A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 114

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Азийн авто замын АН-4 чиглэлийн Баян-Өлгий аймгийн Өлгий хотыг тойрон гарах авто зам, гүүрийн барилгын ажлын Багц-1, Багц-2, Багц-3 дугаар хэсэг буюу нийт 18.82 км хатуу хучилттай авто зам, 201.08 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд тухайн чиглэлийн авто зам, гүүрийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханд, авто зам, гүүрийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт тус тус даалгасугай.

3. Авто зам, гүүрийн барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг авто зам, гүүрийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН