A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 03 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ

/Шинэчилсэн найруулга/

I ХЭСЭГ

ЕРӨНХИЙ АНГИ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгох эрх зүйн үндсийг тогтоож, Монголын Татварын алба /цаашид "Татварын алба" гэх/, татвар төлөгч болон энэ хуулийн дагуу татварын албаны өмнө үүрэг хүлээсэн бусад этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Татварын хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Татварын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль нь татвар төлөгч, татварын алба болон татварын хууль тогтоомжийн дагуу түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна.

3.2.Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ.

3.3.Энэ хуулийн 3.2-т заасны дагуу тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль, зүйл, хэсэг, заалтыг тодорхойлох боломжгүй бол аль сүүлд батлагдсан хууль, хуулийн зүйл, хэсэг, заалтыг баримтална.

4 дүгээр зүйл.Татвар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох

Хэвлэх

4.1.Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй:

4.1.1.хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь, хэмжээг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу тогтворжуулах;

4.1.2.чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэмийг Чөлөөт бүсийн тухай хуулиар тогтоож, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг татварын холбогдох хуулиар зохицуулах.

4.2.Татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татварын хувь, хэмжээ болон татварын суурийг бууруулахтай холбогдсон хуулийн төслийг тухайн жилийн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт боловсруулна.

5 дугаар зүйл.Татварын үйл ажиллагаанд баримтлах зарчим

Хэвлэх

5.1.Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

5.1.1.зайлшгүй байх;

5.1.2.тодорхой байх;

5.1.3.шударга байх;

5.1.4.үр ашигтай байх.

6 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

6.1.Татварын хууль тогтоомжид хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

6.1.1."ажил гүйлгээний ашиг хуваах арга" гэж хяналтад байгаа ажил гүйлгээний ашгийг тухайн ажил гүйлгээнд оролцсон харилцан хамаарал бүхий талуудад эдийн засгийн үндэслэлтэй хуваарилж, түүнтэй харьцуулагдах бие даасан ажил гүйлгээний ашгийн түвшинтэй харьцуулан тухайн хяналтад байгаа ажил гүйлгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг;

6.1.2."ажил гүйлгээний цэвэр ашгийн арга" гэж хяналтад байгаа ажил гүйлгээний цэвэр ашгийн түвшний үзүүлэлтүүдийг түүнтэй харьцуулагдах бие даасан ажил гүйлгээний цэвэр ашгийн түвшний үзүүлэлтүүдтэй харьцуулан тухайн хяналтад байгаа ажил гүйлгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг;

6.1.3."ажлын өдөр" гэж долоо хоногийн Бямба, Ням гараг болон нийтээр тэмдэглэх баярын өдрөөс бусад өдрийг;

6.1.4."албадан гүйцэтгэх ажиллагаа" гэж шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, барьцааны эрхээс барьцаа гаргуулах, татвар төлөгчтэй холбоотой дампуурлын хэрэг үүсгэх, татварын өр хураах үйл ажиллагааг;

6.1.5."албан татвар" гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг;

6.1.6."бодит үнэ тодорхойлох зарчим" гэж харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн ажил гүйлгээний нөхцөл татварын зорилгоор түүнтэй харьцуулж болох бие даасан ажил гүйлгээний нөхцөлөөс ялгаатай байгаагаас татварын суурь багассан бол тухайн ажил гүйлгээний бодит үнийг тодорхойлж, татварын ногдолд тохируулга хийхийг;

6.1.7."үнэ шилжилтийн тохируулга хийх арга" гэж бодит үнэ тодорхойлох зарчмын дагуу харилцан хамаарал бүхий этгээд хооронд хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг;

6.1.8."групп" гэж санхүүгийн тайлагналын зорилгоор нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг, эсхүл аль нэг аж ахуйн нэгжийн хувьцаа хөрөнгийн биржид нээлттэй арилжаалагдах үед нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг, өмчлөл болон удирдлагын хувьд хамааралтай аж ахуйн нэгжүүдийг;

6.1.9."дамжуулан борлуулах үнийн арга" гэж хяналтад байгаа ажил гүйлгээний нийт ашгийн түвшинг түүнтэй борлуулалтын орлогын хувьд харьцуулагдах бие даасан ажил гүйлгээний нийт ашгийн түвшинтэй харьцуулан тухайн хяналтад байгаа ажил гүйлгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг;

6.1.10."дотоод харьцуулалт хийх ажил гүйлгээ" гэж татвар төлөгчийн харилцан хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйлгээ болон бие даасан этгээдтэй хийсэн ажил гүйлгээг;

6.1.11."жишиг үнийн арга" гэж татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг, тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг;

6.1.12."итгэмжлэгдсэн төлөөлөгч" гэж татвар төлөгчийн эрх ашгийг итгэмжлэл болон гэрээний үндсэн дээр төлөөлж, татварын албатай харилцах эрх, үүрэг бүхий итгэмжлэгдсэн этгээдийг;

6.1.13."нөхөн ногдуулалт" гэж энэ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн татварын албанаас тодорхойлсон татварын дүнг;

6.1.14."нөхөн ногдуулалтын акт" гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг;

6.1.15."нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийг татварын алба хянан, баталгаажуулсан баримт бичгийг;

6.1.16."оршин суугчийн гэрчилгээ" гэж татвар төлөгчийг тухайн татварын жилд тус улсын оршин суугч татвар төлөгч мөн болохыг нотолж тухайн улсын татварын албанаас тогтсон загварын дагуу үйлдсэн баримт бичгийг;

6.1.17."өртөг дээр нэмэх арга" гэж хяналтад байгаа ажил гүйлгээний нийт ашгийн түвшинг түүнтэй зардлын бүтцийн хувьд харьцуулагдах бие даасан ажил гүйлгээний нийт ашгийн түвшинтэй харьцуулан тухайн хяналтад байгаа ажил гүйлгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг;

6.1.18."татварын схем" гэж татварын ашиг хүртэх үндсэн зорилгоор хэрэгжүүлэх татвараас зайлсхийх үйл ажиллагааг;

6.1.19."суутган төлөгч" гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг;

6.1.20."татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөхүүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг;

6.1.21."татвар төлөгчийн гэрчилгээ" гэж татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас татвар төлөгчид олгосон, татвар төлөгчийн дугаартай, татварын төрлийн мэдээллийг тусгасан тусгай нууцлалын кодоор баталгаажсан, цахим болон цаасан баримт бичгийг;

6.1.22."татвар төлөгчийн дугаар" гэж татварын албанаас татвар төлөгчид олгосон татвар төлөгчийн бүртгэлийн нэгдсэн системийн дахин давтагдашгүй дугаарыг;

6.1.23."татвар төлөхөөс зугтах" гэж татвар төлөгч татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл нуух зорилгоор татварын хууль тогтоомж зөрчих үйлдэл, эс үйлдэхүйг;

6.1.24."татвараас зайлсхийх" гэж татварын ногдлыг бууруулах, татварын суурь багасгах, эсхүл алдагдлыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан нөхцөлийг бүрдүүлж байгаа татвар төлөгчийн үйлдлийг;

6.1.25.“татварын алба” гэж татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, хот, дүүргийн татварын газар, хэлтэс, сум, тосгоны татварын тасаг, татварын улсын байцаагч, хураагчийг;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

6.1.26."татварын акт" гэж татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, татварын буцаан олголтын актыг;

6.1.27."татварын буцаан олголтын акт" гэж татварын албаны үндэслэлгүйгээр илүү хураасан мөнгөн дүнд алданги тооцож олгоход үйлдэх баримт бичгийг;

6.1.28."татварын жил" гэж тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг;

6.1.29."татварын тайлан" гэж татварын албанаас баталсан маягтын дагуу татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан татварын суурь, албан татвар, төлбөр, хураамжийн ногдлын хэмжээг тодорхойлж, тайлагнах хуудсыг;

6.1.30."татварын улсын байцаагч" гэж энэ хуулийн дагуу татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, татвар төлөгчид үйлчлэх, татвар хураах, тайлан хүлээн авах, хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий татварын албанд ажилладаг, эрх олгогдсон төрийн захиргааны албан хаагчийг;

6.1.31."татварын өр хураах зардал" гэж татварын өр барагдуулах үйл ажиллагаанд хамаарах хөрөнгийн битүүмжлэл, суутгалын хүсэлт, битүүмжилсэн хөрөнгийн хадгалалт, тээвэрлэлт, дуудлага худалдаа явуулах, үнэт цаас болон биет бус хөрөнгийн эрхийг хураах, хуваарилахтай холбоотой гарсан зардлыг;

6.1.32."татварын хялбаршуулсан горим" гэж татварын бүртгэл, ногдуулалт, хувь хэмжээ, тайлагнал, төлөлтийн тусгайлсан үйл ажиллагааны нийлбэр цогцыг;

6.1.33."татварын суурь" гэж тодорхой дүн, эсхүл хувиар татварын ногдлыг тодорхойлох орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдлыг мөнгөөр илэрхийлсэн дүн, эсхүл биет нэгжийг;

6.1.34."татварын цахим баримт бичиг" гэж татварын хууль тогтоомжийн дагуу цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, хүлээн авсан, цахим гарын үсгээр баталгаажсан баримт бичгийн иж бүрдлийг;

6.1.35."тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл" гэж төлөх татварын хэмжээг багасгах, татвар төлөхөөс зайлсхийх болон татвар төлөх хугацааг хойшлуулсан ажил гүйлгээ хийх, төлөвлөн гүйцэтгэх татвар төлөгчийн үйлдлийг;

6.1.36."төлбөр" гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг;

6.1.37."харьцуулагдах байдлын шинжилгээ" гэж харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээний нөхцөлийг харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийсэн ажил гүйлгээний нөхцөлтэй харьцуулан ялгаатай хүчин зүйлсийн нөлөө, зөрүүг арилгаж үнэн зөв залруулга хийх шинжилгээний аргыг;

6.1.38."харьцуулагдах бие даасан үнийн арга" гэж хяналтад байгаа ажил гүйлгээний үнэ болон үнэд нөлөөлөгч хүчин зүйлсийг түүнтэй харьцуулагдах, бие даасан ажил гүйлгээний үнэ болон үнэд нөлөөлөгч хүчин зүйлстэй харьцуулан тодорхойлохыг;

6.1.39."хураагч" гэж татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалт хийх, хяналт шалгалт хийхээс бусад чиг үүргийг хэрэгжүүлж байгаа татварын албаны ажилтныг;

6.1.40."хураамж" гэж төрийн байгууллагаас аливаа этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг;

6.1.41."хүндэтгэн үзэх шалтгаан" гэж:

6.1.41.a.эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа;

6.1.41.б.эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар энэ хуулийн 6.1.41.a-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан;

6.1.41.в.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан;

6.1.41.г.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон;

6.1.41.д.хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг;

6.1.42."хяналтад байгаа ажил гүйлгээ" гэж харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг;

6.1.43."бие даасан ажил гүйлгээ" гэж харилцан хамааралгүй этгээд хооронд хийсэн ажил гүйлгээг;

6.1.44."цахим гарын үсэг" гэж Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.1, 4.1.2-т заасныг;

6.1.45."эдийн засгийн өгөөж олох" гэж үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, зардал хэмнэх, хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал, хугацааг багасгах замаар ашиг буюу ашигт ажиллагааг дээшлүүлсэн байхыг;

6.1.46."эсэргүүцэл үзүүлсэн" гэж татварын улсын байцаагч, хураагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, дарамталсан, заналхийлсэн, доромжилсон, айлгасан, сүрдүүлсэн санаатай үйлдэл, эс үйлдлийг;

6.1.47."этгээд" гэж хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болон тэдгээртэй адилтгах иргэний харилцаанд оролцогчийг;

6.1.48."эцсийн эзэмшигч" гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг.

6.1.49.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.

/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХОЁРДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ТАТВАР

7 дугаар зүйл.Монгол Улсын татвар

Хэвлэх

7.1.Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ.

7.2.Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна:

7.2.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

7.2.2.гаалийн албан татвар;

7.2.3.нэмэгдсэн өртгийн албан татвар;

7.2.4.онцгой албан татвар;

7.2.5.автобензин, дизелийн түлшний албан татвар;

7.2.6.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;

7.2.7.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;

7.2.8.агаарын бохирдлын төлбөр;

7.2.9.улсын тэмдэгтийн хураамж;

7.2.10.ус бохирдуулсны төлбөр;

7.2.11.газрын тосны нөөц ашигласны төлбөр;

7.2.12.газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;

7.2.13.хувь хүний орлогын албан татвар;

7.2.14.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;

7.2.15.малын тоо толгойн албан татвар;

7.2.16.автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;

7.2.17.ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;

7.2.18.газрын төлбөр;

7.2.19.галт зэвсгийн албан татвар;

7.2.20.хотын албан татвар;

/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.2.21.нохой, муурын албан татвар;

/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.22.өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар;

7.2.23.хог хаягдлын үйлчилгээний хураамж;

7.2.24.байгалийн ургамал ашигласны төлбөр;

7.2.25.усны нөөц ашигласны төлбөр;

7.2.26.рашаан ашигласны төлбөр;

7.2.27.ойн нөөц ашигласны төлбөр;

7.2.28.ан амьтны нөөц ашигласны төлбөр;

7.2.29.түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.

7.2.30.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөр.

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.3.Тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна.

8 дугаар зүйл.Татварын хувь, хэмжээг тогтоох

Хэвлэх

8.1.Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно.

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.2.Энэ хуулийн 7.2.2, 7.2.3, 7.2.4, 7.2.6, 7.2.10, 7.2.11, 7.2.18, 7.2.25, 7.2.27-д заасан татварын хувь, хэмжээг тухайн татварын харилцааг зохицуулсан хуульд Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан Засгийн газар тогтоож болно.

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.3.Энэ хуулийн 7.2.8, 7.2.13, 7.2.14, 7.2.16, 7.2.17, 7.2.20, 7.2.21, 7.2.24, 7.2.26, 7.2.28, 7.2.29-д  заасан татварын хувь, хэмжээг тухайн татварын харилцааг зохицуулсан хуульд Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл тогтоож болно.

/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.4.Энэ хуулийн 7.2.15, 7.2.23-т заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтоож болно.

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.2-т заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг Засгийн газар, мөн хуулийн 6.3-т заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тус тус тогтооно.

8.6.Аймаг, нийслэлийн засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч нь татварын хувь хэмжээ тогтоолгохоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөлд санал гаргахдаа тухайн бүсэд багтаж байгаа бусад аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчтай урьдчилан зөвшилцөж, санал авсан байна.

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9 дүгээр зүйл.Татвар ногдох зүйл

Хэвлэх

9.1.Татвар ногдох зүйлд орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдол зэрэг зүйл хамаарна.

9.2.Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно.

10 дугаар зүйл.Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт

Хэвлэх

10.1.Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт дараах хэлбэртэй байна.

10.1.1.ногдуулсан татварыг хорогдуулах;

10.1.2.татварын хувь, хэмжээг бууруулах;

10.1.3.тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээг татвараас чөлөөлөх;

10.1.4.татвар төлөгчийг татвараас чөлөөлөх;

10.1.5.татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас чөлөөлөх;

10.1.6.татварын хууль тогтоомжид заасан бусад.

10.2.Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

11 дүгээр зүйл.Татварын хялбаршуулсан горим

Хэвлэх

11.1.Татварын алба, татвар төлөгч татварын хялбаршуулсан горимыг ашиглаж болно.

11.2.Татварын хялбаршуулсан горим ашиглах татвар төлөгч нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байна.

11.3.Хуульд өөрөөр заагаагүй бол татварын хялбаршуулсан горимыг зөвхөн татварын жилээр тооцох бөгөөд тухайн татварын жилийн дундуур уг горимоос шилжихийг хориглоно.

11.4.Татварын хялбаршуулсан горимыг хэрэгжүүлэх журмыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТАТВАР ТӨЛӨГЧ

12 дугаар зүйл.Татвар төлөгчийн эрх

Хэвлэх

12.1.Татвар төлөгч дараах эрх эдэлнэ:

12.1.1.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, чиглэл, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах;

12.1.2.татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх;

12.1.3.хууль тогтоомжийн дагуу татвар төлөх хугацааг сунгуулах;

12.1.4.илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах;

12.1.5.эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах;

12.1.6.татварын албанаас гаргасан татварын акт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах;

12.1.7.татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх;

12.1.8.татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах, татварын албаны хууль бус шийдвэр, үйлдлийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх;

12.1.9.татварын алба, татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагаа болон шийдвэрт холбогдох гомдлыг түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах. Ийнхүү гомдол гаргасан нь ногдуулсан татвар, торгууль, алдангийг төлөхийг зогсоох үндэслэл болохгүй;

12.1.10.татварын хууль тогтоомжоор ногдсон үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх талаар хуулиар зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татварын зөвлөхийн туслалцаа, зөвлөгөө авах;

12.1.11.хөрөнгө оруулалтын хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх;

12.1.12.хууль тогтоомжид заасан бусад эрх.

12.2.Татварын алба энэ хуулийн 12.1.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор хяналт шалгалтад хамруулах эрсдэлийн үнэлгээний нарийвчилсан үзүүлэлтийг татвар төлөгчид мэдээлэхгүй.

13 дугаар зүйл.Нууцлалын баталгаа

Хэвлэх

13.1.Татварын алба нь энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, эсхүл хувийн зорилгоор ашиглах байдлаар задруулахыг хориглоно.

13.2.Татварын алба, татварын улсын байцаагч, татварын албаны бусад ажилтан болон татварын албанд ажиллаж байсан этгээд, татварын албаны хэрэгжүүлэх нийтлэг үйл ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон хүн нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн татвар төлөгчийн мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй бөгөөд доор дурдсан албан тушаалтанд татварын албаны даргын шийдвэрээр танилцуулж болно:

13.2.1.татварын хууль тогтоомжийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаа татварын улсын байцаагч;

13.2.2.татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, гэмт хэргийг бүртгэх шалгах, хянах, шийдвэрлэх үүрэг хүлээсэн хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор, шүүгчид зөвхөн уг зөрчил, гэмт хэрэгт холбогдох асуудлаар;

13.2.3.олон улсын гэрээний дагуу харилцан мэдээлэл солилцох зорилгоор томилогдсон буюу сонгогдсон эрх бүхий албан тушаалтанд гэрээтэй холбоотой мэдээлэл солилцох асуудлаар.

13.3.Татвар төлөгч зөвшөөрсөн, эсхүл хууль болон сонгон шалгаруулалтын шаардлагаар олон нийтэд мэдээлэх татвар төлөгчийн нэр, дугаар, төлсөн татварын мэдээлэл, статистикийн зорилгоор татварын албанд нэгтгэсэн нэгдсэн тайлан, мэдээ энэ хуулийн 13.1-д хамаарахгүй.

13.4.Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно.

13.5.Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн нууц мэдээллийн санд нэвтрэх эрхтэй татварын улсын байцаагчийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр томилох бөгөөд түүний нууц мэдээллийн санд нэвтрэх, ашиглах үйлдэл бүртгэлтэй байна.

14 дүгээр зүйл.Татвар төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих

Хэвлэх

14.1.Татвар төлөх үүрэг дараах тохиолдолд дуусгавар болно:

14.1.1.тухайн төрлийн татварын өрийг төлж дууссан;

14.1.2.бусад татварын илүү төлөлтийг тухайн төрлийн татварын өрд суутган тооцсон;

14.1.3.татвар төлөгч тухайн төрлийн татвараас хуулиар чөлөөлөгдсөн;

14.1.4.тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсон, уг хуулийн дагуу ногдуулах татварын өрийг төлж дууссан;

14.1.5.нас барсан болон нас барсанд тооцсон татвар төлөгч хувь хүн нь өв залгамжлагчгүй, эсхүл өвлүүлэх хөрөнгөгүй нь шүүхээр тогтоогдсон.

14.2.Хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд татан буулгах комисс, дампуурсан тохиолдолд хэрэг гүйцэтгэгч төлөөгүй татварыг хуулийн этгээдийн хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж холбогдох төсөвт төлнө.

14.3.Хуулийн этгээдийг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөх замаар өөрчлөн байгуулсан тохиолдолд татвар ногдуулалт, төлөлттэй холбогдсон эрх, үүрэг өөрчлөн байгуулагдсаны үр дүнд бий болсон хуулийн этгээдэд шилжинэ.

14.4.Хуулийн этгээдийг тусгаарлах, хуваах замаар өөрчлөн байгуулсан тохиолдолд татвар ногдох зүйл, хуваарилагдсан хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн татвар ногдох үүрэг тэдгээрт шилжинэ.

14.5.Татан буугдаж байгаа хуулийн этгээдийг энэ хуулийн дагуу эрсдэлтэй гэж тооцсон тохиолдолд татварын хяналт шалгалтад хамруулна.

14.6.Нас барсан болон нас барсанд тооцсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид нь өвлөсөн хөрөнгөд ногдох хэмжээгээр шилжих бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй.

15 дугаар зүйл.Татварын хөөн хэлэлцэх хугацаа

Хэвлэх

15.1.Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.

15.2.Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй.

15.3.Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно:

15.3.1.тайлант жилийн эцэст нэг удаа гаргаж, татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;

15.3.2.тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;

15.3.3.борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;

15.3.4.тайлан гаргахгүй төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын хуульд заасан татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс.

15.4.Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

15.5.Татварын алба үнэ шилжилтийн тохируулга хийх зорилгоор гадаад улсын татварын албанаас мэдээлэл гаргуулах хүсэлт гаргасан өдрөөс хүсэлтийн хариу ирсэн өдөр хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ОЛОН УЛСЫН ТАТВАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХИЙН ЭСРЭГ ЕРӨНХИЙ ДҮРЭМ

16 дугаар зүйл.Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм

Хэвлэх

16.1.Татварын хяналт шалгалтын үеэр доор дурдсан нөхцөл бүрдсэн нь тогтоогдсон боловч хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэн татварыг нөхөн ногдуулах боломжгүй бол Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг хэрэгжүүлэх эрхтэй байна:

16.1.1.татвар төлөгч нь дангаараа, эсхүл бусад этгээдтэй хамтран татварын схем зохион байгуулсан;

16.1.2.энэ хуулийн 16.1.1-д заасан татварын схемийн хүрээнд тухайн татвар төлөгч татвараас зайлсхийх замаар татварын ашиг хүртсэн.

16.2.Татвар төлөгч нь энэ хуулийн 16.1-д заасан хэлбэрээр татвараас зайлсхийж татварын ашиг хүртсэн бол татварын алба татвар төлөгчийн татварын ногдлын хэмжээг дээр дурдсан татварын схемийг ашиглаагүй, эсхүл татварын ашиг хүртээгүй байх нөхцөлөөр дахин тодорхойлж татварын ногдолд залруулга хийнэ.

16.3.Татвар төлөгч энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан үйлдлийг бусад этгээдтэй хамтран хэрэгжүүлсэн бол уг хамтарсан этгээдийн татварын ногдлыг уг нөхцөлөөр дахин тодорхойлж, залруулга хийнэ.

16.4.Татварын алба энэ хуульд заасны дагуу залруулга хийсэн бол холбогдох татварыг нөхөн ногдуулна.

16.5.Нөхөн ногдуулалтыг энэ хуулийн 15.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаанд багтаан эхлүүлэх бөгөөд нөхөн ногдуулалтын хамрах хугацаа нь энэ хуулийн 16.3, 16.4-т зааснаар татварын ногдлыг тодорхойлсноос өмнөх 4 жилийг хамаарна.

16.6.Энэ хуулийн 16.1.1-д заасан татварын схемийг ашиглан дараах үр дүнд хүрсэн бол энэ хуулийн 16.1.2-т заасан татварын ашиг хүртсэнд тооцно:

16.6.1.татварын суурийг бууруулах буюу татвараас чөлөөлөгдөх орлого, татварын хөнгөлөлт, суутган тооцоолол, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг бүртгэлийн аргаар өөрчлөх;

16.6.2.татвар төлөх үүргийг хойшлуулах;

16.6.3.татвар төлөх үүргийг хойшлуулснаар үүсэх давуу байдал олж авах;

16.6.4.чөлөөлөгдөх орлого, эсхүл татвар ногдохгүй орлогын хэмжээг нэмэгдүүлэх замаар татвар ногдох орлогыг бууруулах;

16.6.5.татвар ногдох орлогод татвар ногдуулахгүй байх.

16.7.Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг хэрэгжүүлэх эсэхийг Эрсдэлийн удирдлагын хороо шийдвэрлэх бөгөөд хэрэгжүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Тайлбар:"Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм" гэж олон улсын татварын харилцаанд нийтлэг ашиглагддаг "General Anti-Avoidance Rule"-ийг ойлгоно.

17 дугаар зүйл.Харилцан тохирох журам

Хэвлэх

17.1.Монгол Улсаас бусад улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийн харилцан тохирох журмыг хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлнэ.

17.2.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улстай харилцан тохирох журмын асуудлаар олон улсын гэрээ байгуулаагүй гадаад улсын татвар төлөгчид энэ хуулийн 17.1 дэх хэсэг хамаарахгүй.

17.3.Татварын харилцан тохирох журмыг Монгол Улсаас бусад улстай байгуулсан олон улсын гэрээ, нэгдэн орсон олон улсын байгууллагаас тавигдах шаардлагад нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

18 дугаар зүйл.Гадаад улсын эрх бүхий байгууллагатай харилцан мэдээлэл солилцох журам

Хэвлэх

18.1.Энэ зүйлд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

18.1.1."мэдээллийг автоматаар солилцох" гэж энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийн хүрээнд гадаад улсын оршин суугч этгээдийн талаарх хэлэлцэн тохирсон мэдээллийг аливаа урьдчилсан хүсэлтгүйгээр тогтмол, тодорхой хугацааны давтамжтай хэлэлцэн тохирогч талууд хоорондоо солилцохыг;

18.1.2."мэдээлэл" гэж энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор доор дурдсаны аль нэг, эсхүл бүгдийг нь агуулсан үйл баримт, тайлан, баримт, бүртгэл, дансны мэдээллийг;

18.1.2.а.банк, санхүүгийн байгууллага, тэдгээрээс томилогдсон этгээд, хөрөнгө итгэмжилсэн этгээд, зуучлагч болон батлан даах чадвар бүхий этгээдийн мэдэлд байгаа баримт, тайлан, бүртгэл, дансны мэдээллийг;

18.1.2.б.хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, нөхөрлөл болон бусад этгээдэд хамааралтай үйл баримт, тайлан, баримт, бүртгэл, дансны мэдээллийг;

18.1.2.в.хамтын хөрөнгө оруулалтын сангийн хувьд хувьцаа, хувь оролцоо, нэгж эрх болон бусад ашиг сонирхлын тухай мэдээллийг, итгэлцлийн сангийн хувьд төлбөр тооцоо гүйцэтгэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, болон өгөөж хүртэж байгаа этгээдийн талаарх мэдээллийг.

18.1.3."санхүүгийн байгууллага" гэж энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор тодорхойлсон банк, банк бус санхүүгийн, кастодиан, хадгаламж, хөрөнгө оруулалтын болон даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнээс бусад этгээдийг;

18.1.4."тал" гэж Хэлэлцээрт оролцогч талыг;

18.1.5."хэлэлцээр" гэж Монгол Улсаас бусад улстай байгуулсан татварын зорилгоор мэдээлэл солилцох, түүний дотор автоматаар мэдээлэл солилцох олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцыг;

18.1.6."хүсэлт" гэж энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийн хүрээнд аль нэг тал нөгөө талдаа гаргасан өргөдлийг;

18.1.7."хүсэлт гаргагч улс" гэж энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийн хүрээнд мэдээлэл авах хүсэлт гаргаж байгаа улсыг;

18.1.8."цахим мэдээлэл" гэж энэ хуулийн 18.13-т заасан цахим аргаар боловсруулж хадгалсан бичлэгийг;

18.1.9."эрх бүхий этгээд" гэж Монгол Улсын хувьд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл түүний томилсон эрх бүхий этгээд, гадаад улсын хувьд хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон хэлэлцэн тохирогч талын томилсон эрх бүхий этгээдийг;

18.1.10."эрх бүхий этгээд хоорондын хэлэлцээр" гэж энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хэлэлцээрийн зүйл, заалтыг тайлбарлах, тодруулах зорилгоор хэлэлцэн тохирогч талуудын томилсон эрх бүхий этгээд хооронд байгуулсан хоёр талт болон олон талт гэрээ, хэлэлцээрийг.

18.2.Монгол Улсаас бусад улстай байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий этгээд нь гадаад улсын эрх бүхий этгээдтэй зөвхөн татварын асуудлаар энэ хуулийн 18.1.2-т заасан мэдээлэл харилцан солилцоно.

18.3.Энэ хуулийн 18.1.9-д заасан эрх бүхий этгээд нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

18.3.1.энэ хуулийн 18.1.6-д заасан хүсэлтийг биелүүлэх зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно:

18.3.1.а.аливаа этгээдээс тайлан, дансны мэдээллийг авах;

18.3.1.б.энэ хуулийн 18 дугаар зүйл болон хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор мэдээлэл хүсэх этгээдэд холбогдох мэдээлэл болон нотлох баримтыг цуглуулан авч, хүргүүлэх;

18.3.1.в.баримт материалыг хүргүүлэх;

18.3.1.г.энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан мэдээлэл харилцан солилцох болон гэрээнд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий этгээд нь энэ хуулийн 19, 20, 21, 22, 23, 24 дүгээр зүйлд заасан нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх;

18.3.1.д.шаардлагатай бусад арга хэмжээ.

18.3.2.энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийн дагуу хэлэлцэн тохирогч талуудтай татварын зорилгоор энэ хуулийн 18.1.2-т заасан мэдээлэл солилцох, мэдээлэл автоматаар солилцох, эрх бүхий этгээд хооронд байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэх;

18.3.3.энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийн хүрээнд үүсэж болох зардлыг тодорхойлж, аливаа хүсэлттэй холбогдуулан гарах зардлыг тооцоолж тэнцвэртэй хуваарилах;

18.3.4.энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор бусад улсын эрх бүхий этгээдтэй эрх бүхий этгээд хоорондын хэлэлцээрийг байгуулж, тэдгээртэй хамтран ажиллах журмыг батлах;

18.3.5.энэ зүйлд заасан бусад чиг үүрэг.

18.4.Эрх бүхий этгээд нь тухайн улстай байгуулсан хэлэлцээрийн нөхцөлийн дагуу хүсэлт гаргагч улсад туслалцаа үзүүлж ажиллана.

18.5.Энэ хуулийн 18.1.6-д заасан хүсэлтийг хүлээн авсны дараа эрх бүхий этгээд энэ зүйл болон холбогдох хэлэлцээрт нийцүүлэн хүсэлтийг биелүүлнэ.

18.6.Эрх бүхий этгээд шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 18.1.7-д заасан хүсэлт гаргагч улсаас хүсэлтийн талаар нэмэлт мэдээлэл шаардаж болно.

18.7.Эрх бүхий этгээд нь хэлэлцэн тохирогч талын хүсэлтээр энэ хуулийн 18.1.2-т заасан мэдээлэл болон аливаа этгээд, санхүүгийн байгууллагын эзэмшил, хяналтад байгаа шаардлагатай бусад мэдээллийг татварын зорилгоор ашиглах эсэхээс үл хамаарч энэ хуульд заасан мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр санхүүгийн байгууллагаас авч, хэлэлцэн тохирогч улсын эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.

18.8.Энэ хуулийн 18.7-д заасан мэдэгдэлд дараах мэдээллийг тусгаж болно:

18.8.1.мэдээлэл ирүүлэх хугацаа;

18.8.2.баримтын эх хувь, эсхүл түүний хуулбарыг авах эсэх талаар эрх бүхий этгээдээс шаардсан хэлбэр;

18.8.3.баримтыг албан ёсоор баталгаажуулах эсэх.

18.9.Эрх бүхий этгээдийн хүсэлтийг үндэслэн энэ хуулийн 18.1.2-т заасан мэдээллийг гэрчийн мэдүүлэг хэлбэрээр авч болно.

18.10.Энэ хуулийн 18.8.1-д заасан хугацаа хуанлийн 14 хоногоос хэтрэхгүй бөгөөд шаардлагатай гэж үзвэл эрх бүхий этгээд уг хугацааг өөрөөр тогтоож болно.

18.11.Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 18.7-д заасан мэдээллийг хадгалж, хувилж, хуулбарлаж болно.

18.12.Хууль зүйн давуу байдлаар олж авсан мэдээллийг энэ хуулийн 18.7-д заасан мэдэгдлээр гаргуулахыг хориглоно.

18.13.Мэдэгдлийн хүрээнд авсан мэдээлэл цахим хэлбэрээр хадгалагдаж байгаа бол түүний агуулгыг өөрчлөлгүйгээр бичгэн хэлбэрт оруулж дахин боловсруулна.

18.14.Эрх бүхий этгээд ирүүлсэн хүсэлтийг холбогдох хэлэлцээрт нийцэхгүй болохыг тогтоосон бол хүсэлтээс татгалзаж, энэ талаар хүсэлт гаргагч улсад нэн даруй мэдэгдэнэ.

18.15.Хүсэлтээс татгалзсан бол эрх бүхий этгээд болон хүсэлт гаргагч улсын зүгээс холбогдох хэлэлцээрт заасны дагуу асуудлыг шийдвэрлэнэ.

18.16.Баримт бичиг болон мэдэгдлийг холбогдох этгээдэд биечлэн, шуудангаар, эсхүл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон хэлбэрээр хүргүүлж болно.

18.17.Эрх бүхий этгээд хоорондын хэлэлцээрийн хүрээнд мэдээлэл автоматаар солилцох зорилгоор эрх бүхий этгээд нь шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд, тодорхой хэлбэрт нийцүүлж ирүүлэхийг энэ хуулийн 18.1.3-т заасан байгууллагаас шаардаж болно.

18.18.Энэ хуулийн 18.17-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран дараах журмыг баталж, мөрдүүлж болно:

18.18.1.тайлан, мэдээлэл ирүүлэх шаардлагатай санхүүгийн байгууллагуудыг тодорхойлох;

18.18.2.тайлагнах шаардлагатай мэдээлэл, цахим мэдээллийн агуулга, загвар;

18.18.3.тайлагнах мэдээллийн иж бүрдэл, нарийвчлал зэргийг заасан стандарт;

18.18.4.мэдээлэл харилцан солилцох хэлэлцээрийг хэрэгжүүлэх журам;

18.18.5.мэдээллийн нууцлал, хадгалах үйл ажиллагааг зохицуулсан журам;

18.18.6.энэ хуулийн 18.15-д заасныг болон автоматаар мэдээлэл харилцан солилцохтой холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн журам.

18.19.Татварын албаны мэдээллийн нууцлалтай холбоотой харилцаанд энэ хуулийн 13 дугаар зүйлд заасныг баримтална.

18.20.Энэ хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй эсхүл хэрэгжүүлж байсан этгээд нь энэ хуулийн 18 дугаар зүйл болон хэлэлцээрийн хүрээнд олж авсан мэдээллийг нууцлах үүрэгтэй бөгөөд зөвхөн энэ хууль болон хэлэлцээрээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор мэдээллийг ашиглаж болно.

18.21.Татварын алба нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий этгээдийн олж авсан мэдээллийг ашиглаж болно.

18.22.Энэ хуульд заасны дагуу мэдээллийг хүсэлтээр болон автоматаар солилцох зорилгоор нууц мэдээллийг эрх бүхий этгээдэд хүргүүлсэн бол уг үйлдэлтэй холбогдуулж мэдээлэл задруулсан үндэслэлээр бусад хуулиар хариуцлага хүлээлгэхгүй.

18.23.Энэ хуулийн 18.22-т заасны дагуу мэдээлэл өгч байгаа этгээдийн үйлдэл нь уг асуудлаар бусад этгээдтэй байгуулсан нууцлалын баталгааг зөрчсөн үйлдэл болохгүй бөгөөд энэ үйлдэлд тухайн этгээд болон түүний ажил олгогчид хариуцлага хүлээлгэхгүй.

18.24.Аливаа этгээд нь хууль зүйн давуу байдлаар олж авсан мэдээллээ бусдад задруулж иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдсон бол энэ хуулийн 18.22-т заасан хамгаалалтад хамаарахгүй.

18.25.Эрх бүхий этгээд, эсхүл түүний эрх олгосон этгээд нь энэ хуульд заасан албан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэх явцад хийсэн үйлдэл, эс үйлдлийн улмаас хохирол учруулсан нь уг этгээдэд иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.

18.26.Энэ зүйлийн заалтууд нь бусад хууль тогтоомжоор зохицуулж байгаа мэдээллийн нууцлалтай холбоотой хязгаарлалтаас үл хамааран давуу эрхтэй үйлчилнэ.

18.27.Энэ хууль болон хэлэлцээрийн заалтууд нь бусад хууль тогтоомжийн заалттай зөрчилдөж байгаа тохиолдолд энэ хууль болон хэлэлцээрийн заалтууд давуу эрхтэй үйлчилнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

ТАТВАРЫН НОГДЛЫГ ТОДОРХОЙЛОХ, ТАТВАР ХУРААХ ЗОРИЛГООР ХЭРЭГЖҮҮЛЭХ НИЙТЛЭГ АЖИЛЛАГАА

19 дүгээр зүйл.Татварын ногдлыг тодорхойлох, татвар хураах зорилгоор хэрэгжүүлэх нийтлэг ажиллагаа

Хэвлэх

19.1.Татварын улсын байцаагч татварын ногдлыг тодорхойлох болон татвар хураах зорилгоор татвар төлөгчийн байр агуулахад нэвтрэн орж мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах, үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийх зэрэг нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй.

19.2.Татварын улсын байцаагч энэ хуулийн 19.1-д заасан нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлж, үйл ажиллагааны зорилгыг тайлбарлана.

19.3.Энэ зүйлд заасан татварын улсын байцаагчийн хэрэгжүүлэх нийтлэг үйл ажиллагаанд татвар төлөгч хүч хэрэглэж, эсхүл зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага Цагдаагийн албаны тухай хуулийн 15.1.7-д заасны дагуу дэмжлэг үзүүлнэ.

19.4.Энэ хуулийн 19.1-д заасан байр агуулахад нэвтрэн орж мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах, үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийхтэй холбогдсон журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

19.5.Энэ хуулийн 19.3-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

20 дугаар зүйл.Байр, агуулахад нэвтрэн орох

Хэвлэх

20.1.Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл болон татвартай холбогдолтой мэдээ, судалгаа, бусад баримтыг хадгалж байгаа, нэвтрэн орохыг хуулиар хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээний газар, албан байр, агуулах, зооринд нэвтрэн орж, ажлын зураг авалт, үзлэг хийх, тооллого явуулах, баримт бичиг, эд хөрөнгийг түр хугацаагаар хураах, хяналт шалгалтын ажил хийх эрхтэй.

20.2.Татварын улсын байцаагч мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах зорилгоор байр, агуулахаас гадна татвар төлөгчийн орлого, зарлага, ажил гүйлгээний мэдээлэл бүхий компьютер, техник хэрэгсэл, программ хангамжид нэвтрэн орох эрхтэй.

20.3.Энэ хуулийн 20.1-д заасан үйл ажиллагааг татвар төлөгчийн аль байр, агуулахад хийхийг удирдамжид тодорхой тусгаж харьяалах татварын албаны албан томилолтоор гүйцэтгэнэ.

20.4.Гадаад орны дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын байр, дархан эрх, эрх ямба бүхий албан тушаалтны ажлын байранд энэ хуулийн 20.1-д заасан ажиллагаа явуулахыг хориглоно.

21 дүгээр зүйл.Мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах

Хэвлэх

21.1.Татварын алба мэдээ, мэдээлэл, баримт цуглуулахад дараах журмыг баримтална:

21.1.1.татварын албаны шаардсан мэдээ, мэдээлэл, баримтыг эх хувиар түр хугацаагаар гаргуулахдаа тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулах;

21.1.2.шаардлагатай тохиолдолд мэдээ, мэдээлэл, баримтыг хуулбарлах, гэрэл зураг, дүрс, дууны болон бусад бичлэгээр баримтжуулах;

21.1.3.тайлбар, лавлагааг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргуулах, эсхүл ярилцлага хийсэн бол тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулах;

Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.1.4.энэ хуулийн 21.1.1, 21.1.2, 21.1.3-т заасантай адилтгах бусад мэдээ, мэдээлэл, баримт гаргуулах.

21.2.Татварын алба татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай магадлагаа, баримтын хуулбар, мэдээ, судалгаа, дансны хуулга, холбогдох бусад баримт бичиг, мэдээллийг татвар төлөгч, түүнтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авна.

21.3.Энэ хуулийн 21.2-т заасан мэдээ, мэдээлэл, баримтыг хуулбарлах, баримтжуулахад бусдын техник хэрэгслийг ашигласан бол хөлсийг нь зах зээлийн, эсхүл харилцан тохиролцсон үнээр татварын алба төлнө.

21.4.Татварын алба татвар төлөгчийн борлуулалт, худалдан авалт, хүний нөөц, техникийн үйлчилгээ, хоршсон үйлдвэрлэл, үйл ажиллагаанд ашигласан үнэ, төлбөр, хураамж, гэрээ хэлцэл зэрэг мэдээ, мэдээлэл, баримтыг гаргуулахаар татвар төлөгч болон түүнтэй хамтран үйл ажиллагаа явуулсан гуравдагч этгээдээс шаардах эрхтэй.

21.5.Татварын алба мэдээ, мэдээлэл баримт цуглуулах зорилгоор татвар төлөгчтэй харилцаа бүхий гуравдагч этгээдээс дараах журмаар мэдээлэл гаргуулж болно:

21.5.1.мэдээлэл агуулж байгаа байр агуулах, баримт материал, компьютер зэрэгт бүрэн нэвтрэх;

21.5.2.мэдээлэл болон баримт бичгийг шаардах;

21.5.3.тодорхой газар болон хугацаанд мэдээлэл авахаар дуудан ирүүлэх.

22 дугаар зүйл.Үзлэг хийх

Хэвлэх

22.1.Татварын алба үзлэг хийхэд дараах журмыг баримтална:

22.1.1.эрх зүйн бүрэн чадамжтай, 18 насанд хүрсэн, ашиг сонирхлын зөрчилгүй, татвар төлөгч, татварын алба, татварын улсын байцаагчтай захирах, захирагдах ёсны харилцаагүй хөндлөнгийн гэрчийг байлцуулах;

22.1.2.үзлэгт хамрагдаж байгаа бичиг баримт, эд хөрөнгийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, хэрэв боломжгүй бол тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг байлцуулах;

22.1.3.үзлэг явуулсан тухай тэмдэглэл үйлдэж оролцсон болон байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулах, хэрэв гарын үсэг зурахаас татгалзвал шалтгааныг нь тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргах.

22.2.Үзлэгт хамрагдах зүйлийн өмчлөл, эзэмшлийн ялгааг үл харгалзан Татварын алба, татварын улсын байцаагч нь үзлэг хийх эрхтэй.

22.3.Татварын алба үзлэг хийх явцад татвар хураалт, хяналт шалгалтад ашиглах мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах эрхтэй.

23 дугаар зүйл.Тооллого явуулах

Хэвлэх

23.1.Татварын алба тооллого явуулахад дараах журмыг баримтална:

23.1.1.бараа, эд хөрөнгө, бэлэн мөнгөний тооллого хийхдээ татвар төлөгч болон түүний хууль ёсны төлөөлөгч, нягтлан бодогч, эсхүл тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг байлцуулж, тооллогын бүртгэл, тэмдэглэл үйлдэх;

23.1.2.тооллогын бүртгэл, тэмдэглэлд тооллого хийсэн татварын улсын байцаагч болон тооллого явуулахад байлцсан бусад хүмүүс гарын үсэг зурах бөгөөд гарын үсэг зурахаас татгалзвал шалтгааныг нь тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргах.

23.2.Татварын алба тооллого хийх явцад татвар хураалт, хяналт шалгалтад ашиглах мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах эрхтэй.

24 дүгээр зүйл.Ажлын зураг авалт хийх

Хэвлэх

24.1.Татварын алба ажлын зураг авалт хийхэд дараах журмыг баримтална:

24.1.1.татвар төлөгчийн төлбөл зохих татварын хэмжээг тодорхойлох, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, орлого, зардлыг тогтоох зорилгоор ажлын зураг авалтыг урьдчилан мэдэгдэж, эсхүл мэдэгдэхгүйгээр хийх;

24.1.2.ажлын зураг авалтад холбогдох мэргэжилтэн оролцуулж, шаардлагатай хэмжих хэрэгсэл ашиглах;

24.1.3.ажлын зураг авалтын тооцоо дүгнэлт хийж, тэмдэглэл үйлдэх, уг тэмдэглэлд байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулах, гарын үсэг зурахаас татгалзвал шалтгааныг нь тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргах.

II ХЭСЭГ

ТАТВАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ БҮРТГЭХ, ТАТВАР НОГДУУЛАХ, ТӨЛӨХ, ТАЙЛАГНАХ

25 дугаар зүйл.Татвар төлөгчийн бүртгэл

Хэвлэх

25.1.Татварын хуулиар татвар төлөх, эсхүл татвар суутгах үүрэг бүхий этгээд нь татвар төлөгчөөр бүртгүүлнэ.

25.2.Дараах хувь хүнийг татвар төлөгчөөр бүртгэж татвар төлөгчийн дугаар олгоно:

25.2.1.Монгол Улсын иргэн;

25.2.2.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.5-д заасан гадаадын иргэн.

25.3.Татвар төлөгчийг бүртгэхдээ энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан нийтлэг журмыг баримтална.

25.4.Татвар төлөгчийг бүртгэх журмыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулна.

25.5.Оршин суугч бус этгээдийг түүний оршин суугчийн гэрчилгээг үндэслэн бүртгэнэ.