A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Дугаар 01 Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.8.6 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2017 оны 27 дугаар тогтоолоор баталсан "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны "Журам батлах тухай" 19 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан 35-45 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцын 7 дугаар мөрөнд, "46-64 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн "Багц-I"-ын 7 дугаар мөрөнд, "Багц-II"-ын 5 дугаар мөрөнд Бэлгийн замаар дамжих халдварын илрүүлэг (тэмбүү, заг хүйтэн, ХДХВ илрүүлэх шинжилгээ)-ийг тус тус шинээр нэмж, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг 10,000 (арван мянган) төгрөгөөр тогтоосугай.

2.Урьдчилан сэргийлэх үзлэгийн багцын эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нийт төлбөрийн хэмжээг дараах байдлаар өөрчилсүгэй.

2.1. 35-45 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцын "НИЙТ 48,000-63,000 төгрөг" гэснийг "НИЙТ 58,000- 73,000 төгрөг" гэж;

2.2. 46-64 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн "Багц-I"-ын "НИЙТ 60,000 төгрөг" гэснийг "НИЙТ 70,000 төгрөг" гэж, "Багц-II"-ын "НИЙТ 65,000 төгрөг" гэснийг "НИЙТ 75,000 төгрөг" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Г.Баясгалан/-т ДААЛГАХ нь:

3.1.Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

3.2.Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төв, орон нутгийн эрүүл мэндийн даатгалын байгууллагыг мэргэжил арга зүйн, удирдлагаар хангах, иргэд, даатгуулагч, эрүүл мэндийн байгууллагуудад мэдээлэл хүргэх, сурталчлах ажлыг шуурхай зохион байгуулах;

3.3.Тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан програм хангамжид нэмэлт, өөрчлөлт оруулах;

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-нд үүрэг болгосугай.

ДАРГА Д.САРАНГЭРЭЛ