- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тусгай тэмдэг /цаашид "тэмдэг" гэх/ олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
2 дугаар зүйл. Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль тогтоомж
2.1. Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль тогтоомж нь Онцгой албан татварын хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Онцгой албан татварын тэмдгийг үйлдвэрлэх
3.1. Тэмдгийг үнэт цаас үйлдвэрлэгч гадаадын болон үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын хуулийн этгээд үйлдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
3.2. Энэ хуулийн 3.1-д заасан хуулийн этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулна.
3.3. Тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой байна.
/Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4 дүгээр зүйл. Онцгой албан татварын тэмдгийг олгох, хэрэглэх
4.1. Онцгой албан татварын тэмдгийг Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх зөвшөөрөл, тэдгээрийг худалдах, худалдан авах гэрээг, импортын согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын импортлох, худалдан борлуулах гэрээг тус тус үндэслэн татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.
/Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Тайлбар:Энэ хуульд заасан “согтууруулах ундаа” гэдэгт Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 4 дэх заалт, 6.11 дэх хэсэгт заасан бүтээгдэхүүнийг ойлгоно.
/Энэ хэсгийг тайлбарыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.2. Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
4.3. Тэмдгийн загвар, тэмдэг олгох журмыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
/Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.4.Онцгой албан татварын тэмдэг олголт нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
4.5.Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой бараа бүтээгдэхүүн тус бүрийн савлагаанд салахгүй нааж бэхэлсэн байна.
/Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
5 дугаар зүйл. Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
5.1. Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэгтэй:
/Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
5.1.1. өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах;
5.1.2. үйлдвэрлэлд хэрэглэж байгаа спиртийн хэмжээ, үйлдвэрлэсэн согтууруулах ундааны тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлж, холбогдох татварын болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгч байх.
/Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.1.3. импортлох согтууруулах ундаа, тамхины тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлж, харьяалах татварын алба болон холбогдох гаалийн байгууллагад өгөх;
/Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.1.4. импортлох согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тэмдэг наах.
/Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.1.5.согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч нь татварын байгууллагын шаардлага хангасан онцгой албан татварын тэмдэг наах, мэдээллийг бүртгэх тоног төхөөрөмжтэй байх;
/Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
5.1.6.цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сан, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан мэдээллийн санд холбогдсон байх;
/Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
5.1.7.бүтээгдэхүүн борлуулах тухай бүр, үйлдвэрийн түүхий эд, согтууруулах ундаа, тамхи импортлох, худалдан авах, борлуулалт хийх тухай бүр цахим төлбөрийн баримт үйлдэж цахим төлбөрийн баримтын системд бүртгэх;
/Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
5.1.8.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдох мэдээллийг бүртгүүлэх.
/Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
5.2. Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлэх, худалдахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
5.3.Энэ хуулийн 5.1.5-д заасан тоног төхөөрөмж болон импортын согтууруулах ундаа, тамхинд тэмдэг наах үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
/Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.4.Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч, импортлогч нь согтууруулах ундаа, тамхины шошгонд онцгой албан татварын тэмдэгтэй сав, баглаа, боодол импортлох бол энэ хуулийн 5.1.5-д заасан тоног төхөөрөмжгүй байж болно.
/Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
6 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
6.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
7.1. Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
7.2. Импортолсон согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тусгай тэмдэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан зүйл, хэсэг, заалтыг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
