- Нүүр
- Эрх зүйн акт
- СОНГУУЛЬ АЖИГЛАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Сонгуулийн ерөнхий хорооны
2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн
29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
СОНГУУЛЬ АЖИГЛАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Сонгууль ажиглагч миний бие Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний зан заншил, өв соёл, үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэн сонгуулийг эрх тэгш, шударга зарчмаар, хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглахдаа энэхүү ёс зүйн дүрмийг чанд мөрдөнө.
1. Монгол Улсын сонгуулийг ажиглахдаа хууль тогтоомжийг дагаж мөрдөх ба сонгуулийн байгууллага, ажилтнууд, сонгуулийн үйл ажиллагааны бусад оролцогчдод хүндэтгэлтэй хандана.
2. Монгол Улсын иргэдийн сонгох, сонгогдох эрхийг дээдлэн алагчлалгүй хандана.
3. Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллага, улс төрийн нам, нэр дэвшигчид, түүнчлэн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудалд тэгш хандана.
4. Ажиглагч нь сонгуулийн бүхий л үе шатанд шударга байдлыг эрхэмлэх ба санал авах ажиллагааг ажиглах үедээ улс төрийн нам, нэр дэвшигчийг дэмжсэн, эсвэл эсэргүүцсэн хандлага бүхий аливаа үйлдэл, үйл ажиллагаа зохион байгуулахгүй, оролцохгүй байх, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн уриа, нэр, туг далбаа, бэлгэ тэмдэг, тэдгээрийн өнгө бүхий хувцас хэрэглэл хэрэглэхгүй.
5. Ажиглагч нь сонгуулийн байгууллагын ажилтнаас аливаа асуудлаар асуулт асуух, тодруулга хийх, хүсэлт гаргах эрхтэй боловч сонгуулийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар саад учруулах, хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
6. Ажиглагч сонгууль ажиглах явцдаа ажиглагчийн үнэмлэхээ ил харагдахуйц байдлаар зүүсэн байх ба сонгуулийн байгууллагын ажилтан, бусад эрх бүхий байгууллагын хүсэлтээр биеийн байцаалтаа тухай бүр үзүүлнэ.
7. Сонгууль ажиглагчийг илгээсэн байгууллага, сонгууль ажиглах багийн эрх бүхий этгээд сонгуулийн үйл явцын талаар ярилцлага, мэдээлэл өгч болно. Сонгууль ажиглалтын албан ёсны тайлан гараагүй байхад сонгуулийн үйл ажиллагааг дүгнэж хувийн үзэл бодлоо илэрхийлсэн утга агуулга бүхий мэдэгдэл, тайлбарыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нийтлэхээс зайлсхийнэ.
8. Энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд ажиглагчийн эрх олгосон сонгуулийн байгууллага нь тухайн ажиглагчийн сонгууль ажиглах эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхтэй.
9. Ажиглагч Монгол Улсын Засгийн газар, эрх бүхий байгууллагаас гаргасан аюулгүй байдлыг сахин хамгаалах заавар, зөвлөмжийг даган мөрдөнө.
Ёс зүйн дүрэмтэй танилцаж хүлээн зөвшөөрсөн:
_______________________________________-ын ажиглагч ___________________
/төлөөлж буй этгээдийн нэр/ /Ажиглагчийн нэр/
___________________
/Ажиглагчийн гарын үсэг/
______ он ______ сар _______ өдөр
---оОо---
Текст томруулах
A
A
A