A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана:

Ерөнхий чиг үүргийн

1/Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам;

2/Гадаад хэргийн яам;

3/Сангийн яам;

4/Хууль зүйн яам;

Чиглэлийн

5/Аж үйлдвэрийн яам;

6/Барилга, хот байгуулалтын яам;

7/Батлан хамгаалах яам;

8/Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам;

9/Зам, тээврийн яам;

10/Уул уурхайн яам;

11/Хөдөлмөрийн яам;

12/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам;

13/Хүнс, хөдөө аж ахуйн яам;

14/Эрүүл мэнд, спортын яам;

15/Эрчим хүчний яам."

2/20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудал хамаарна:

-улсын хөгжлийн цогц бодлого;

-эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал;

-хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого;

-гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл;

-концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого;

-төрийн өмчийн бодлого;

-тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал;

-цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах бодлого;

-мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны асуудал."

3/20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

"5.Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх асуудлыг эрхэлнэ:

1/Монгол Улсын Шадар сайд:

-гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал;

-хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал;

-стандартчилал, хэмжил зүйн асуудал;

-шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал;

-хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал;

-төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа;

-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал;

-тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

2/Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга:

-Засгийн газрын шийдвэрийн биелэлт;

-Засгийн газрын дотоод мэдээлэл;

-Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал;

-төрийн албаны хүний нөөцийн асуудал;

-орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;

-орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага;

-Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал;

-иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

3/Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд:

-ногоон хөгжлийн бодлого;

-байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого;

-газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого;

-цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал;

-усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал;

-ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан;

-байгаль орчны шинжилгээ, ус цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал;

-биоаюулгүй байдлын бодлого;

-аялал жуулчлалын бодлого;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

4/Гадаад хэргийн сайд:

-гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа;

-гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал;

-гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт;

-гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа;

-дипломат, албан зэргийн виз, консулын асуудал;

-гадаад сурталчилгаа;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

5/Сангийн сайд:

-макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт;

-улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал;

-санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал;

-нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт;

-төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа;

-улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт;

-зээл, тусламжийн нэгдсэн бодлого;

-нягтлан бодох бүртгэлийн бодлого;

-гаалийн бодлого;

-татварын бодлого;

-даатгалын бодлого;

-төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

6/Хууль зүйн сайд:

-эрх зүйн шинэтгэлийн бодлого;

-хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа;

-эрх зүйн туслалцаа;

-улсын хил хамгааллын асуудал;

-цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал;

-шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;

-Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал;

-төрөөс сүм хийдтэй харилцах асуудал;

-иргэний харьяалал, цагаачлалын асуудал;

-энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал;

-төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах асуудал;

-иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл;

-хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүртгэл;

-архивын талаар төрөөс баримтлах бодлого;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

7/Аж үйлдвэрийн сайд:

-хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал;

-хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын асуудал;

-аж үйлдвэрийн паркийн асуудал;

-жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал;

-чөлөөт бүсийн хөгжлийн асуудал;

-экспорт, импортын асуудал;

-дотоод, гадаад худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

8/Барилга, хот байгуулалтын сайд:

-барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого;

-хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал;

-орон сууцны бодлого;

-нийтийн аж ахуйн асуудал;

-газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

9/Батлан хамгаалахын сайд:

-улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого;

-зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого;

-энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

10/Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд:

-боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал;

-шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал;

-шинжлэх ухаан, технологийн мэдээлэл;

-өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал;

-ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого;

-соёл, урлагийг хөгжүүлэх асуудал;

-түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

11/Зам, тээврийн сайд:

-авто замын асуудал;

-авто тээврийн асуудал;

-төмөр замын тээврийн асуудал;

-иргэний нисэхийн асуудал;

-далай ашиглах болон усан замын тээврийн асуудал;

-тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

12/Уул уурхайн сайд:

-геологи, эрдэс баялгийн бодлого;

-геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт;

-газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого;

-олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал;

-ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

13/Хөдөлмөрийн сайд:

-хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого;

-хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаарх асуудал;

-хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал;

-хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт;

-хөдөлмөрийн биржийн асуудал;

-Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал;

-гадаадад ажиллах хүч гаргах асуудал;

-мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

14/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд:

-хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал;

-нийгмийн халамжийн бодлого;

-нийгмийн даатгалын бодлого;

-хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал;

-жендэрийн хөгжлийн асуудал;

-хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

15/Хүнс, хөдөө аж ахуйн сайд:

-хүн амын хүнсний хангамжийн бодлого;

-хүнсний аюулгүй байдлын асуудал;

-мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;

-газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;

-мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого;

-мал, амьтан, ургамлын хорио цээрийн асуудал;

-бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал;

-мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эдийн экспорт, импортын асуудал;

-хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого;

-малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

16/Эрүүл мэнд, спортын сайд:

-хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого;

-эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого;

-эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого;

-хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ;

-нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого;

-мэргэжлийн спортын хөгжлийн асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

17/Эрчим хүчний сайд:

-эрчим хүчний нэгдсэн бодлого;

-эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал;

-сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал;

-эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого;

-түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт;

-эрчим хүчний нүүрс;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал.

18/Монгол Улсын сайд:

-үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД