A

A

A

Бүлэг: 1979

 

         Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын               

                                                                                  2021 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн

                                                                                     А/192 дугаар тушаалын хавсралт

ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

        1.1.Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход энэхүү журмыг баримтална.

            

        1.2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дундажийг тодорхойлоход энэхүү журам хамаарахгүй.

 

1.3.Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно.

 

        1.4.Цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийг дор дурдсан утгаар ойлгоно:

 

1.4.1."үндсэн цалин" гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг хэлнэ. Үндсэн цалинд хийснээр болон цагаар тооцсон цалин, албан тушаалын цалин, хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад хөлс;

 

1.4.2."нэмэгдэл" гэж ажилтан, албан хаагчийн мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага, мэргэшлийн түвшин, хөдөлмөрийн нөхцөл, ажлын гүйцэтгэл зэргийг харгалзан нэмэгдүүлэн олгож байгаа хөлсийг хэлнэ. Нэмэгдэлд хөдөлмөрийн нөхцөлийн, ажилласан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, цолны, зэрэг дэвийн, мэргэшлийн зэргийн, эрдмийн зэргийн, ур чадварын нэмэгдэл болон хууль тогтоомж, хамтын  гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа тэдгээртэй адилтгах бусад нэмэгдэл;

 

1.4.3."нэмэгдэл хөлс" гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэн, эсхүл ажил хослон гүйцэтгэсэн, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн зэрэг тохиолдолд нэмэгдүүлэн олгож байгаа хөлсийг хэлнэ. Нэмэгдэл хөлсөд илүү цагаар, шөнийн цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баярын өдрөөр ажилласны нэмэгдэл хөлс болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа тэдгээртэй адилтгах бусад нэмэгдэл хөлс;

 

1.4.4. "ээлжийн амралтын цалин" гэж ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгохдоо холбогдох хууль тогтоомжийн дагуу тооцон олгож байгаа цалин;

 

           1.4.5. "шагнал урамшуулал" гэж ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэл эсхүл тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, онцгой чухал ажил гүйцэтгэсэн байдлыг үнэлэн олгож байгаа мөнгөн урамшууллыг хэлнэ. Шагнал урамшуулалд ажлын үр дүн, гүйцэтгэлийн урамшуулал; онцгой чухал ажил  гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа мөнгөн урамшуулал тус тус хамаарна.

 

1.5.Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй.

 

        1.6.Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно.  

 

1.7.Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байна.

       

Хоёр. Дундаж цалин хөлс тодорхойлох

 

           2.1.Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно:

 

   2.1.1.нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж;

   2.1.2.нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж;

   2.1.3.нэг цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт цагийн тоонд хувааж тооцно.

         2.2.Илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно. Энэ тохиолдолд дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулахгүй байж болно. Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоноор нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулж болно. ХНХС-ын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар нэмэлт орсныг тусгав.

Жишээ 1: Ажилтан Б 2022 оны 6 дугаар сард ажлын 21 өдөр буюу 168 цаг ажиллахаас ажлын шаардлагаар 8 цаг илүү ажиллаж, нөхөн амраагүй бол түүнд олгох илүү цагийн хөлсийг дараах байдлаар тооцно:

 

Он, сар

Ажлын өдөр

Ажлын цаг

Сарын цалин хөлс

2022 оны 3 дугаар сар

22

176

1,144,000

2022 оны 4 дүгээр сар

21

168

1,092,000

2022 оны 5 дугаар сар

22

176

1,144,000

Дүн

65

520

3,380,000

 

Нэг цагийн дундаж цалин хөлс = 3,380,000 төгрөг÷ 520 цаг = 6,500 төгрөг

Илүү цагт ногдох нэмэгдэл хөлс = 6,500 төгрөг× 8 цаг× 1.5 = 78,000 төгрөг болно.

 

          Жишээ 2: Ажилтан Д 2022 оны 7 дугаар сарын 11- ний өдөр ажлын шаардлагаар 6 цаг ажилласан бол түүнд олгох нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг дараах байдлаар тооцно:

 

Он, сар

Ажлын өдөр

Сарын цалин хөлс

2022 оны 4 дүгээр сар

21

1,100,000

2022 оны 5 дугаар сар

22

1,152,000

2022 оны 6 дугаар сар

21

1,100,000

Дүн

64

3,352,000

 

 

 

Нэг ажлын өдрийн дундаж цалин хөлс = 3,352,000 төгрөг ÷ 64 ажлын өдөр = 52,375 төгрөг

Нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс = 52,375 төгрөг ÷ 8 цаг × 6 цаг × 2.0 = 78,562.5 төгрөг болно.

 

        2.3.Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно:

 

2.3.1.ажил хаялтад оролцоогүй боловч түүнээс шалтгаалан ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан хугацаанд олгох олговор;

2.3.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 80.5-д заасны дагуу ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаанд олгох олговор;

2.3.3.сул зогсолтын хугацаанд ажилтнаар өөр ажил гүйцэтгүүлсний улмаас ажилтны цалин хөлсний хэмжээ буурсан тохиолдолд олгох олговор;

2.3.4.донорын үүрэг гүйцэтгэх хугацаанд олгох олговор;

2.3.5.хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор;

2.3.6.ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас ажилтны цалин хөлсний хэмжээ буурсан тохиолдолд олгох олговор;

2.3.7.эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулж олгосон чөлөөний  хугацаанд олгох олговор;

2.3.8.нярай хүүхэд үрчлэн авсан эцэг эсхүл эхэд хүүхдийг нь 60 хоногтой болтол хугацаагаар чөлөө олгосон үеийн тэтгэмж.

 

           Жишээ 3: Ажилтан Т 2022 оны 3 дугаар сард ажилд орсон бөгөөд  түүний эхнэр 6 дугаар сард амаржиж, байгууллагаас түүнд хүүхдээ асрахад нь зориулж ажлын 10 өдрийн чөлөө олгосон. Чөлөөтэй байх хугацааны олговрыг дараах байдлаар тооцно: 

 

Он, сар

Ажлын өдөр

Сарын цалин хөлс

2022 оны 3 дугаар сар

22

1,200,000

2022 оны 4 дүгээр сар

21

1,200,000

2022 оны 5 дугаар сар

23

1,200,000

Дүн

66

3,600,000

 

Нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс = 3,600,000 төгрөг ÷ 66 ажлын өдөр=54,545.45 төгрөг 

Чөлөөний олговор = 54,545.45 төгрөг × 10 ажлын өдөр = 545,454.54 төгрөг

 

           Жишээ 4: Ажилтан Г-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 10 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгох талаар 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэж, ажлаас халагдах сүүлийн өдөр хүртэлх хугацаанд нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгохоор шийдвэрлэсэн бол олговрыг дараах байдлаар тооцно:  

 

Он, сар

Ажлын өдөр

Сарын цалин хөлс

2022 оны 6 дугаар сар

20

1,250,000

2022 оны 7 дугаар сар

19

1,200,000

2022 оны 8 дугаар сар

23

1,300,000

Дүн

62

3,750,000

 

Нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор = 3,750,000 төгрөг ÷ 3 сар = 1,250,000 төгрөг

 

        2.4.Ажилтны цалин хөлснөөс суутгал хийж хохирлыг нөхөн төлүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тооцно.

 

          Жишээ 5: Ажилтан өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас ажил олгогчид эд хөрөнгийн бодит хохирол учруулсан тохиолдолд суутгалын хэмжээг тооцох дундаж цалин хөлсийг дараах байдлаар тооцно: 

 

Он, сар

Ажлын өдөр

Сарын цалин хөлс

2021 оны 3 дугаар сар

20

1,000,000

2021 оны 4 дүгээр сар

21

1,050,000

2021 оны 5 дугаар сар

23

1,150,000

2021 оны 6 дугаар сар

20

1,000,000

2021 оны 7 дугаар сар

19

950,000

2021 оны 8 дугаар сар

23

1,150,000

Дүн

126

6,300,000

 

 

Нэг сарын дундаж цалин хөлс = 6,300,000 төгрөг ÷ 6 сар = 1,050,000 төгрөг

 

            2.5.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогчоос  ажилтан эсхүл ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тооцно.

 

          Жишээ 6: Ажилтан Т ажилд ороод 6 сар ажиллаад үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 30.0 хувиар алдсан тул ажил олгогчоос түүнд нэг сарын дундаж цалин хөлсийг 5 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн. Нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох дундаж цалин хөлсийг дараах байдлаар тооцно:

 

Он, сар

Ажлын өдөр

Сарын цалин хөлс

2022 оны 1 дүгээр сар

20

950,000

2022 оны 2 дугаар сар

19

950,000

2022 оны 3 дугаар сар

23

1,100,000

2022 оны 4 дүгээр сар

15

700,000

2022 оны 5 дугаар сар

22

1,100,000

2022 оны 6 дугаар сар

21

1,100,000

Дүн

120

5,900,000

 

Нэг ажлын өдрийн дундаж цалин хөлс = 5,900,000 төгрөг ÷ 120 ажлын өдөр = 49,166.66 төгрөг;

Нэг сарын дундаж цалин хөлс = 49,166.66 төгрөг × 21 ажлын өдөр = 1,032,499.86 төгрөг;

Нөхөн төлбөрийн хэмжээ = 1,032,499.86 төгрөг × 5 дахин = 5,162,499.3 төгрөг

 

2.6.Ажилтны ажилласан хугацаа нь энэ журмын 2.2-2.5-т заасан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн ажилтны ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдөр эсхүл нийт ажилласан цагт хувааж нэг ажлын өдрийн эсхүл нэг ажлын цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлно.  

 

- - - oOo - - -