A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 181

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хаягжуулалтын тухай хуулийн 4.7, 4.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 325 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам"-ын 5.5, 5.6, 5.7, 6.1, 6.4, 6.6, 6.14, 6.18 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ "5.5.Аймгийн хэмжээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн хэмжээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба энэхүү журмын 5.2.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгоно."

2/ "5.6.Аймгийн хэмжээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн хэмжээнд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар энэ журмын 5.2.2, 5.2.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгоно."

3/ "5.7.Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар нь холбогдох байгууллагын хүсэлтийн дагуу байр зүйн гүйцэтгэлийн зургийг үндэслэн тусгай зориулалтын барилга байгууламжийн байршлын хаягийг олгоно."

4/ "6.1.Гудамж, зам, талбай, газар, үл хөдлөх эд хөрөнгийг энэ журам, холбогдох стандартын шаардлагын дагуу хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системд бүртгэж, хаягжуулна."

5/ "6.4.Энэ журмын 5.2.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийг дараалсан дугаарлалтын аргаар 1-ээс эхлэн дугаарлана."

6/ "6.6.Гудамжны нэрийн ард зураас татаж үл хөдлөх эд хөрөнгийн дугаарыг бичнэ. Жишээлбэл: Ц.Жигжиджавын гудамж-302 гэх мэт."

7/ "6.14.Үйлдвэрлэл, үйлчилгээний болон нийтийн орон сууцны зориулалттай барилга байгууламжийг дугаарлахдаа нэгж талбарын хаягийн дугаарын ард ташуу зураас татаж дараалсан хувьсах дугаарлалтын аргаар дугаарлана. Жишээлбэл: нэгж талбарын хаяг 100 бол барилга байгууламжийг 100/1, 100/2."

8/ "6.18.Хот, суурин газар дахь гэр хорооллын амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө буюу хашаа, байшин, тусгай зориулалтын үл хөдлөх эд хөрөнгийн дугаар шуудангийн нэгдсэн код дотор давтагдахгүй байна."

2. Мөн журмын 4.1 дэх заалтын хүснэгтийн "Шуудангийн бүсчлэлийн код:" гэснийг "Шуудангийн нэгдсэн код:" гэж өөрчилсүгэй.

3. Мөн журмын 6.19 дэх заалтыг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР