A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 201

Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, 2 дугаар хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд мөн хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт зөвшөөрсүгэй.

2. "Монцемент билдинг материалс" ХХК-ийн 710, "Монголын алт" ХХК-ийн 1600 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.

4. Мэргэжилтэй ажиллах хүчнийг дотооддоо сургаж бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнийг дагалдуулан мэргэшүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт, уг үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР