тэрхүү саналаа эхлээд Ерөнхий сайдад тавьж уг саналыг хүлээж аваад тухайн Засгийн газрын гишүүнийхээ асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэж үзэж байна.

 

          Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.” гэсэн нь Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүнд Засгийн газрын гишүүнийг огцруулах санаачилга гаргах бүрэн эрхийг олгоогүй, харин Улсын Их Хурлын 19 ба түүнээс дээш гишүүнд Засгийн газрыг огцруулах санаачилгыг хамтарч гаргахыг зөвшөөрчээ.

 

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах...”. гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэжээ.

 

Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлжээ. Үүнд:

 

“1/ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хурал нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс гадна Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг Монголбанкны Ерөнхийлөгч, Хүний эрхийн Үндэсний комисс, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг томилдог тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад заасан “томилогддог албан тушаалтан” гэдэгт зөвхөн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн байна гэж үзэх боломжгүй.

 

2/ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал нь дээрх байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, эдгээр байгууллагын албан тушаалтанд асуулга тавих, асуулт тавьж хариулт авах, тэдэнтэй холбогдсон ажил хэрэг, ёс зүйн зөрчлийг шалгаж, санал дүгнэлт гаргах зэрэг хэлбэрээр хяналт тавих бөгөөд үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн дээрх албан тушаалтнуудыг огцруулах санал гаргах эрхтэй.

 

Энэ нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасан онцгой бүрэн эрхээ Улсын Их Хурлын гишүүний саналаар дамжуулан хэрэгжүүлэх нэг хэлбэр юм.

 

3/ Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд заасны дагуу Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно. Ийнхүү томилогдсон Засгийн газрын гишүүн нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, хариуцсан салбарын үр дүнг Ерөнхий сайдын өмнө дангаараа хариуцна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын бүтцийн байгууллага болох Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүд тайлангаа хэлэлцүүлж, өөрийг нь томилсон Улсын Их Хурлын хяналтад багтдаг байна.

 

Ийнхүү нэг талаас Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас нь огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хариуцлага тооцуулах, нөгөө талаас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд гаргах боломжтой. Дээрх саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар огцруулах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээр огцрох бөгөөд энэ нь Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл болно.

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын “Улсын Их Хурлаас ... томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, ... тэдгээрийг ... огцруулах ...” гэсэн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс гадна Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг олон байгууллагын албан тушаалтанд хамааралтай төдийгүй, “илтгэл, сонсгол хэлэлцүүлэх”, “тэдгээрийг огцруулах” гэсэн нь албан тушаалтны хариуцлагыг дээшлүүлсэн, Улсын Их Хурлын хянан шалгах эрхийг баталгаажуулсан хоорондоо уялдаа холбоотой зохицуулалт юм.

 

Дээр дурдсаныг үндэслэн тус заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ.

 

Гурав. Монгол Улсын Засгийн газраас уг маргаанд холбогдуулан дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн байна.

 

“1. Монгол Улсын Засгийн газар гэсэн нэр томьёо, ухагдахуунд Ерөнхий сайд, гишүүд хамаарна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүд мөн.

 

2. Засгийн газар /Ерөнхий сайд, гишүүд/ нь үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалттайгаар явуулах учиртай бөгөөд бүрэн эрх нь Монгол Улсын Ерөнхий сайд томилогдсоноор эхэлж, шинэ Ерөнхий сайд томилогдсоноор дуусгавар болж байна.

 

Засгийн газрыг эмхлэн байгуулах болон хууль тогтоох эрх мэдлийн зүгээс буюу Улсын Их Хурлын гишүүдийн санаачилгаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах журмыг Үндсэн хуульд тусгайлан заасан бөгөөд хүндэтгэн үзэх болон бусад шалтгаанаар тэдгээрийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхтэй холбогдсон харилцааг Үндсэн хуулийн органик хууль болох Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлээр зохицуулж байна.

 

3. Огцруулах, чөлөөлөх ойлголт нь агуулгын хувьд ялгаатай. Монгол Улсын Үндсэн хууль, түүний органик хууль болох Засгийн газрын тухай хуульд Засгийн газар /Ерөнхий сайд, гишүүд/-ыг огцруулах болон чөлөөлөх санал гаргах нөхцөл, журмыг харилцан адилгүй байдлаар тусган хуульчилсан. Тухайлбал, тодорхой шалтгааны улмаас буюу бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл Ерөнхий сайдын, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагасын санаачилгаар, мөн түүнчлэн Ерөнхийлөгчийн саналаар тус тус огцруулах асуудлыг хэлэлцдэг.

 

Харин биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нөхцөлд чөлөөлж өгөх хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хуралд, Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлсний дараа Ерөнхий сайд, Засгийн газар гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцдэг байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж хуульчилсны дагуу Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 5 дугаар сарын 6-ны өдөр баталсан Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүн нь биеийн эрүүл мэндийн  байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд албан тушаалаасаа чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр, мөн зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхтой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болохоор тус тус хуульчилсан нь Засгийн газар танхимын зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулдгийг, Засгийн газрын гишүүнийг огцруулах, чөлөөлөх асуудлыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гагцхүү Ерөнхий сайдын санаачилгаар шийдвэрлэх шаардлагатайг тодотгосон зохицуулалт болно.

 

4. Улсын Их Хурлын санаачилгаар Засгийн газрыг огцруулах тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьсан байх шаардлагатай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүд тул дээр дурдсан хуулийн шаардлага Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлыг шийдвэрлэхэд аль алинд нь хамаарна гэж үзэж болохоор байна.

 

Улсын Их Хурлын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд буюу уг хуульд зааснаас өөр журмаар Засгийн газар /Ерөнхий сайд, гишүүд/-ыг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүний “хууль санаачлах эрх” энэ тохиолдолд мөн хуулийн Дөчин гуравдугаар зүйлээр хязгаарлагдаж байгаа болно.

 

5. Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх огцруулах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх болох нь тодорхой байна.

 

Харин Үндсэн хуулийн органик хууль болох Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд шаардлагатай тохиолдолд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг тухай бүр Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх хууль зүйн боломж нээлттэй юм. Энэхүү зохицуулалт нь эрх мэдлийг харилцан хамаарал, хяналт, тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх зарчимд нийцэж байгаа бөгөөд Засгийн газар чиг үүргээ парламентын хяналт дор харьцангуй хараат бусаар тогтвортой хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой зохицуулалт юм.

 

Монгол Улсын Үндсэн хуульд аливаа хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохих тул Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад заасан Улсын Их Хурлын гишүүн “огцруулах санал гаргах” гэснийг Засгийн газар /Ерөнхий сайд, гишүүд/-т хамаарахгүй байхаар өөрчилж, Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх нь зүйтэй байна.” гэжээ. 

 

Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 11 дүгээр дүгнэлт гаргасан байна.

 

Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт:

“1. Улсын Их Хурлын гишүүн хууль санаачлах, аливаа асуудлаар санал гаргах эрхтэй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж заасан тул Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал Ерөнхий сайдын эрх хэмжээнийх байхаар зохицуулжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний  “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.”, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж заасан нь Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг, танхимын зарчмаар ажиллах ёстойг нотолж байна. Гэтэл Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд өргөн мэдүүлэхгүйгээр, Улсын Их Хурлын гишүүний саналаар Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна.

 

3. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Засгийн газрын ... бүрэлдэхүүн, түүнд ... өөрчлөлт оруулах ...” гэснийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “... Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа ...” гэж дэлгэрүүлэн зохицуулсан байна.” гээд

 

Уг дүгнэлтийн дүгнэлт гаргах хэсэгт:

“1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

 

 2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэж заасны “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.” гэсэн болно.

 

Тав. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай” 83 дугаар тогтоолд:

 

 “1.“Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах...” гэсний “... томилогдсон … огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ.

 

Зургаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

            “Монгол Улсын Их Хурал 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ... Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн Улсын Их Хурлын 83 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлан хүргүүлж байна:

 

            1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ: ... 6. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;” гэж заасан.

 

            ... Монгол Улсын Их Хурал нь Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхээ Улсын Их Хурлын гишүүний саналаар дамжуулан хэрэгжүүлэх бөгөөд уг асуудлыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтаар дэлгэрүүлэн зохицуулсан болно.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж заасан.

 

            Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулах болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох асуудал нь хууль зүйн өөр өөр ойлголт учраас тухайн асуудлыг Улсын Их Хуралд өөр өөр байдлаар зохицуулсаар ирсэн. Тухайлбал, Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэх бөгөөд чухам хэдэн гишүүнтэй байхыг Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад зааснаар бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоож, өөрчилдөг. Энэ ч үүднээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг байн байн өөрчлөх нь ажил хэргийг завсардуулж, эзэнгүйдүүлж, иргэдийг чирэгдүүлж, төрийн албыг хүчгүйдүүлж, удирдлагын чадавх, үр нөлөөг бууруулдаг тул түүнийг тогтвортой байлгах зорилгоор хуулиар тогтоож, өөрчлөлтийг мөн хуулиар шийдвэрлэдэг.

 

            Харин Ерөнхий сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал хүн нэг бүрээр хэлэлцэж томилохоор зохицуулсан байдаг.

 

            ... Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг хэрэгжүүлэх арга замыг зохицуулсан, тухайн зохицуулалтыг дэлгэрүүлэн зохицуулсан зохицуулалт бөгөөд уг зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн нь улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт болон Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг өөр хоорондоо зөрчилтэй байна гэж үзэх бүрэн үндэслэлийг бий болгож байна.

 

            Үндсэн хуулийн өөр хоорондоо зөрчилтэй гэсэн зохицуулалтыг зөвхөн хууль тогтоогч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой болно.

 

            2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс гадна хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын буюу Монголбанкны Ерөнхийлөгч, Хүний эрхийн Үндэсний комисс, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийн асуудал ч хамаарч байгаа болно.

 

            Гэтэл тухайн Цэцийн дүгнэлтээр түдгэлзүүлсэн заалт нь маш өргөн хүрээг хамарч байгаа атал Үндсэн хуулийн цэц зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааны нөхцөл байдлыг дүгнэж түдгэлзүүлж байгаа нь хэт өрөөсгөл болсон байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал нь дээрх байгууллагын тайлан мэдээлэл, илтгэл сонсох, эдгээр байгууллагын албан тушаалтанд асуулга тавих, асуулт тавьж хариулт авах, тэдэнтэй холбогдсон ажил хэрэг, ёс зүйн зөрчлийг шалгаж, санал дүгнэлт гаргах зэрэг хэлбэрээр хяналт тавих бөгөөд үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн дээрх албан тушаалтнуудыг огцруулах санал гаргах эрхтэй.

 

            Энэ нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасан онцгой бүрэн эрхээ Улсын Их Хурлын гишүүний саналаар дамжуулан хэрэгжүүлэх нэг хэлбэр юм. Гэтэл уг онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг шууд үгүйсгэж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг ойлгомжгүй болгосон байна.

 

            Иймд Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 83 дугаар тогтоолыг баталсныг үүгээр уламжилж байна.” гэсэн байна.

 

                                                                                                                                         ҮНДЭСЛЭЛ:

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, 3; Дөчдүгээр зүйлийн 2; Дөчин нэгдүгээр зүйлийн 1; Дөчин гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, ажлаа Улсын Их Хурлын өмнө хариуцах, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа Ерөнхий сайдын бүрэн эрх эхэлж, дуусгавар болохтой шууд хамааралтай байх, Ерөнхий сайдын саналаар Засгийн газрыг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг хуульчилж Монгол Улсын Засгийн газар нь танхимын зарчмаар үйл ажиллагаагаа явуулах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг тусгасан байна.

 

Хууль тогтоогч Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлд Засгийн газрын үйл ажиллагааны зарчмыг тогтоосон ба үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээхээр заасан.

 

 

2. Үндсэн хууль болон холбогдох хуулиар баталгаажуулсан дээрх зарчмын хүрээнд, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. ...” гэж заасны дагуу Засгийн газрын бүрэлдэхүүнийг санал болгох, түүнд өөрчлөлт оруулах буюу Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын шинэ гишүүнийг томилох асуудалд Ерөнхий сайдын санал шийдвэрлэх үүрэгтэй.

 

Гэтэл Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүй буюу түүний саналгүйгээр Улсын Их Хурлын нэг гишүүний саналыг үндэслэн Улсын Их Хурал шууд хэлэлцэн шийдвэрлэх боломжийг  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт бүрдүүлсэн байгаа нь эрх мэдэл хуваарилах болон танхимын зарчмын талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг алдагдуулан, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж, улмаар Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. ...”; Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 11 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна.

 

4. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай” 83 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу  Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн шийдвэрийн үндэслэлийг заагаагүй байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл; Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг; 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон

 

                                                                                           МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. ...”; Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

 

2. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай” 83 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

                                                                              ДАРГАЛАГЧ                                                            Ж.АМАРСАНАА

                                                             ГИШҮҮД                                                                    П.ОЧИРБАТ

Т.ЛХАГВАА

Ш.ЦОГТОО  

                                Д.СУГАР

                Д.НАРАНЧИМЭГ

                Д.СОЛОНГО  

                                                                                                                                                                Д.ГАНЗОРИГ