A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ МАШИНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 16.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.10-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн үйлчилгээний цахим (цаашид "ТҮЦ" гэх) машинаар хүргэж байгаа үйлчилгээний хөлсний хэмжээг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 16.2-т заасны дагуу тогтоож байхыг холбогдох байгууллагын удирдлагуудад даалгасугай.

2. ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээг Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлж, ашиглалт, үйлчилгээтэй холбогдон гарах зардал болон орлогыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад, ТҮЦ машинаар хүргэж байгаа үйлчилгээний орлогыг улсын төсвийн орлогод төвлөрүүлж байхыг "Үндэсний дата төв" УТҮГ-ын захирал З.Энхболдод тус тус үүрэг болгосугай.

3. ТҮЦ машинаар зөвхөн хууль тогтоомжид заасан буюу нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо харилцаа, эрчим хүч болон бусад байгууллагын үйлчилгээг хүргэх арга хэмжээ авахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, "Үндэсний дата төв" УТҮГ-ын захирал З.Энхболд нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ