- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЯСЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 223
Улаанбаатар хот
ЯСЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9.7-д заасныг тус тус үндэслэн "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.1-д заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Яслийн үйлчилгээг 12 ба түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэгийг түшиглэн 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлсүгэй.
2. Энэ тогтоолын 1 дэх заалтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дараахь зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай:
2.1. яслийн үйлчилгээнд 1-2 насны хүүхдийг хамруулахад шаардлагатай холбогдох эрх зүйн орчныг тодорхой болгох, хүүхэд хөгжүүлэх болон хүний нөөц бэлтгэх хөтөлбөрийг баталж, сургалт зохион байгуулах, яслийн насны хүүхдийн онцлогт нийцсэн орчин бүрдүүлэх талаар батлагдсан төсөвтөө багтаан зохицуулалтын арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд;
2.2. яслийн нэг бүлэгт 15-аас ихгүй хүүхэд хүлээн авах, нэг багш, 2 туслах багш ажиллахаар тооцон орон тооны норматив, яслийн үйлчилгээний нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг хүүхдийн цэцэрлэгийн зардлаас 1,5 дахин их байхаар тооцон, хүүхдийн нас, хөгжлийн онцлогтой уялдуулан нэг өдөрт ногдох хоолны зардлын хэмжээг Сангийн яамтай хамтран тус тус боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд;
2.3. яслийн бүлгийн хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор тоглоом, наадгай болон бусад тавилга, тоног төхөөрөмжөөр хангахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нарт;
2.4. бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд тавигдах шаардлага, яслийн хүүхдийн хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодисын хэмжээ, зөвлөмжийг боловсруулан баталж, мөрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд.
3. Бага насны хүүхэдтэй эхчүүд "Цалинтай ээж" хөтөлбөрт хамрагдаж гэртээ хүүхдээ асран хөгжүүлэхийн зэрэгцээ цахимаар болон бусад арга хэлбэрээр хөдөлмөр эрхлэн орлого олох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.
4. Яслийн үйлчилгээний орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтын зардлыг орон нутгийн төсөвт тусгах, хүний нөөцийн чиглэлээр сургалт, зохион байгуулах, бага насны хүүхэдтэй эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН
Текст томруулах
A
A
A