A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 180

Улаанбаатар хот

ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Хаягжуулалтын тухай хуулийн 4.9, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.7, 9.11-д заасныг тус тус үндэслэн "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.7.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг орон зайн өгөгдөл, мэдээллийн геопорталаар дамжуулан хэрэглээнд нэвтрүүлэхээр тогтсугай.

2. Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан Засгийн газрын гишүүн, холбогдох албан тушаалтанд даалгасугай:

2.1.хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг ашиглах, мэдээлэл солилцох, хөгжүүлэх, олон нийтэд мэдээлэх, салбар хоорондын холбогдох үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан, Улсын бүртгэлийн ерөнхий газар (Д.Дэлгэрсайхан), Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (А.Энхманлай)-т;

2.2.хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангахад шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт;

2.3.хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийн нөөц хувилбарыг "Үндэсний дата төв"-д байршуулах, аюулгүй байдлыг хангуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (А.Энхманлай), "Үндэсний дата төв" УТҮГ (М.Баттулга)-т.

3. Харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийн хаягийн мэдээллийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах, хаягжуулах ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хаягжуулалтын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР