- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/16 дугаар зүйл:
16 дугаар зүйл.Төсвийн тогтворжуулалтын сан
16.1.Төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагад нийцсэн нэгдсэн төсвийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилготой Төсвийн тогтворжуулалтын сантай байна.
16.2.Төсвийн тогтворжуулалтын санг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
16.2.1.татвар ногдуулж, төлүүлэхэд ашиглагдсан гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байсны улмаас нэмэгдэж орсон төсвийн орлого;
16.2.2.төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг;
16.2.3.Засгийн газрын нөөц сангийн болон эрсдэлийн сангийн тухайн төсвийн жилийн зарцуулагдаагүй үлдэгдэл;
16.2.4.Төсвийн тогтворжуулалтын сангийн санхүүгийн үйл ажиллагааны цэвэр орлого;
16.2.5.Монгол Улсын Их Хурлаас төсвийн тогтворжуулалтын санд хуваарилахаар тогтоосон бусад орлого.
16.3.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгөөс доор дурдсан санхүүжилт хийх зориулалтаар улсын төсөвт шилжүүлж болно:
16.3.1.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч төсвийн алдагдал баталсан хэмжээнээс дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувиар нэмж буурсан тохиолдолд үнэ болон биет хэмжээ төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;
16.3.2.төсвийн гол нэр төрлийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ төсөвт туссан тэнцвэржүүлсэн үнээс буурсан болон гол нэр төрлийн эрдэс баялгийн экспортын биет хэмжээ төсөвт туссан биет хэмжээнээс 20 хувиар буурсан тохиолдолд уг үнэ болон биет хэмжээ төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;
16.3.3.энэ хуулийн 9.1.3-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас давсан хэсгийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлэх.
16.4.Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэх эх үүсвэр, зарцуулалтын хэмжээг тооцох аргачлал болон уг санд эх үүсвэр төвлөрүүлэх, түүнээс зарцуулалт хийх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16.5.Энэ хуулийн 16.3.1, 16.3.2-т заасан зөрүүг нөхөн зарцуулалт хийх шийдвэрийг Засгийн газар гарган хэрэгжүүлж, төсвийн гүйцэтгэлд тусгана.
16.6.Энэ хуулийн 16.3.3-т заасан зориулалтаар зарцуулалт хийх шийдвэрийг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал гаргаж, энэ хуулийн 9.1.3-т зааснаар тухайн жилийн төсвийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусган батална.
16.7.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө энэ хуулийн 16.3.1-д заасан төсвийн алдагдлыг бүрэн санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд уг алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаарт багтаан зээл авч болно."
2/17 дугаар зүйл:
"17 дугаар зүйл.Санхүүгийн хуримтлал, түүний хөрөнгө оруулалт
17.1.Энэ хуулийн 16.1-д заасан Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх ба шаардлагатай гэж үзвэл гэрээний үндсэн дээр Ирээдүйн өв сангийн тухай хуулиар байгуулагдсан корпорациар удирдуулж болно.
17.2.Энэ хуулийн 17.1-д заасан гэрээнд Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх удирдамж, нөхцөл, түүнтэй холбогдох зардал зэрэг асуудлыг тусгана.
17.3.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө удирдлагын бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа дараахь шаардлагыг хангасан байна:
17.3.1.энэ хуулийн 17.4-т зааснаас бусад тохиолдолд зээл авахгүй байх;
17.3.2.зөвхөн олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан, гадаад улсын нутаг дэвсгэрт арилжаалагдаж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй, эсхүл Монгол Улсын хуулийн этгээдтэй нэгдэл бүхий компанийн нэгдлийн оролцогчоос бусад этгээдийн гаргасан санхүүгийн хэрэгсэлд байршуулах;
17.3.3.зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын байгууллагаас тогтоосон зээлжих зэрэглэлийн үнэлгээгээр "А" болон түүнээс доош үнэлгээтэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахгүй байх;
17.3.4.санхүүгийн хөрөнгө оруулалт хөрвөх чадвартай байх;
17.3.5.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг барьцаалах, зээл олгох, зээлийн баталгаа, батлан даалт гаргах болон бусад хэлбэрээр Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгөөр бусдын үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ хэлцэл байгуулахгүй байх;
17.3.6.санхүүгийн хөшүүрэг оролцсон гэрээ, хэлцэл хийхгүй байх;
17.3.7.санхүүгийн үүсмэл хэрэгслийг зөвхөн хөрөнгө оруулалтын эрсдэлийг хаах, бууруулах зорилгоор ашиглах.
17.4.Хөрөнгө оруулах шийдвэрийг гаргах үед зээл авах нөхцөл, шаардлага үүсээгүй, зөвхөн Сангаас хөрөнгө оруулахаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, тухайн хэрэгсэлд хөрөнгө оруулах төлбөр тооцоог гүйцэтгэхэд дутагдаж байгаа богино хугацааны эх үүсвэрийн дутагдлыг бүрдүүлэх зорилгоор зээл авч болно.
17.5.Энэ хуулийн 17.4-т зааснаар зээл авахад дараахь нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байна:
17.5.1.зээлийн хугацаа долоо хоног хүртэл байх;
17.5.2.зээлийн хэмжээ нь сангийн мөнгөн хөрөнгө, зээл төлөгдөх хугацааны дотор орохоор хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтын мөнгөн орлогоор баталгаажсан, түүнээс хэтрээгүй байх;
17.5.3.сангийн зээлийн үлдэгдэл Сангийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 5 хувиас хэтрэхгүй байх.
17.6.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлого болон хөрөнгийн удирдлагатай холбогдох журам, заавар, аргачлалыг энэ хуульд нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
2 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтын "Хүний хөгжил санд" гэснийг "Ирээдүйн өв санд" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
/Энэ зүйлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4 дүгээр зүйл.Энэ хуулийн 2 дугаар зүйлийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1 дүгээр зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ зүйлд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
