A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2021 оны 275 дугаар

тогтоолын 2 дугаар хавсралт             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Өмчийн хэлбэр үл харгалзан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургалтын байгууллага" гэх)зохих журмын дагуу бакалаврын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа шилдэг суралцагчид болон гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах иргэнд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг (цаашид "тэтгэлэг" гэх) олгохтой холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.

 

1.2.Тэтгэлгийн зорилго нь олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах эрүүл, төлөвшсөн, эх                    оронч иргэнийг хөгжүүлэх, урамшуулах, дэмжих, сурталчлах, шилдэг мэргэжилтэн-манлайлагчийг бэлтгэхэд оршино.

 

1.3.Тэтгэлэг олгох үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шударга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, цаг хугацаа, орон зай, байршлаас үл хамааран суралцагч бүрд тэгш боломж олгосон байна.

 

1.4.Тэтгэлэгт энэ журмын 2.1-2.3-т заасан шаардлагыг хангасан иргэнийг хамруулна.

 

1.5.Тэтгэлгийг дотоодын дээд боловсролын сургалтын байгууллага болон гадаадын их сургуульд суралцах иргэнд тус тус олгоно.

 

Хоёр.Тэтгэлгийн шаардлага

 

2.1.Тэтгэлгийг дараахь шаардлага хангасан мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрт суралцагчид олгоно:

 

      2.1.1.сургалтын байгууллагын өдрийн ангид суралцдаг байх;

 

      2.1.2.бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.6 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;

 

      2.1.3.техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч   сүүлийн 2 улиралд 3.4 голч дүнтэй, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сүүлийн 2 улиралд "чадамжтай" гэж үнэлэгдсэн байх;

 

     2.1.4.техник, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч нь Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн бол давуу тал болно;

 

     2.1.5.суралцагч нь нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлж сайн дурын үйл ажиллагаа санаачлан, зохион байгуулсан байх.

 

2.2.Соёл, урлаг, спортын чиглэлээр дараахь шаардлагыг хангасан иргэнд гадаадад суралцах сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно:

 

      2.2.1.олон улсын болон үндэсний хэмжээнд зохиогддог соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд оролцож 1, 2, 3 дугаар байрт шалгарч энэ журмын шаардлага хангасан;

 

      2.2.2.Спортын төрлөөр суралцагч (тамирчин) нь олон улсын олимпын хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож медальт байрт шалгарсан, шатар, даамын төрлөөр "олон улсын холбооны мастер" цол хүртсэн.

 

2.3.Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах иргэн дараахь тусгай шаардлагыг хангасан байна:

 

      2.3.1.дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг  хангаж, урилга авсан;

 

      2.3.2.IELTS-ийн 7, IBT TOEFL-ийн 100 онооны шаардлага хангасан.

 

Гурав.Тэтгэлгийн сонгон шалгаруулалт

 

3.1.Тэтгэлэгт хамрагдах иргэний сонгон шалгаруулалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран зохион байгуулна.

 

3.2.Сонгон шалгаруулалтыг тухайн жилийн 2 дугаар улиралд багтаан зохион байгуулна.

 

3.3.Тэтгэлэгт хамрагдах иргэнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яам, агентлаг, иргэд, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 9 гишүүний бүрэлдэхүүнтэй  байгуулна.

 

3.4.Ажлын хэсгийн нийт гишүүдийн саналд үндэслэн сонгон шалгаруулалтын ажлын удирдамжийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд уг ажлын удирдамжийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

 

3.5.Тэтгэлгийн зарыг сонгон шалгаруулалт зохион байгуулахаас                30 хоногийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон цахимаар нээлттэй, ил тод зарлана.

 

3.6.Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэн энэ журмын 2.1-2.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бичгийг сонгон шалгаруулалт зарласан хугацаанд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим санд ирүүлнэ.

 

3.7.Сонгон шалгаруулах үйл ажиллагааг суралцагчийн цахимаар ирүүлсэн баримт бичигт үндэслэн зохион байгуулах бөгөөд хугацаа хожимдуулсан, баримт бичгийн бүрдүүлэлт дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.

 

Дөрөв.Тэтгэлэг олгох

 

4.1.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн суралцагчид дараахь тэтгэлэг олгоно:

 

        4.1.1.энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлагыг хангасан 50 хүртэлх суралцагчид 3,000,000.0 (гурван сая) төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг;

 

     4.1.2.энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан 50 хүртэлх суралцагчийг дэлхийн шилдэг их, дээд сургууль эсхүл зохих журмын дагуу байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд магистр, докторын хөтөлбөрөөр суралцах тэтгэлэг.

 

4.2.Энэ журмын 4.1.2-т заасан суралцагчид тэтгэлгийг сургалтын хөтөлбөрт заасан хугацаанд олгоно.

 

4.3.Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан иргэнийг өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд суралцахад бэлтгэл хөтөлбөрийн сургалтад хамруулж болно.

 

Тав.Тэтгэлгийн санхүүжилтийн эх үүсвэр

 

5.1.Тэтгэлэг нь дор дурдсан санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдэнэ:

 

      5.1.1.Боловсролын зээлийн сангийн хөрөнгө;

 

      5.1.2.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хөрөнгө.

 

Зургаа.Тэтгэлэгт хамрагдах суралцагчийн хариуцлага

 

6.1.Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн суралцагчтай Боловсролын зээлийн сангийн Ажлын алба гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

 

6.2.Сонгон шалгаруулалтад тэнцэж тэтгэлэгт хамрагдсан суралцагч эрүүл мэндийн шалтгаанаас бусад шалтгаанаар суралцаагүй тохиолдолд төрөөс санхүүжүүлсэн санхүүжилтийг төрд буцааж бүрэн төлнө. Эрүүл мэндийн шалтгаанаар суралцах боломжгүй болсныг эрүүл мэндийн эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор нотолно.

 

6.3.Энэ журам нь хоёр дахь удаагаа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчид хамаарахгүй.

 

Долоо.Бусад

 

7.1.Тэтгэлэгтэй холбогдуулж сонгон шалгаруулалтад ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

7.2.Сонгон шалгаруулалттай холбогдон гарсан маргааныг энэ журмын    3.3-т заасан Ажлын хэсэг  шийдвэрлэнэ.

 

7.3.Энэ журмаар зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж, Боловсролын зээлийн сангийн дүрэм, журмаар зохицуулна.

 

 

 

 

---o0o---