A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 376

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН СПОРТЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Олон улсын залуучуудын спортын ногоон наадам"-ыг 2021 оны 9 дүгээр сард зохион байгуулсугай. 

(Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 200 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон.)

2. Олон улсын спортын наадмыг зохион байгуулах болсонтой холбогдуулан дараахь арга хэмжээг авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай:

2.1. "Олон улсын залуучуудын спортын ногоон наадам"-ын бэлтгэл ажлыг хангах үндэсний хороог байгуулан удирдлага, зохион байгуулалтаар хангаж, тус наадмын заавар, бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийг зохион байгуулах;

2.2. олон улсын спортын наадмын бэлтгэл ажлын хүрээнд шинээр барих болон засвар хийх спортын барилга байгууламж, заал, танхим, тоног төхөөрөмж, хэрэглэлээр хангах, шаардлагатай зардлын тооцоог гаргаж, улсын төсөв, гадаадын болон олон улсын байгууллагын зээл тусламжид хамруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар бүрдүүлэх;

2.3. олон улсын спортын наадмын үеэр ажиллах шүүгч, зохион байгуулагчид болон уг наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох тамирчдын бэлтгэл, сургуулилалтыг хангах талаар холбогдох спортын холбоодтой хамтран ажиллах;

2.4. олон улсын спортын наадмын бэлтгэлийг хангах талаар хийж байгаа ажлын явцад хяналт тавьж, Засгийн газарт танилцуулж ажиллах.

3. ""Азийн хүүхдүүд" олон улсын спортын YII наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 154 дүгээр тогтоолын нэр, 1, 2 дугаар заалтын "Азийн хүүхдүүд" олон улсын спортын YII наадам, …" гэснийг "Олон улсын залуучуудын спортын ногоон наадам, ..." гэж, 3 дугаар заалтын "Азийн хүүхдүүд" олон улсын спортын YII наадмыг" гэснийг "Олон улсын залуучуудын спортын ногоон наадмыг" гэж тус тус өөрчилсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Олон улсын хүүхдийн спортын наадам зохион байгуулах тухай" Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145, "Олон улсын хүүхдийн спортын наадмын тухай" Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 354 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ