- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 362
Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8.4, 9.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохих журмын дагуу сунгахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.
2. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн дагуу "Турбины шинэчлэл төсөл"-ийн барилгын ажил гүйцэтгэх "Дарханы дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн 140, Засгийн газар болон "Монцемент билдинг материалс" ХХК, "Монголын алт" ХХК-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монцемент үйлдвэрийн төслийн ажил гүйцэтгэх "Монцемент билдинг материалс" ХХК-ийн 532, Хөх цавын цемент шохойн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх "Монголын алт" ХХК-ийн 1000 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2018 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
3. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулж байхыг гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулж байгаа ажил олгогчид, үзлэгийг зохион байгуулахад хяналт тавьж, дүнг тайлагнаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2018 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
