- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 64
Улаанбаатар хот
АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 5.6, Эрүүл мэндийн тухай хуулийн 17.2, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.7, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 18.1, 18.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол-Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүлсүгэй.
2. "Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэг"-ийн тусламж, үйлчилгээний зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас зохих журмаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод, эрдэм шинжилгээ, сургалт-дадлагын үйл ажиллагаанд шаардагдах эх үүсвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн багцаас санхүүжүүлж байхыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.
3. Шилжиж байгаа байгууллагын үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу балансаас балансад шилжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (Н.Хүрэлбаатар)-д тус тус даалгасугай.
4. "Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэг"-ийн үйлчлэх хүрээг тогтоох, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг байгуулах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэснийг "Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд" гэж өөрчилж, "Эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар тогтоолын 1, 2, 5, 7, 8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A