A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМЭЭР ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

/Сангийн сайдын 2021 оны 242 , 2022 оны А/251, 2023 оны А/114 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/

Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралт
 

 

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМЭЭР ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ

ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын /цаашид "журам" гэх/ зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (цаашид "цахим систем" гэх)-ээр дамжуулан цахим худалдан авах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, тендер шалгаруулалтын урилга, үр дүн, тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдол шийдвэрлэлтийг мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Цахим систем нь www.tender.gov.mn хаягтай байх ба Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "мэргэжлийн байгууллага" гэх/ цахим системийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллана.

1.3.Цахим системийн бүрэлдэхүүн хэсэг болох цахим дэлгүүрийн ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулахгүй.

1.4.Захиалагч, тендерт оролцогч болон холбогдох бусад этгээд цахим системийг хэрэглэхдээ хууль тогтоомж, түүнд нийцүүлэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн байгууллагаас гаргасан журам, аргачлал, зааварчилгааг дагаж мөрдөнө.

 

Хоёр.Захиалагч болон тендерт оролцогчийг цахим системд бүртгэх, нэвтрэх эрх олгох

2.1.Захиалагч цахим системд нэвтрэх эрх авах өргөдлийг захиалагчийг төлөөлөн цахим системийг хариуцан ажиллах ажилтны нэр, албан тушаал, цахим шуудан, утасны дугаар, тендерийн баримт бичгийн үнэ шилжүүлэх Төрийн сангийн дансны мэдээлэл бүхий хүсэлтийн хамт албан бичгээр эсхүл цахим баримт бичгээр мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ. /энэ заалтыг /Сангийн сайдын 2022 оны А/251 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан./

2.2.Мэргэжлийн байгууллага журмын 2.1-д заасан захиалагчийн хүсэлтийг хянаж шаардлага хангасан бол ажлын 3 хоногт багтаан цахим системд бүртгэж, хариуг бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлнэ.

2.3.Захиалагч байгууллагыг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авсан ажилтан нь цахим системийн үйлчилгээний нөхцөлийг захиалагчийн нэрийн өмнөөс хүлээн зөвшөөрч, бүртгэлийн хэсэг дэх шаардлагатай мэдээллийг бөглөнө.

2.4.Цахим худалдан авах ажиллагаанд оролцохыг сонирхогч иргэн, хуулийн этгээд дараах журмаар цахим системд бүртгүүлж, нэвтрэх эрх авна:

2.4.1. цахим системд бүртгүүлэх хүсэлтийг бөглөж,  тоон гарын үсгээр баталгаажуулан илгээнэ. Хүсэлт гаргагчийн болон түүнийг төлөөлөх ажилтны мэдээлэл, албан ёсны цахим шуудан, утасны дугаарыг үнэн зөвөөр бөглөсөн байна; 

2.4.2. мэргэжлийн байгууллага хүсэлтийг хянан, шаардлага хангасан бол ажлын 3 хоногт багтаан цахим системд бүртгэж, хариуг бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлнэ;

2.4.3. цахим системд бүртгэгдсэн этгээд цахим системийн үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, бүртгэлийн хэсэг дэх шаардлагатай мэдээллийг бөглөж баталгаажуулна.

2.5.Цахим системд нэвтрэх эрх авсан ажилтан, эсхүл цахим системд бүртгэгдсэн мэдээлэл өөрчлөгдөх тухай бүрд захиалагч болон тендерт оролцогч ажлын 5 өдрийн дотор мэргэжлийн байгууллагад албан бичгээр эсхүл цахим баримт бичгээр, цахим системээр мэдэгдэж, холбогдох өөрчлөлтийг бүртгүүлнэ.

2.6.Захиалагч ба тендерт оролцогч цахим системд нэвтрэх эрх авсан ажилтныг өөрчлөх бол журмын 2.1-2.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллагад хандаж шинэ нэвтрэх эрхийг авна.

2.7.Журмын 2.5-ыг зөрчсөн, цахим системд бүртгэлтэй мэдээллийг тухай бүр шинэчлээгүй болон тухайн этгээдийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авсан ажилтны аливаа үйлдэл, эс үйлдэхүйн үр дагавар, хариуцлагыг холбогдох захиалагч, тендерт оролцогч хүлээнэ.

2.8.Цахим системд нэвтрэх эрх авсан тендерт оролцогч нь хуулийн этгээд бол түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн, иргэн бол тухайн иргэний тоон гарын үсгийг ашиглан цахим тендер шалгаруулалтад оролцоно. Тендерт оролцогч нь цахим системд бүртгүүлэхээс өмнө харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан цахим системд холбогдсон аж ахуйн нэгжээс тоон гарын үсгийг холбогдох журмын дагуу авсан байна. 

2.9.Мэргэжлийн байгууллага нь захиалагч болон тендерт оролцогчийн цахим системд бүртгүүлэх хүсэлт энэ журам болон холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага хангахгүй бол бүртгэхээс, цахим системийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол үйлчилгээ үзүүлэхээс тус тус татгалзах эрхтэй.

2.10 дахь хэсгийг /Сангийн сайдын 2021 оны 242 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

2.11.Захиалагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цахим системд аливаа үйлдэл хийх эрхийг энэ журмын 2.1-д заасан ажилтан цахим системд бүртгэгдсэний дараа үүсгэнэ.

2.12.Тендерийг энэ журмын 2.8-д заасан хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулан цахим системд ирүүлснийг тендерт оролцсон гэж тооцно. /2.11-2.12 дахь заалтыг /Сангийн сайдын 2022 оны А/251 дүгээр тушаалаар нэмсэн/

Гурав.Цахим худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох

3.1.Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг энэ журмын дагуу зохион байгуулна.

3.2.Цахим системд нэвтрэх эрх авсан захиалагч цахим худалдан авах ажиллагааг дараах дарааллын дагуу зохион байгуулна:    
3.2.1.Захиалагч үнэлгээний хороог худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан иргэний мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй этгээдээс сонгож байгуулах. Үнэлгээний хороо байгуулсан шийдвэр, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай холбогдох мэдэгдлийг цахим системд бүртгэсэн байна; /энэ заалтыг /Сангийн сайдын 2022 оны А/251 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан./

3.2.2.Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулж, захиалагчаар батлуулсны дараа тендерийн урилга, зөвлөх үйлчилгээний зарлал, тендерийн баримт бичиг /санхүүгийн шаардлага, тендерийн баталгааны мэдээлэл, хүний нөөцийн мэдээлэл, техник тоног төхөөрөмж, худалдан авах бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл/-ийг цахим системд нийтлэх;

3.2.3.Тендер шалгаруулалттай холбоотой гомдол захиалагчид ирсэн бол цахим системийн холбогдох хэсэгт гомдлын агуулгыг олон нийтэд нээлттэй байршуулах;

3.2.4.Тендерт оролцогчоос тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлт гаргасан бол хариу албан бичгийг гарсан өдөр нь цахим системд нийтлэх, шаардлагатай бол тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах;

3.2.5.Тендерийн баримт бичигт заасан тендер хүлээж авах эцсийн хугацаа дуусахад үнэлгээний хороо хуулийн 26.1-д зааснаар тендерийг цахим системээр дамжуулан нээх;

3.2.6.Үнэлгээний хороо хууль, холбогдох журам, зааврын дагуу тендерийг үнэлэх;

3.2.7.Үнэлгээний хороо хуулийн 29.1-д заасан мэдэгдэл хүргүүлсэн өдөрт багтаан цахим системд тендер шалгаруулалтын үр дүнг үнэн зөв, бүрэн нийтэлж, захиалагчийн шийдвэрийн хуулбар, шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн нууцлаагүй хэсгийг Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар тушаалаар батлагдсан "Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам"-ын дагуу ил болгох.

3.3.Цахим системд нэвтрэх эрх, тоон гарын үсэг авсан тендерт оролцогч нь журмын 5.1-д заасны дагуу тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр цахим худалдан авах ажиллагаанд дараах байдлаар оролцоно.

3.3.1.Тендерт оролцогч нь түншлэлээр эсхүл туслан гүйцэтгэгчтэй оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байх;

3.3.2.Тендерт оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерээ электрон хэлбэрээр буюу "PDF" форматаар гаргацтай, тод хөрвүүлж илгээх, ингэхдээ өөрийн санал болгож буй тендерийн үнэ, хүчинтэй хугацаа болон холбогдох бусад мэдээллийг системийн холбогдох талбарт бүрэн оруулсан байх зэрэг хуулийн 53.5.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллагаас тогтоосон бусад аргачлал, зааврыг баримталж тендер илгээх;

3.3.3.Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө илгээсэн тендертээ засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах, буцаан авах.

3.3.4. хуульд заасан үндэслэлээр тендерийн баримт бичгийн талаар тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг тоон гарын үсгээр баталгаажуулан цахимаар гаргах.

3.4.Тендерийн урилга зарлан мэдээлсэн огноог цахим системд нийтэлсэн өдрөөр тооцно. Захиалагч хуулийн 21.1-д заасны дагуу өдөр тутмын сонинд нийтлэх тендерийн урилгад цахим системд нийтэлсэн огноо, бүртгэлийн дугаарыг заавал дурдана.

3.5.Тендерийн урилгад заасан тендер хүлээн авах эцсийн хугацаа нь цахим системийн серверийн цагаар тооцогдох бөгөөд хугацаа хоцорсон тендерийг хүлээж авахгүй.

3.6.Тендерийн нээлт хийсэн даруй хуулийн 26.3-т заасан мэдээллийг захиалагч олон нийтэд нээлттэй болгоно.

3.7.Захиалагч цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно:

3.7.1.татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг мэдээллийг захиалагч тендер нээсний дараа нэг цагийн дотор татаж авах;”

3.7.2.Шүүхийн тусгай архивын тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өртэй эсэх тодорхойлолтыг тендерт оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө цахим системээр дамжуулан авч цахим системийн холбогдох хэсэгт зааварчилгааны дагуу холбосон байх; /3.7.1-3.7.2 дахь заалтыг /Сангийн сайдын 2022 оны А/251 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан./

3.7.3.хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөл (энгийн болон тусгай)-ийн мэдээлэл, авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, дээд боловсролын дипломын мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг, өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээллийг захиалагч тендер нээсэн тухайн ажлын өдөр татаж авах. нэ заалтыг /Сангийн сайдын 2022 оны А/251 дүгээр тушаалаар нэмсэн/

3.8.Журмын 3.7 дахь заалт нь хуулийн 5.1.21-д заасан гадаадын этгээдийн ирүүлсэн тендерт хамаарахгүй.

3.9.Захиалагч тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийн хариуг хүсэлт гаргагчийн нэрийг дурдалгүйгээр албан бичгээр гаргаж, түүний хуулбарыг цахим систем дэх тендерийн баримт бичгийн "тодруулга" хэсэгт нийтэлнэ. Ийнхүү нийтэлсэн даруйд тус тодруулга, нэмэлт мэдээллийг бүх тендерт оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлсэнд тооцно.

3.10 дахь хэсгийг /Сангийн сайдын 2021 оны 242 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

3.11.Тендерт оролцогч тендер илгээхдээ журмын 3.3.1-д зааснаар түншлэлийн бусад гишүүдтэй гэрээ байгуулаагүй бол хуулийн 5.1.6.б-д заасан тендерт оролцогч гэж үзэхгүй.

3.12.Тендерт оролцогчоос ирүүлсэн тендер нь бүхэлдээ эсхүл зарим хэсэг нь журмын 3.3.2-т заасан шаардлага хангаагүй бол тухайн баримт бичгийг үнэлгээнд харгалзан үзэхгүй.

3.13.Тендерт оролцогчоос журмын 3.3.2-т заасны дагуу илгээсэн тендерийн материалын агуулга нь системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл системийн талбарт бөглөсөн мэдээллийг баримтална.

3.14. Захиалагчийн цахим системд оруулсан мэдэгдлийн талаар зурвасыг бүртгэлтэй цахим шууданд илгээх ба тендерт оролцогч тухайн цахим шууданг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран хүлээн авсанд тооцно.

3.15. Захиалагч тендер шалгаруулалтын үр дүн, захиалагчийн шийдвэрийг энэ журмын 3.14-т зааснаар тендерт оролцогчдод нэгэн зэрэг мэдэгдсэн өдрөөс эхлэн хуулийн 29.2-т заасан гэрээ байгуулах хугацааг тоолно.

3.16. Захиалагч болон тендерт оролцогч ажлын цаг дууссаны дараа эсхүл амралтын өдөр цахим системд оруулсан баримт бичгийг холбогдох этгээд дараагийн ажлын өдөр хүлээн авсанд тооцно.
3.17.Захиалагч энэ журмын 3.9-д заасан тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтээс бусад үндэслэлээр тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах бол энэ тухай цахим систем дэх тендерийн баримт бичгийн “тодруулга” хэсэгт нийтэлж, тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлтийг тусгана. Ийнхүү нийтэлсэн даруйд тус өөрчлөлтийг бүх тендерт оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлсэнд тооцно. нэ заалтыг /Сангийн сайдын 2022 оны А/251 дүгээр тушаалаар нэмсэн/

Дөрөв.Тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа

4.1.Тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцогч нь тендер илгээхээс өмнө тендерийн баталгааг, гэрээ байгуулах эрх авсан оролцогч гүйцэтгэлийн баталгааг банк, эсхүл зохих шаардлага хангасан даатгагч, эсхүл Засгийн газрын үнэт цаасны баталгаа гаргах эрх бүхий этгээдээс цахим системээр гаргуулсан байна. /Сангийн сайдын 2023 оны А/114 дүгээр тушаалаар зарим хэсгийг өөрчлөн найруулсан./

4.2.Журмын 4.1, 4.13-т заасан баталгаа гаргах эрх бүхий этгээд нь цахим системд мэдээлэл дамжуулах нөхцөл, шаардлагыг хангуулж, мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр цахим системээр баталгаа гаргах эрхтэй байна.
4.3.Гадаадын хуулийн этгээд хуулийн 20.2-т зааснаар гадаад улсын баталгаа гаргагч этгээдээс, эсхүл Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаас хэлбэрээр тендерийн баталгааг ирүүлэх бол тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө баталгааны эх хувийг захиалагчид хүргүүлснийг тендерийн салшгүй хэсэг гэж хянан үзнэ. 
/4.2-4.3 дахь заалтыг /Сангийн сайдын 2023 оны А/114 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан./

4.4. Цахим системээр баталгаа гаргагч нь тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны маягтад заасан мэдээллийг цахим системд илгээнэ.

4.5.Журмын 4.3-т зааснаас бусад тендерийн баталгааг хүчингүй болгох хүсэлтийг тендерт оролцогч цахим системээр дамжуулан гаргана.

4.6.Захиалагч тендерийн баталгааг хуулийн 20.6-д зааснаар «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулсны дараа цахим системээр хүчингүй болгоно.

4.7.Гадаадын хуулийн этгээдээс энэ журмын 4.3-т заасан хэлбэрээр ирүүлсэн тендерийн баталгааг түүний хүсэлтийг үндэслэн захиалагч албан бичгээр болон цахим системээр хүчингүй болгоно.

4.8.Журмын 4.1, 4.3-т зааснаар тендерийн баталгаа ирүүлээгүй бол хуулийн 20.5-д заасан нөхцөл үүссэн гэж үзнэ.

4.9.Хуулийн 8.6-д заасан хэд хэдэн багцтай тендер шалгаруулалтын баталгааг багц тус бүрээр гаргана. Энэ журмын 4.3-т зааснаас бусад тохиолдолд цахим системээр гаргаж буй тендерийн баталгааг тендерт оролцогч бичгээр гаргуулах, үнэт цаасан дээр хэвлүүлэх шаардлагагүй. /Сангийн сайдын 2023 оны А/114 дүгээр тушаалаар зарим хэсгийг өөрчилсөн/

4.10.Тендерт оролцогч энэ журмын 4.3-т заасан баталгааны мэдээллийг цахим системээр илгээх хүсэлтийг нээлттэй тендер шалгаруулалтын хувьд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 5-аас доошгүй, бусад аргаар зохион байгуулж буй тендер шалгаруулалтын хувьд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө мэргэжлийн байгууллагад гаргах ба захиалагчид хүргүүлсэн баталгааны хуулбарыг хавсаргасан байна.
 
4.11.Мэргэжлийн байгууллага тендерийн баталгааны мэдээлэл тендерийн жишиг баримт бичигт заасан баталгааны маягттай нийцэхгүй, үнийн дүн хүрэхгүй тохиолдолд баталгааны мэдээллийг цахим системээр илгээхээс татгалзаж буцаана. Ийнхүү буцаасан тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баталгааг шаардлагад нийцүүлэн ирүүлэх эрхтэй.
 
4.12.Тендерт оролцогч гадаадын банкны гүйцэтгэлийн баталгааг тендерийн баримт бичигт нийцүүлэн захиалагчид хүргүүлнэ.

4.13.Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 46 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журам”-ын 2.5-д заасан хамтын удирдлагын бүтэц нь даатгагчийн гаргаж буй баталгааг хууль болон журамд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянан баталгаажуулснаар цахим системээр илгээнэ. /4.10-4.13 дахь заалтыг Сангийн сайдын 2023 оны А/114 дүгээр тушаалаар нэмсэн./

 

Тав.Тендерийн баримт бичгийн үнэ

5.1.Цахим худалдан авах ажиллагаанд оролцох этгээд нь захиалагчаас төлбөртэй худалдахаар заасан тендерийн баримт бичгийг урьдчилж татаж авсан, танилцсан эсэхээс үл хамааран тендерийн баримт бичгийн үнийг цахим системээр дамжуулан төлснөөр тендер илгээх эрхтэй болно.

5.2.Захиалагч хуулийн 22.2-т заасныг үндэслэн тендерийн баримт бичгийг үнэгүй олгох эсхүл 50,000.00 /тавин мянга/ хүртэл төгрөгөөр худалдахаар зааж болно.

5.3.Төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч нь мэргэжлийн байгууллагатай байгуулсан гэрээнд үндэслэн тендерт оролцогчдыг тендерийн баримт бичгийн үнийг төлөх боломжоор хангана.

5.4.Мэргэжлийн байгууллага нь тендерийн баримт бичгийн үнийн 30 хүртэл хувийг цахим системийн найдвартай ажиллагаа, шинэчлэл сайжруулалт, аюулгүй байдлыг хангахад зарцуулах бөгөөд энэ тухай журмын 2.3-т заасан цахим системийн үйлчилгээний нөхцөлд тусгана.

5.5.Тендерт оролцогч илгээсэн тендерээ буцаасан эсхүл тендер шалгаруулалтад оролцоогүй нь тендерийн баримт бичгийн үнийг буцаан олгох үндэслэл болохгүй.

 

Зургаа.Мэргэжлийн байгууллагын эрх, үүрэг

6.1.Мэргэжлийн байгууллага нь цахим системтэй холбоотой дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.1.1.Цахим систем болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох цахим каталогийн бараа, үйлчилгээний бүртгэл, портал хуудсыг хөтлөн, хэвийн үйл ажиллагааг хариуцах;

6.1.2.Цахим системийн аюулгүй ажиллагаа, сургалт, нууцлалыг хангаж ажиллах;

6.1.3.Тендерийн баталгаа гаргагч, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд болон төрийн байгууллагын мэдээллийн цахим систем, тоон гарын үсгийн гэрчилгээжүүлэгч байгууллагатай тус тус гэрээ байгуулж ажиллах; 

6.1.4.Журмын 6.1.3-т заасны дагуу байгуулсан гэрээний хэрэгжилтийг хянаж ажиллах;

6.1.5.Цахим системийн тухай аливаа тодруулга, тайлбар, мэдээллийг захиалагч, тендерт оролцогч болон бусад этгээдэд өгөх;

6.1.6.Цахим худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүнд хэрхэн оролцох тухай сургалтыг тогтмол зохион байгуулах;

6.1.7.Цахим худалдан авах ажиллагаатай холбоотойгоор цахим системд захиалагчаас оруулж буй мэдэгдэл, нэмэлт мэдээлэл, тодруулга, тендерийн баримт бичгийн нэмэлт, өөрчлөлт, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг тендерт оролцогчдод цахим шуудан эсхүл гар утасны зурвас болон харилцаа холбооны бусад хэлбэрээр дамжуулан хүргэх техникийн шийдлийг бий болгон ажиллах;

6.1.8.Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх, лавлагаа тодорхойлолт зэрэг нийтийн мэдээлэл солилцохоор гэрээ байгуулсан байгууллагуудыг цахим системд нэвтэрч, холбогдох мэдээллийг нийтлэх боломжоор хангах; /энэ заалтыг /Сангийн сайдын 2022 оны А/251 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан./

6.1.9.Цахим системээр зохион байгуулж буй тендер шалгаруулалт, түүнд нийтлэгдэж буй мэдээлэлд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах тухай холбогдох байгууллагуудад шаардлага, мэдээлэл, зөвлөгөө хүргүүлэх.
6.1.10.гадаадын банк, хуулийн этгээдээс гаргасан баталгааны мэдээлэл холбогдох шаардлага хангахгүй тохиолдолд мэдээллийг цахим системээр илгээхээс татгалзах.  /энэ заалтыг /Сангийн сайдын 2023 оны А/114 дүгээр тушаалаар нэмсэн/

 

Долоо.Тендерт оролцогчийн эрх, үүрэг

7.1.Тендер оролцогч нь цахим системд нэвтрэх эрх авсан ажилтны үйлдэл, эс үйлдэл, түүнд олгогдсон эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүх хариуцлагыг хүлээнэ.

7.2.Тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах аливаа хариуцлагыг тендерт оролцогч өөрөө хариуцна.

7.3.Тендерт оролцогч, түүнийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх бүхий этгээд нь цахим системд нэвтрэх эрх, нууц үгийн нууцлалыг чандлан хадгалах ба нууцлалыг алдсан, мартсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад дахин хандаж эрх авна.

7.4.Тендерт оролцогч нь холбогдох цахим системд буй өөрийн тендерт холбоотой мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ.

7.5.Тендер оролцогч нь тендерийн баримт бичгийн салшгүй хэсэг болох тендерийн баримт бичгийн тодруулга, нэмэлт мэдээлэл, нэмэлт, өөрчлөлтийг тендер хүлээж авах эцсийн хугацаа хүртэл шалган нягталж, түүнд нийцүүлэн тендер бэлтгэх үүрэгтэй.
7.6.Тендерт оролцогч нь байгуулсан гэрээний гүйцэтгэлийн талаарх мэдээллийг нотлох баримтын хамт бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн хуваарийн дагуу цахим системд бүртгэнэ. нэ заалтыг /Сангийн сайдын 2022 оны А/251 дүгээр тушаалаар нэмсэн/

 

Найм.Захиалагчийн эрх, үүрэг

8.1.Захиалагч байгууллага нь цахим худалдан авах ажиллагааг энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.

8.2.Захиалагч хуулийн 49.2.1-49.2.9-д заасан баримт бичиг, материалыг тендер шалгаруулалтыг зохион байгуулж дууссанаар, хуулийн 49.2.10-т заасан баримт бичиг, гэрээг дүгнэж ажил, үйлчилгээг хүлээн авснаар зохих журмын дагуу архивлан хадгална.

8.3.Захиалагч журмын 8.2-т зааснаар холбогдох баримт бичгийг архивлахдаа хуулийн 49.2.3, 49.2.5-д заасан материалыг цахим хэлбэрээр тусгай тээгч (зөөврийн хатуу диск, оптик диск) дээр архивлан хадгална.

8.4.Захиалагч мэдээллийн систем үүсгэх, хөгжүүлэлттэй холбоотой бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29.1-д заасан зөвлөмж, дүгнэлт авсны үндсэн дээр зохион байгуулна.

8.5.Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний хувийг захиалагч гэрээ байгуулсан даруйд цахим системд байршуулна.

8.6.Энэ журмын 8.5-д зааснаар байршуулсан гэрээг шүүх эсхүл худалдан авах ажиллагааны улсын байцаагч хүчин төгөлдөр бус гэж тогтоосон, эсхүл гэрээ цуцлагдсан бол захиалагч холбогдох мэдээллийг тухай бүр цахим системд шинэчилнэ.

8.7.Захиалагч энэ журмын 7.6-д заасан мэдээлэлд тухай бүр хяналт тавьж, цахим системээр үнэлнэ. 
/8.4-8.7 дахь заалтыг /Сангийн сайдын 2022 оны А/251 дүгээр тушаалаар нэмсэн/

 

Ес.Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны тухай мэдээлэл

9.1 дэх хэсгийг /Сангийн сайдын 2021 оны 242 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

9.2.Гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага нь цахим худалдан авах ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-д зааснаар цахим системээр дамжуулан олон нийтэд мэдээлнэ.

 

Арав.Бусад зүйл

10.1.Давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас цахим систем ажиллах боломжгүйгээс шалтгаалан тендерт оролцогч тендерт оролцох боломжгүй болсноос үүдэн гарах аливаа хариуцлагыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн байгууллага болон захиалагч хариуцахгүй.

10.2.Журмын 10.1-д зааснаар цахим систем ажиллах боломжгүй болсон тохиолдолд мэргэжлийн байгууллага энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэж, захиалагч тендерийн нээлтийг тодорхой хугацаагаар хойшлуулж, нийтэд энэ тухай цахим системээр дамжуулан, боломжгүй бол харилцаа холбооны бусад хэрэгслээр нэгэн зэрэг мэдэгдэнэ.

10.3.Журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

/Сангийн сайдын 2021 оны 242 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/