- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Сайн дадлагажигч/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 341
Улаанбаатар хот
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.1, 10.5, 10.6, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 4.2.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, иргэдийг өндөр хөгжилтэй оронд мэргэжлийн дагуу дадлагжуулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор "Сайн дадлагажигч" хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд даалгасугай.
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Сангийн сайд Б.Болор нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 314
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан Засгийн газрын тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн 2022 оны 3 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
