A

A

A

Бүлэг: 1979
2022 оны 1 дүгээр Улаанбаатар

сарын 26-ны өдөр Дугаар 52 хот

Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын

талаар авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Булган аймгийн Хангал сумын нутаг дахь "Спортын бэлтгэл, сургалтын төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар, "Техник спортын төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэн "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгуулсугай.

2. "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

3. "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог холбогдох хууль, дүрэмд нийцүүлэн батлахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

4. "Техник спортын төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар, Булган аймгийн Хангал сумын нутаг дахь "Спортын бэлтгэл, сургалтын төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын хаалтын балансыг гаргаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг зохих журмын дагуу "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

5. "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулагдсантай холбогдуулан "Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэг"-ийн (хуучнаар) эзэмшилд байгаа авто сургууль, сонсогчдын дотуур байрыг газар эзэмших эрхийн хамт "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын эзэмшилд шилжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт, нийслэлийн эзэмшилд байгаа "Авто, мотоспортын сургалтын талбай"-н газар эзэмших эрхийг "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт тус тус даалгасугай.

6. Энэ тогтоолын 4-т заасны дагуу "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын эзэмшилд шилжүүлэх хөрөнгийг зохих журмын дагуу акт, баримтаар хүлээлцүүлж, данс, бүртгэлд тусгуулах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), Биеийн тамир, спортын улсын хороо (Ц.Шаравжамц) нарт тус тус даалгасугай.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 55 дугаар тогтоолын 3 дахь заалтын 6, 8 дахь дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ

Хянасан:

Монгол Улсын сайд, Засгийн газрын

Хэрэг эрхлэх газрын дарга

Ц.НЯМДОРЖ