- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 17.4 дэх хэсэг нэмсүгэй:
"17.4.Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлыг санаачилсан хууль санаачлагч болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, эсхүл төсөл, саналаа танилцуулаагүй бол тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, саналыг хууль санаачлагчид буцаасанд тооцно."
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт "Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно." гэсэн 3 дахь өгүүлбэр нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
