A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд
2022 оны 06 сарын 08-ны өдөр хүлээн авсан. 
Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд
2022 оны 06 сарын 10-ны өдрийн 17 дугаарт нийтлэгдсэн.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 05 сарын 23-ны өдөр

Дугаар А/127

Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам"-ын 3.1.1-д "эрхээ хасуулсан бол" гэсний дараа "тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаа дуусгавар болж," гэж нэмсүгэй.

2.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам"-ын 3.1.2, 3.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/"3.1.2.Энэ журмын 3.1.1-д зааснаас бусад шалтгаанаар эрхээ хасуулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаа дуусгавар болж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сахин биелүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршиг, үр дагаврын талаар 4 цагийн сургалтад хамрагдсан;

2/"3.2.Энэ журмын 3.1.1, 3.1.2-т заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн эрх хасуулсан хугацаа дуусахаас 30 хүртэл хоногийн өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтад хамрагдаж болох бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:".

3.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам"-ын нэр болон журмын 3.1.4, 4.1 дэх хэсгийн "эрх сэргээх" гэснийг "эрхийг сэргээх" гэж, 1.1, 2.2, 2,4, 4.2, 4.7, 4.8, 4.9, 5.1, 5.4 дэх хэсэг, гурав, дөрөв дэх бүлгийн "жолоодох эрх" гэснийг "жолоодох эрхийг" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /хошууч генерал Ж.Болд/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /П.Сайнзориг/ нарт тус тус үүрэг болгосугай.

САЙДХ.НЯМБААТАР