A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 299

Улаанбаатар хот

ДЭЛХИЙН ӨВИЙН ДУРСГАЛТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааг тус тус байгуулсугай.

2. Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны бүтэц, орон тоог 1 дүгээр, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны бүтэц, орон тоог 2 дугаар хавсралт ёсоор баталж, үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх бэлтгэлийн хүрээнд менежментийн төлөвлөгөөг баталж, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.

3. Хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

4. Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг эхлүүлэх хүртэлх хугацаанд түүний чиг үүргийг Монгол Алтайн нурууны болон Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд тус тус түр хариуцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА