- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХУГАЦАА, ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2021 оны 362 дугаар
тогтоолын хавсралт
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН
ХУГАЦАА, ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.2, 13.1.6-д зааснаас бусад нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж (цаашид "тэтгэвэр, тэтгэмж" гэх)-ийн хугацаа, олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна. (Энэ хэсэгт Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
Хоёр.Тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах иргэний хүсэлтийг
хүлээн авч, хянан шийдвэрлэх
2.1.Иргэн тэтгэвэр, тэтгэмж авах хүсэлтээ Засгийн газраас баталсан "Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам"-ын дагуу цахим хэлбэрээр гаргана. Сум, хорооны нийгмийн ажилтан иргэний цахим хүсэлтийг ажлын 3 хоногийн дотор хянан бүртгэж, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад илгээнэ
2.2.Иргэн тэтгэвэр, тэтгэмж авах хүсэлтээ цахим хэлбэрээр гаргах боломжгүй тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтанд хандан гаргана. Сум, хорооны нийгмийн ажилтан хүсэлтийг хүлээн авч, нийгмийн халамжийн нэгдсэн систем (цаашид "систем" гэх)-д бүртгэн аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад илгээнэ.
2.3.Сум, хорооны нийгмийн ажилтан энэ журмын 2.2-т заасан иргэний тэтгэвэр, тэтгэмж авах хүсэлтийг системд бүртгэхдээ холбогдох хууль тогтоомжид заасан шалгуур, нөхцөлийг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, иргэнд зөвлөгөө өгнө.
2.4.Сум, хорооны нийгмийн ажилтан нь тэтгэвэр, тэтгэмж авах хүсэлт гаргасан Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4, 12.1.5, 13.2, 13.5.1-13.5.4, 13.5.6, 13.5.7-д заасан өрх, иргэний амьдралын нөхцөл байдлыг судлан үзэж, холбогдох саналаа ажлын 10 хоногт багтаан Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
2.5.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.1-13.2.4-т заасан иргэнд тэтгэмж олгохдоо Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг үндэслэн сум, хорооны нийгмийн ажилтан асрамжилж байгаа болон асруулагч иргэнтэй гурвалсан гэрээг байгуулна. Гэрээг Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.1-13.2.3-т заасан иргэний тухайд 2 хүртэл жилийн хугацаагаар, мөн хуулийн 13.2.4-т заасан иргэний тухайд эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан өвчин, гэмтлийн жагсаалтад заасан хугацаагаар байгуулна. Эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан өвчин, гэмтлийн жагсаалтад орсон хугацаа заагаагүй өвчин, гэмтэлтэй иргэнийг асарч байгаа Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.4-т заасан иргэний тухайд 2 жилийн хугацаагаар гэрээг байгуулна.
2.7.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь сум, хорооны нийгмийн ажилтны илгээсэн иргэний хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор хянаж, баталгаажуулна.
2.8.Байнгын асаргаа шаардлагатай бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй иргэний тодорхойлолтыг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргын дүгнэлт, оношилгоо, үзлэг шинжилгээ, холбогдох баримт бичгийг үндэслэн, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан маягтын дагуу дараах комисс тогтоож сунгана: (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
2.8.1.ахмад настан, 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний тодорхойлолтыг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс;
2.8.2.оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэний тодорхойлолтыг аймагт нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, нийслэлд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмнэлэг хяналтын комисс;
2.8.3.байнгын асаргаа шаардлагатай 0-18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын аймаг, дүүргийн орон тооны бус салбар комисс.
2.9.Амьжиргааг дэмжих зөвлөл нь энэ журмын 2.8-д заасан иргэний нөхцөл байдлыг судалж, тэтгэмжид хамруулж болох эсэх талаар шийдвэрээ гаргана.
2.10.Амьжиргааг дэмжих зөвлөл энэ журмын 2.8-д заасан тодорхойлолт тухайн иргэний бодит нөхцөл байдалтай нийцэхгүй гэж дүгнэсэн бол энэ тухайгаа шийдвэртээ тодорхой тусгана.
2.11.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 2.8-д заасан тодорхойлолт тухайн иргэний бодит нөхцөл байдалтай нийцэхгүй гэж дүгнэсэн Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл уг шийдвэрийг тухайн аймаг, дүүргийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд хүргүүлж, дүгнэлт гаргуулна. (Энэ хэсэгт Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
2.12.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр болон энэ журмын 2.11-д заасан дүгнэлтийг үндэслэн иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
2.13.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 2.8-д заасан комиссын шийдвэрийг тухайн иргэний бодит нөхцөл байдалтай нийцэхгүй гэж дүгнэсэн бол асаргааны тэтгэмжийг түдгэлзүүлж, холбогдох хяналт, шалгалтыг зохион байгуулна. Хяналт, шалгалтаар асаргааны тэтгэмжийг олгох шийдвэр гарсан тохиолдолд түдгэлзүүлсэн хугацаанаас тооцож нөхөн олгоно. (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
2.14.Энэ журмын 2.8-д заасан комисс нь иргэний байнгын асаргаа шаардлагатай эсэхийг дараах хэлбэрээр тогтоож, эсхүл сунгана: (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
2.14.1.иргэнийг биечлэн ирүүлэхгүйгээр холбогдох баримт бичигт үндэслэн;
2.14.2.шаардлагатай тохиолдолд холбогдох баримт бичгийг үндэслэн цахим хэлбэрээр.
2.15.Энэ журмын 2.8-д заасан комисс нь гадаад улсад байгаа, отор хийж байгаа малчин өрхийн, эсхүл байнга оршин суудаг газраас өөр орон нутагт эмчлүүлж байгаа иргэний байнгын асаргаа шаардлагатай тухай тодорхойлолтыг холбогдох баримт бичигт үндэслэн цахим хэлбэрээр тогтоож, сунгана. (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
2.16.Энэ журмын 2.8-д заасан тодорхойлолтын хугацааг өвчний явц, хүндрэлийг харгалзан, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан өвчин, гэмтлийн жагсаалтыг үндэслэн сунгах тохиолдолд сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй. (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
2.17.Байнгын асаргаа шаардлагатай хүүхэд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй болохыг эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан өвчин, гэмтлийн жагсаалтыг үндэслэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс тодорхойлно. (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
2.18.Төрөлжсөн асрамжийн газарт асруулж байгаа, сэтгэцийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа, хорих ангид ял эдэлж байгаа хүний тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлтийг тухайн байгууллагын нийгмийн ажилтан нь байгууллагын байрлаж байгаа газрын нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хандан гаргана. Нийгмийн ажилтан нь зөвхөн хүсэлт гаргах эрхтэй бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийг арилжааны банк дахь тухайн иргэний нэр дээрх дансанд шилжүүлнэ. (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
Гурав.Иргэний тэтгэвэр, тэтгэмж авах хүсэлтийг
шийдвэрлэхэд шаардагдах баримт бичиг
3.1.Иргэний тэтгэвэр, тэтгэмж авах хүсэлтийг системд цахим хэлбэрээр байршсан дараахь баримт бичгийг үндэслэн шийдвэрлэнэ:
3.1.1.өргөдөл (маягтын дагуу);
3.1.2.сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.1.3.иргэний үнэмлэх;
3.1.4.16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт;
3.1.5.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан тохиолдолд одой болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
3.1.6.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-т заасан хүүхдийн тухайд тэжээгчийн нас барсны гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх;
3.1.7.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.5-д заасан тохиолдолд 18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ, эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн иргэний үнэмлэх.
3.2.Иргэний нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж авах хүсэлтийг энэ журмын 3.1.1-3.1.3-т зааснаас гадна дараахь баримт бичгийг үндэслэн шийдвэрлэнэ:
3.2.1.асруулагчийн иргэний үнэмлэх (16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ);
3.2.2.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.4-т заасан иргэний хувьд энэхүү журмын 2.8-д заасан тодорхойлолт;
3.2.3.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.1-д заасан иргэний тухайд бүтэн өнчин хүүхэд асран халамжлах бол хүүхдийн эцэг, эхийн нас барсны гэрчилгээ, хүүхдийг үрчлэн авсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон тухай сум, дүүргийн Засаг даргын захирамж;
3.2.4.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.1-д заасан иргэний асрах хүүхдийн эцэг, эх нь иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон, эрх зүйн чадамжаа хязгаарлуулсан, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, хорих газар ял эдэлж байгаа бол шүүхийн шийдвэр; (Энэ заалтад Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
3.2.5.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.2-т заасан иргэний асрах хүүхдийн эцэг, эх нь удаан хугацаагаар (3 сараас дээш) эмнэлэгт эмчлүүлж байгаа бол эмнэлгийн ерөнхий эмчийн тодорхойлолт;
3.2.6.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.1-д заасан иргэний асрах хүүхдийн эцэг, эх хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн бол энэ тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт; (Энэ заалтад Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
3.2.7.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.1-д заасан иргэний асрах хүүхдэд хүчирхийллийн улмаас хамгаалалт шаардлагатай болсон бол энэ тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт. (Энэ заалтад Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
3.3.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1-13.5.4-т заасан өрх, иргэний онцгой тохиолдлын тэтгэмж авах хүсэлтийг энэ журмын 3.1.1-3.1.3-т зааснаас гадна дараахь баримт бичгийг үндэслэн шийдвэрлэнэ:
3.3.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1, 13.5.4-т заасан тохиолдолд өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ хуулбарын хамт; (Энэ заалтад Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
3.3.2.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1-д заасан тохиолдолд гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсныг тодорхойлсон мэргэжил (онцгой байдлын асуудал хариуцсан хэлтэс)-ийн байгууллагын акт; (Энэ заалтад Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
3.3.3.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.2-т заасан тохиолдолд эцэг, эхийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсон, эцэг, эх байх эрхийг нь хассан, хязгаарласан, эцэг, эх нь эрх зүйн чадамжгүй гэж тогтоогдсон, эсхүл гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх (эцэг) нь нас барсан тохиолдолд шүүхийн шийдвэр, эцэг, эх нь тогтоогдоогүй бол энэ тухай цагдаагийн байгууллагын лавлагаа, тодорхойлолт; (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
3.3.4.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1, 13.5.3, 13.5.4-т заасан тохиолдолд харьяа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа;
3.3.5.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.3-т заасан тохиолдолд ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан тухай холбогдох байгууллагын тодорхойлолт.
3.4.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.6, 13.5.7, 13.5.9-д заасан тэтгэмж авах хүсэлтийг энэ журмын 3.1.1-3.1.3-т зааснаас гадна дараахь баримт бичгийг үндэслэн шийдвэрлэнэ:
3.4.1.хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт эсхүл 16 насанд хүрсэн иргэний үнэмлэх;
3.4.2.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.6, 13.5.7-д заасан тохиолдолд энэхүү журмын 2.8-д заасан тодорхойлолт;
3.4.3.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.9-д заасан тохиолдолд одонгийн үнэмлэх.
3.5.Төрийн мэдээллийн нэгдсэн системээс авах боломжтой иргэний мэдээллийг давхардуулан шаардахгүй.
3.6.Энэ журмын 3.2-т заасан баримт бичгийг үндэслэн байнгын асаргааны тэтгэмж авч байгаа иргэнээс нэмэлт баримт бичиг шаардахгүйгээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.6, эсхүл 13.5.7-д заасан тэтгэмжийг олгоно. (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
Дөрөв.Тэтгэвэр, тэтгэмж олгох хугацаа
4.1.Тэтгэвэр, тэтгэмжийг иргэний хүсэлт гаргасан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, хуулиар тогтоосон бусад эрх нь дуусгавар болсон өдрийг хүртэл хугацаанд, нас барсан тохиолдолд нас барсны дараагийн сарыг дуусах хүртэл хугацаанд олгоно.
4.2.Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний байнгын асаргаа шаардлагатай байх хугацааг энэ журмын 2.8-д заасан эмч, эмнэлгийн байгууллага, комисс нь эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан өвчин, гэмтлийн жагсаалтад заасан хугацааг баримтлан тогтоох буюу сунгана.
4.3.Иргэний хөдөлмөрийн чадвар алдсан болон байнгын асаргаа шаардлагатай байх хугацааг нөхөн сунгасан бол аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь уг иргэнд тухайн хугацааны тэтгэвэр, тэтгэмжийг нөхөж олгоно.
4.4.Тэтгэвэр, тэтгэмж авагч нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахгүй байх үүрэг хүлээнэ. (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
Тав.Тэтгэвэр, тэтгэмж олголт
5.1.Иргэнд тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүссэн эсэх тухай мэдэгдлийг системээс цахим хэлбэрээр хүргүүлнэ.
5.2.Энэ журмын 5.1-д заасан эрх үүссэн иргэний тэтгэвэр, тэтгэмжийг системд бүртгүүлсэн банкны дансаар нь дамжуулан олгоно. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.2, 13.2.3-т заасан иргэнд өөрийнх нь оршин суугаа хаягийн дагуу, 13.2.4-т заасан иргэнд асруулагчийн оршин суугаа хаягийн дагуу тэтгэмж олгоно.
5.3.Тэтгэвэр, тэтгэмжийг тэтгэвэр, тэтгэмж авагчийн итгэмжлэлийг үндэслэн түүний гэр бүлийн гишүүнд олгож болно. Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэн, албан тушаалтан тус хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу гэрчилнэ. (Энэ хэсэгт Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
5.4.Асаргааны тэтгэмжийг асруулагч тус бүрээр тооцож олгоно. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.1, 13.2.2-т заасан иргэнд хүүхдийн тоо хамаарахгүй олгоно. Нэг иргэн нэг хаяг дээр оршин суугаа 3 хүртэлх иргэнийг асарч болно. (Энэ хэсэгт Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
5.5.Асаргааны тэтгэмжийг хөдөлмөрийн насны иргэн, ахмад настан болон Иргэний хуулийн 15.2-т заасны дагуу шүүхээс бүрэн чадамжтай гэж тооцсон 16-аас дээш насны иргэнд олгож болно.
5.6.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-т заасан 1-2 хүүхдэд Засгийн газраас тогтоосон нийгмийн халамжийн тэтгэврийн, 3-4 хүүхдэд Засгийн газраас тогтоосон нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэн, 5 болон түүнээс дээш хүүхдэд Засгийн газраас тогтоосон нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр бодож тэтгэвэр олгоно.
5.7.Тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийн 18 хүртэлх насны бүх хүүхдэд нэгтгэн нэг тогтооно. Тогтоосон тэтгэврийг тэдний хүсэлтээр хүүхдүүдэд адил хэмжээгээр хувааж олгож болно.
5.8.Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага оршин суугаа засаг захиргааны нэгжээсээ бүрмөсөн шилжиж байгаа иргэний хувийн хэргийг хуулбарлан авч хадгалах бөгөөд эх хувийг тухайн иргэнд өөрт нь өгнө. Иргэн нь шилжин очсон засаг захиргааны нэгжийн нийгмийн ажилтан, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хувийн хэргээ хүлээлгэн өгч тэтгэвэр, тэтгэмжээ үргэлжлүүлэн авна. Цахим хэлбэрээр хүсэлт гаргасан иргэдийн хувийн хэргийг системээс шилжүүлнэ.
5.9.Иргэн байнга оршин сууж байсан засаг захиргааны нэгжээс бүрмөсөн шилжсэнээс хойш 180 хоногийн дотор шилжин суурьшсан нутаг дэвсгэрийн захиргаанд бүртгүүлээгүй бол бүртгэлгүй байсан хугацааны тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн олгохгүй.
5.10.Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авах эрх нэгэн зэрэг үүсч байгаа бол иргэнд тэтгэвэр, тэтгэмжийг давхар олгоно. Асаргааны тэтгэмж авах хэд хэдэн нөхцөлийг зэрэг хангаж байгаа бол хуульд заасны дагуу тэтгэмжийг олгож болно. (Энэ хэсэгт Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор 2 дахь өгүүлбэр нэмсэн)
5.11.Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тэтгэвэр, тэтгэмж олгохдоо оршин суугчийн үнэмлэхийг үндэслэнэ.
5.12.Гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэнд тэтгэмж олгохдоо Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.8-д заасан үйлчилгээнд хамрагдсан бүртгэл, бие даан амьдрах чадвартай, орон гэр зайлшгүй шаардлагатайг нотолсон нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ, Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг үндэслэнэ.
5.13.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1-д заасан өрхөд тэтгэмж олгохдоо гамшгийн улмаас гэр оронгүй болсон, эсхүл гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон, өрхийн амьжиргааны эх үүсвэр болж байсан мал, амьтан, тээврийн хэрэгсэл, өрхийн үйлдвэрлэлийн байр, таримал ургамал (жимс жимсгэнэ, цэцэг, нарийн ногоо, өрхийн хүлэмж гэх мэт) болон тэдгээртэй адилтгах орлогын эх үүсвэрээ алдсан тухай мэргэжлийн (онцгой байдлын асуудал хариуцсан хэлтэс зэрэг) байгууллагын актыг үндэслэнэ. (Энэ хэсэгт Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
5.14.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.3, 13.5.4-т заасан иргэнд тэтгэмж олгохдоо энэхүү журмын 3.1.1-3.1.3-т зааснаас гадна Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтран баталсан захиргааны мэдээлэл болон асуулгын арга хослуулсан аргачлалын дагуу мэдээллийн санд бүртгэгдсэн тухайн өрхийн амьжиргааны түвшний үнэлгээг үндэслэнэ.
5.15.Төрөлжсөн асрамжийн газарт асруулж байгаа хүүхдийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлтийг асрамжийн газрын, эсхүл сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан гаргана; (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.16.Энэ журмын 5.15-д заасан асрамжийн газрын, эсхүл сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нь төрөлжсөн асрамжийн газарт асруулж байгаа хүүхдэд зөвхөн данс нээлгэх эрхтэй бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийг арилжааны банк дахь хүүхдийн нэр дээрх хугацаатай хадгаламжийн дансанд шилжүүлнэ; (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.17.Хадгаламжийн дэвтрийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага хадгалж, хүүхдийг 18 нас хүрсний дараа өөрт нь, хүүхэд нас барсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүний өв залгамжлагчид нь тооцоо нийлсэн акт үйлдэж, хүлээлгэн өгнө; (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.18.Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага болон хүүхдийн асрамж халамжийн байгууллагын нийгмийн ажилтан нь 18 нас хүрээгүй байхдаа асрамжийн газраас гарч байгаа хүүхдийн хугацаатай хадгаламжийн дансанд хуримтлагдсан тэтгэвэр, тэтгэмжийг захиран зарцуулах эрхийг 18 нас хүрсний дараа хүүхдэд өөрт нь олгоно; (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.19.Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 18 хүртэлх насны мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, коллежид суралцаж байгаа хүүхдийн тэтгэвэр, тэтгэмжийн 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансанд шилжүүлнэ; (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.20.Асрамжийн газар болон орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага нь хүүхдийг 18 насанд хүрч хадгаламжийн дансан дахь мөнгөө захиран зарцуулахаас өмнө санхүүгийн мэдлэг, боловсрол олгох сургалтад хамруулж, өөрөө хүсвэл үргэлжлүүлэн хадгаламжид хадгалж, асрамжаас гарч бие даан амьдрахад нь хүлээлгэн өгнө; (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.21.Энэ журмын 5 дугаар зүйлийн 5.15-5.20 дахь хэсэгт хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан аймаг, дүүргийн байгууллага, хүүхдийн эрхийн улсын байцаагч, сум хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хяналт тавьж ажиллана; (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.22.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын хяналт, шалгалт хариуцсан нэгж нь Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэнийг зөв тогтоосон эсэхэд түүврийн аргаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг улирал тутамд хийнэ; (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.23.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа, ажилтны ёс зүй, харилцаа хандлагыг цаасан болон цахим (киоск, мессеж) хэлбэрээр үнэлж, сэтгэл ханамжийн судалгааны дүнд үндэслэн үйлчилгээг сайжруулах, сургалт зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулна; (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.24.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээний талаар иргэдийн санал, гомдлыг цаасан болон цахим хэлбэрээр, тусгай дугаар бүхий нээлттэй утсаар хүлээн авч шийдвэрлэнэ; (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.25.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэнийг үнэн зөв тогтоосон эсэхэд хийх хөндлөнгийн хяналт, шалгалтыг жилд нэг удаа өндөр настны тэтгэвэр тогтоолгосон эмч, багш, хуульч зэрэг мэргэжилтэй ахмад настны төлөөлөл бүхий зөвлөл хийх бөгөөд тэднийг зөвлөх үйлчилгээний хүрээнд сонгон шалгаруулж, шаардагдах зардлыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ; (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.26.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох үйлчилгээ үзүүлэх ажилтнуудад сургалт зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага улирал тутам тогтмол зохион байгуулна; (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.27.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага, ажилтан нь энэ журамд зааснаас гадна нэмэлт баримт бичиг иргэдээс шаардахыг хориглоно. (Энэ хэсгийг Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор нэмсэн)
Зургаа.Тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох
6.1.Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь дараахь тохиолдолд Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг харгалзан иргэний тэтгэврийг энэхүү журмын 4.1-д заасан хугацаа дууссан өдрөөс зогсоох шийдвэр гаргана:
6.1.1.тэтгэвэр авагч нь нас барсан;
6.1.2.нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн;
6.1.3.хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 50 хувиас доош болсон тухай эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан;
6.1.4.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.5-д заасан эцэг, эхийн хүүхэд нь насанд хүрсэн, үрчлэгдсэн, нас барсан зэрэг шалтгаанаар хүүхдийн тоо 4-өөс бага болж тэтгэвэр авах нөхцөл хангагдахаа больсон;
6.1.5.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-т заасан хүүхэд 18 насанд хүрсэн.
6.2.Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг харгалзан дараахь тохиолдолд иргэний тэтгэмжийг зогсоох шийдвэр гаргана:
6.2.1.асруулагчийн биеийн байдал илт сайжирч асаргаа шаардлагагүй болсон нөхцөл байдал тогтоогдсон;
6.2.2.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.1, 13.2.2, 13.2.4-т заасан асаргааны тэтгэмж авагч иргэний асарч байсан хүүхэд үрчлэгдсэн;
6.2.3.энэ журмын 2.5-д заасан гэрээний үүргийг биелүүлээгүй;
6.2.4.хуурамч материал бүрдүүлэн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан, тогтоон олгосон нь хяналт шалгалтаар тогтоогдсон.
6.3.Энэ журмын 2.5-д заасан гэрээний хугацаа дууссан өдрөөс тэтгэмжийг зогсооно.
6.4.Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэ журмын 2.5-д заасан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ба шаардлагатай гэж үзвэл Амьжиргааг дэмжих зөвлөлд санал оруулж, гэрээг хугацаанаас өмнө цуцалж болно.
6.5.Сум, хорооны нийгмийн ажилтан нь гэрээний хугацаа дуусах бүрт гэрээний хэрэгжилтийг дүгнэж, Амьжиргааг дэмжих зөвлөлд санал оруулж, гэрээг сунгах эсэхийг шийднэ.
7.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нийгмийн халамжийн сангийн дансанд сар бүрийн 8-ны өдрийн дотор шилжүүлнэ.
7.2.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүссэн иргэний мэдээлэл бүхий жагсаалт (цаашид "жагсаалт" гэх)-ыг сар бүрийн 10-ны өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
7.3.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын 7.2-т заасан жагсаалтыг холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийн сантай тулган баталгаажуулж, тухайн сарын батлагдсан төсвийн хуваарийн дагуу сар бүрийн 12-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн газар (цаашид "Төрийн сангийн газар" гэх)-т хүргүүлнэ.
7.4.Төрийн сангийн газар нь нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан "Автомат клиринг хаус системийн дүрэм"-ийн дагуу цахимаар ирүүлсэн төлбөрийн мэдээллийг үндэслэн ажлын гурав хоногийн дотор багцын гүйлгээгээр тэтгэмжийг олгоно.
7.5.Төрийн сангийн газар тэтгэвэр, тэтгэмж олголтын буцаалтыг "Автомат клиринг хаус системийн дүрэм"-д заасны дагуу нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох дансанд буцаан төвлөрүүлнэ.
7.6.Тэтгэвэр, тэтгэмж авсан иргэний системд бүртгэлтэй банкны дансны дугаар, нэр болон бусад мэдээлэл зөрүүтэйн улмаас санхүүжилт буцаагдсан тохиолдолд аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага "Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам"-ын 4.6-4.9-д заасныг баримтлан шийдвэрлэнэ.
8.1.Энэ журмын 2.5-д заасан гэрээний загварыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
8.2.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2-т заасан асаргааны тэтгэмж авч байгаа иргэнд асаргаа, сувилгааны болон асрамжлах үйлчилгээний ур чадвар эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр, түүнийг зохион байгуулах журам, зардлын хэмжээг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, зардлыг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.
8.3.Энэ журмын 8.2-т заасан сургалтыг сургалтад хамрагдах иргэний боломж, нөхцөлийг харгалзан танхимаар, гэрээр, явуулын, зайны болон цахим хэлбэрийг ашиглан зохион байгуулж болно.
8.5.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн эсэх мэдээллийг сар бүрийн 8-ны дотор төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
8.6.Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шинээр төрсөн болон улсын бүртгэл шинэчлэгдсэн Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүний мэдээллийг тухай бүр төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
8.7.Тэтгэвэр, тэтгэмж олгох үйл ажиллагаанд нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны Засаг дарга хяналт тавина.
8.8.Тэтгэвэр, тэтгэмж авагч нас барсан тохиолдолд түүний өрхийн гишүүн, асруулагч нас барсан тохиолдолд түүнийг асарч байсан иргэн энэ тухай аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж, иргэний хувийн хэрэгт тэмдэглэл хийлгэнэ.
8.9.Хуурамчаар баримт бичиг үйлдсэн, энэ журмын 8.8-д заасныг зөрчиж тэтгэвэр, тэтгэмж авсан, тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох хугацаа болсныг мэдэж байсан боловч аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдээгүй тэтгэвэр, тэтгэмж авсан иргэнд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Түүнчлэн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэнийг буруу тогтоосон, тодорхойлолтыг үндэслэлгүйгээр буюу хуурамчаар үйлдсэн, тэтгэвэр, тэтгэмжийн болон нийгмийн үйлчилгээний сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан албан тушаалтан, нийгмийн ажилтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ. (Энэ хэсэгт Засгийн газрын 2026 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
8.10.Сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тэтгэвэр, тэтгэмж авсан иргэний талаарх мэдээллийг нийгмийн халамжийн нэгдсэн мэдээллийн санд оруулж холбогдох мэдээ, тайлан, судалгааг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргана.
---о0о---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх