- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УЛААНБАДРАХ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ УЛААНБАДРАХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 01
Дорноговь аймаг,Улаанбадрах сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Улаанбадрах суманд нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ-400, адуу-400, үхэр-400, хонь-300, ямаа-400 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Малын тоо толгойн албан татварыг тогтоосон хэмжээгээр хурааж, жил бүрийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга Г.Ганбүрэнд үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэнээр дагаж мөрдсүгэй.
ДАРГА Ч.ТҮМЭНЖАРГАЛ

ДОРНОГОВЬ АЙМАГ
УЛААНБАДРАХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар 20/33
Улаанбадрах сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйл, 60 дугаар зүйлийн 60.3, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.6 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Мал аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор малын зүй бус хорогдол ихээр гарч, малчдын амьжиргаанд нөлөөлсөн байдлыг харгалзан 2024 оны малын тоо толгойн албан татварыг таван төрөлд 0 (Тэг) төгрөгөөр шинэчлэн тогтоосугай.
2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны "Малын тоо, толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Ганбүрэн)-д үүрэг болгосугай.
ДАРГА Ч.ТҮМЭНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
