A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 80

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9.6-д заасныг тус тус үндэслэн "Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 6.3.5-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан "Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам"-ын "Гурав. Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх" гэсэн хэсэгт дор дурдсан агуулга бүхий 3.8 дахь заалт нэмсүгэй:

1/ "3.8. Ашигт малтмал болон газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах тохиолдолд тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлнө."

2. Энэ тогтоолын 1-д заасны дагуу хөнгөлөлтөд хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагын урьдчилж төлсөн 2022 оны ажлын байрны төлбөрийн зөрүүг дараагийн төлбөрт шилжүүлэн тооцох, буцаан олгох арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.

3. Энэ тогтоолыг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 99

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлбөрийн зөрүүг буцаан олгох, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 41 дүгээр тогтоол, "Журамд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АЮУРСАЙХАН