- Нүүр
- Эрх зүйн акт
- БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Сумын ИТХ-ын 2021 оны 7 дугаар
сарын 30-ны өдрийн ээлжит 4 дүгээр
хуралдааны 14 дүгээр тогтоолын хавсралт
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь бэлчээрийн ашиглалтыг тус сумын бэлчээрийг түүний нөөц, даацад нь тохируулан байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор бэлчээрийн экологийн чадавхид суурилсан аргачлалаар төлөвлөх, уг төлөвлөгөөний дагуу улирлын хуваарьтайгаар, зүй зохистой ашиглаж, хамгаалах дадлыг бэлчээр ашиглагчдад төлөвшүүлэхтэй холбогдон сумын нутгийн удирдлага, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Фотомониторингийн аргаар тодорхойлсон бэлчээрийн даацыг үндэслэн тухайн жилийн бэлчээр зохион байгуулалтыг төлөвлөнө.
1.3. Газрын тухай хуулийн 50.1.1-т заасны дагуу бэлчээрийн төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, бэлчээрийн ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тодорхой хувийг бэлчээр ашиглагч-малчин өрх хариуцна.
Хоёр. Бэлчээр ашиглалтыг төлөвлөх
2.1. Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараахь зарчмыг баримтална:
2.1.1. бэлчээрийн экологийн чадавхид суурилах;
2.1.2. бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах.
2.2. Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө (цаашид "бэлчээр ашиглалтын төлөвлөгөө"гэх) нь дараахь шаардлагыг хангасан байна:
2.2.1. бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ (цаашид "фотомониторинг"гэх)-ний дүнд үндэслэсэн байх;
2.2.2. бэлчээрийг улирлын хуваарьтайгаар ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг гаргасан байх;
2.2.3. бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байх;
2.2.4. бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх.
2.3. Сумын Засаг даргын Тамгын газар бэлчээрийн даацад үндэслэсэн тухайн багийн нутаг дэвсгэрт өвөлжих малын тоог гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор багийн багийн Засаг даргад хүргүүлнэ.
2.4. Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төслийг сумын газрын даамал боловсруулж багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэхээр жил бүрийн 10 сарын 01-ний дотор хүргүүлнэ.
2.5. Багийн Засаг дарга тус багийн иргэдийн Нийтийн Хурлаар энэ журмын 2.3-т заасан асуудлыг хэлэлцүүлэн жил бүрийн 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор сумын Засаг даргад хүргүүлнэ.
2.6. Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг тусган, Газрын тухай хуулийн 52.1-д заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүрийн 12 сарын 20-ний дотор батална.
2.7. Бэлчээрийн даац хүрэлцээтэй нөхцөлд өөр аймаг, сумаас өвөлжиж, хаваржиж болох малын тооны дээд хязгаарыг сумын Засаг дарга тогтооно.
2.8. Тухайн сумын нутаг дэвсгэрт бэлчээрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улс, донор байгууллагын төсөл хэрэгжүүлэгч нэгж бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд баг, сумын Засаг даргатай хамтран ажиллаж болно.
Гурав. Бэлчээрийг ашиглуулах
3.1. Иргэний хуулийн 481.1-т заасны дагуу зохион байгуулалтад орсон малчид (цаашид "бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлэг буюу БАХ"гэх)-д сумын Засаг дарга бэлчээрийг Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу болзол, гэрээ (цаашид "бэлчээр ашиглалтын гэрээ"гэх)-гээр ашиглуулж болно.
3.2. БАХ, түүний гишүүн малчин дараахь эрх, үүрэгтэй:
3.2.1.Багийн бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулах, бэлчээрийн даацыг фотомониторингийн аргаар тодорхойлох ажилд оролцох;
3.2.2. Бэлчээрийг өнжөөх, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гарсан шийдвэрийг дагаж биелүүлэх;
3.2.3. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан бэлчээр ашиглалтын улирлын хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх;
3.2.4. Бэлчээр ашиглалтын гэрээнд заасны дагуу бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх;
3.2.5. Гаднаас дур мэдэж айл өрх, мал сүрэг оруулж ирэх, өвөлжөө, хаваржаа, хонд бууцыг бусдад дамжуулан ашиглуулах, түрээслүүлэхгүй байх;
3.2.6. Бэлчээр, усны эх үүсвэрийг хог хаягдал, хортой зүйлс, малын шавхай бууц, сэг зэмээр бохирдуулахгүй байх, тухай бүр цэвэрлэх;
3.2.7. Дур мэдэж өвөлжөө, хаваржаа барих, бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх;
3.2.8. Энэ журмын 3.3-т заасан бэлчээрийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах, уг арга хэмжээний явц, гүйцэтгэлд болон сангийн зарцуулалтын байдалд хяналт тавих.
3.3.БАХ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх бэлчээрийн сантай байна.
Дөрөв. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд сум, багийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1. Сумын тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж чиглэл өгөх;
4.1.2. Энэ журмын хүрээнд үлгэр жишээ ажиллаж буй БАХ, малчны үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, төрийн дээд одон, медальд тодорхойлох.
4.2. Багийн иргэдийн Нийтийн Хурал дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1. Багийн бэлчээрт фото мониторинг хийж болох цэгийг БАХ-ын оролцоотойгоор тогтоох;
4.2.2. Бэлчээрт усан хангамжийг нэмэгдүүлэх саналыг сумын Засаг даргад хүргэх;
4.2.3. Бэлчээрийн даацыг фотомониторингийн аргаар тодорхойлох болон бэлчээр ашиглалтын төлөвлөлтөд БАХ, малчныг татан оролцуулах;
4.2.4. Жил бүрийн 6 дугаар сарын 1-ний дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх;
4.2.5.Бэлчээрийн сангийн хөрөнгөөр тухайн жилд хийж гүйцэтгэх арга хэмжээний саналыг хэлэлцэж батлах;
4.2.6. Бэлчээрийн сан бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт тавих.
5.3. Сумын Засаг дарга дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.3.1.Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг тогтоох;
5.3.2. Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;
5.3.3. Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын хэрэгжилтийн үр дүнд үндэслэх;
5.3.4. Бэлчээр ашиглалтын гэрээний үүргээ биелүүлж ажиллаж байгаа баг, БАХ, малчин өрхүүдийн үйл ажиллагааг дэмжих, сургалт сурталчилгаа зохион байгуулах, туршлага судлахад нь хөрөнгө санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэх;
5.3.5. Гол, горхи, булаг шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахыг зогсоох арга хэмжээ авах;
5.3.6. Сумын бэлчээрт өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжих, хаваржих малчин өрхийг оруулахдаа гэрээ байгуулж, бэлчээр нутгийг зааж өгч нэвтрүүлэх;
5.3.7. БАХ, малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулах, бэлчээрийг зөв ашиглах дадлыг бий болгоход туслах;
5.3.8. Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг БАХ, малчдын оролцоотой зохион байгуулах;
5.3.9. Өвөлжөө, хаваржаа, худаг уст цэгийн байршлыг тогтоох;
5.3.10. Бэлчээрийн даацыг тодорхойлох фотомониторингийн цэгийн тоог нэмэгдүүлэх;
5.3.11. Бэлчээрийн сангийн зарцуулалтын байдалд хяналт-үнэлгээ хийх.
5.4. Сумын Газрын даамал дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.4.1. Сумын нөөц бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан сумын газрын мэдээллийн санд бүртгэх;
5.4.2. Сумын Засаг даргын шийдвэрийг үндэслэн БАХ-тай бэлчээр ашиглуулах гэрээ байгуулж, гэрээг сумын газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх;
5.4.3. Бэлчээр ашиглуулах гэрээний хэрэгжилтийг дүгнэх, холбогдох албан тушаалтан, байгууллагыг мэдээллээр хангах;
5.4.4. Энэ журмын 5.3.9-т заасан өвөлжөө, хаваржаа, худаг, уст цэгийн байршлыг сумын газрын мэдээллийн санд оруулах, тогтмол шинэчлэх.
5.5. Багийн Засаг дарга дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.5.1. Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;
5.5.2. Энэ журамд заасан бэлчээрийн сангийн хөрөнгийг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах;
5.5.3.Тухайн жилд бэлчээрийн санд төвлөрсөн хөрөнгөөр багийн иргэдийн Нийтийн Хурлаас шийдвэрлэсэн ажлыг хэрэгжүүлэх, тайлагнах.
Зургаа. Маргаан шийдвэрлэх, хохирол нөхөн төлүүлэх
6.1. Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52.10-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.
6.2. Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд заасны дагуу зохицуулна.
Текст томруулах
A
A
A