A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ойн тухай, Ашигт малтмалын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."гол, мөрний урсац бүрэлдэх эх" гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг;

3.1.2."ойн сан бүхий газар" гэж Ойн тухай хуулийн 3.1.2-т заасныг;

3.1.3."усны сан бүхий газрын хамгаалалтын бүс" гэж Усны тухай хуулийн 31.3-т заасныг.

4 дүгээр зүйл.Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох

Хэвлэх

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.

4.2.Энэ хуулийн 4.1 дэх хэсэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй.

4.3.Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно.

4.4.Энэ хуулийн 4.3-т заасан хилийн заагийн гадна үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр байгаль орчны нөхөн сэргээлт хийж, таримал ой, хиймэл нуур, усан сан байгуулсан бол энэхүү хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

4.5.Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.

4.6.Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

БАЙГАЛЬ ОРЧНЫГ НӨХӨН СЭРГЭЭХ АЖИЛЛАГАА

5 дугаар зүйл.Байгаль орчныг нөхөн сэргээх

Хэвлэх

5.1.Энэ хуулийн 4.6-д заасны дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээс чөлөөлөхгүй.

5.2.Байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг орон нутгийн удирдлага болон нутгийн иргэдийн олон нийтийн хяналт дор 2 хүртэл жилийн хугацаанд хийж дуусгана.

5.3.Энэ хуулийн 5.2-т заасан олон нийтийн хяналтыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр байгаль орчныг хамгаалах зорилго, чиглэл бүхий төрийн бус байгууллагуудад гэрээний үндсэн дээр хариуцуулж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД

6 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

6.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ