A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 369

Улаанбаатар хот

ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.76, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 8.7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Орон сууцны тухай хуулийн 4.1.3, 4.1.4, Агаарын тухай хуулийн 13.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2023 оны 483 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нарт даалгасугай.

3. Улсын төсвөөс олгох орон сууцны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн хүүг 1 (нэг) хувь хүртэл бууруулж, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд арилжааны банкны эх үүсвэрийг татан оролцуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан нарт үүрэг болгосугай.

4. "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам" батлагдсантай холбогдуулан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой орон сууцны хөнгөлөлттэй зээлийн холбогдох гэрээ байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт зөвшөөрсүгэй.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 137 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

6. Энэ тогтоолын 1 дэх заалтыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР