- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "ШИНЭ ЗУУНМОД" ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 143
Улаанбаатар хот
"ШИНЭ ЗУУНМОД" ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.4-т заасныг үндэслэн "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 9.5.1, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 4.2, "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийн 9.5.1, "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.7.7-д заасныг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших "Шинэ Зуунмод" хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хавсралтад заасан бүрдэлтэйгээр баталсугай.
2. Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу "Шинэ Зуунмод" хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, эх үүсвэрийн зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах зардлыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улс, орон нутгийн жил бүрийн төсөвт тусгах болон гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A