- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ ДУТУУ БАЙГАА БАЙРНЫ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 397
Улаанбаатар хот
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ ДУТУУ БАЙГАА БАЙРНЫ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 29 дүгээр зүйлийн 29.1, "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-ний 264.11-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборын барилга угсралтын ажил болон хөрөнгө оруулалтыг зогсоож, тус цогцолборын гүйцэтгэл дутуу байгаа барилга, байгууламжийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд зөвшөөрсүгэй.
2. Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан гүйцэтгэл дутуу байгаа барилга, байгууламжийн бодит гүйцэтгэлийг тооцож гарган, акт, дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанд даалгасугай.
3. Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор барилга болон гүйцэтгэх ажилд дэмжлэг үзүүлэх нэгжийн байрыг шинээр барих газрын байршил, техник-эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан судалж, 2014 оны I улиралд багтаан танилцуулахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A