- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 252
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 51.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын "Дөрөв.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, туслах багш, албан хаагчид олгох улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал" хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"Дөрөв.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, туслах
багш, албан хаагчид олгох улирлын ажлын гүйцэтгэл,
үр дүнгийн мөнгөн урамшуулал
4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага (цаашид "сургалтын байгууллага" гэх)-ын багш, туслах багш, албан хаагчид улирлын ажлын гүйцэтгэл, үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоно.
4.2.Энэ журмын 4.1-д заасан албан хаагч гэдэгт сургалтын байгууллагын төсвөөс цалинждаг орон тооны ажилтан хамаарна.
4.3.Мөнгөн урамшууллыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, үр дүнг харгалзан ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй сургалтын байгууллагын багш, туслах багш, албан хаагчид олгоно.
4.4.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшид мөнгөн урамшуулал олгоход энэ журмын 4.4.1, 4.4.2-т заасан шалгуур, үзүүлэлтийн дагуу ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлж, уг урамшуулалд зориулан батлагдсан тухайн жилийн төсөвт багтаан олгоно.
4.4.1.цэцэрлэгийн багшид мөнгөн урамшуулал олгоход дараахь шалгуур, үзүүлэлтийг баримтална:
№ | Үр дүнгийн үндсэн шалгуур | Үр дүнгийн шалгуурыг тодорхойлох үзүүлэлт | Нийт оноо |
1. | Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн | 1.1.Хүүхдийн хөгжилд гарсан ахиц; | 60 |
1.2.Сургалтын орчинд эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартыг ханган ажилласан эсэх; | |||
1.3.Хариуцсан бүлгийн хүүхэд хамгаалалтай холбоотой осол гэмтэл, зөрчил гарсан эсэх; | |||
1.4.Хүүхдийн хөгжлийн ахиц, өөрчлөлт болон ялгаатай байдалд тохируулан сургалтын төлөвлөлтөд тохируулга хийж, хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг бүтээлчээр зохион байгуулж буй ажлын гүйцэтгэл. | |||
2. | Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн | 2.1.Хувийн хөгжлийн төлөвлөгөөний (мэргэжлийн, мэргэшлийн, хувь хүний) төлөвлөлт, биелэлт, үр дүн; | 30 |
2.2.Сургалт, үйл ажиллагааны дагуу үнэлгээ хийж, хөгжлийн ялгаатай байдлыг илрүүлсэн эсэх (шинжилгээ хийж, дүгнэлт гаргах); | |||
2.3.Сургалт, үйл ажиллагааны дагуу хэрэглэгдэхүүн боловсруулж, ашигласан байдал; | |||
2.4.Багшийн арга зүйн сан бүрдүүлж хичээл, хөгжүүлэх үйл ажиллагаанд хэрэглэсэн ажлын гүйцэтгэл, үр дүн; | |||
2.5.Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг дагаж, мөрдөж ажилладаг байдал; | |||
2.6.Ажлын байранд мэргэжил, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, мэргэжлийн бүлгээр хамтран суралцах, хөгжих үйл ажиллагаанд оролцсон байдал. | |||
3. | Цэцэрлэгийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр | 3.1.Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ хөгжлийг дэмжих чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан байдал; 3.2.Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр мэргэжлийн байгууллага, олон нийтийн дэмжлэгийг авч, хамтран ажилласан байдал. | 10 |
4.4.2. ерөнхий боловсролын сургуулийн багшид мөнгөн урамшуулал олгоход дараахь шалгуур, үзүүлэлтийг баримтална:
№ | Үр дүнгийн үндсэн шалгуур | Үр дүнгийн шалгуурыг тодорхойлох үзүүлэлт | Нийт оноо |
1. | Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн | 1.1.Хичээл сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүн; 1.2.Суралцагчийн сурлагын ахиц; 1.3.Сургалтын хэрэглэгдэхүүний ашиглалт, үр дүн; 1.4.Сургалтын материал, нөөц, тохирох хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, баяжуулсан байдал, хэрэглээ. | 45 |
2. | Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн | 2.1.Сургуулийн орчинд суралцагчийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээ, түүний гүйцэтгэл, үр дүн; 2.2.Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны талаар эцэг эх, асран хамгаалагчийг зөвлөгөө, мэдээллээр хангаж хамтран ажилласан арга хэмжээний гүйцэтгэл, үр дүн; 2.3.Хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар суралцагч бүрийн онцлог хэрэгцээг харгалзан хөгжүүлж буй байдал, үр дүн (Дотуур байранд амьдарч байгаа суралцагч, ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн хөгжлийг дэмжихэд оруулсан хувь нэмрийг хамруулна). | 20 |
3. | Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн | 3.1.Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн (мэргэжлийн, мэргэшлийн, хувь хүний) төлөвлөлт, биелэлт, үр дүн; 3.2.Багшийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, үг хэллэг, харилцаа, хандлага, үйлдлээр үлгэрлэн манлайлж буй байдал; 3.3.Ажлын байранд мэргэжил, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, мэргэжлийн бүлгээр хамтран суралцах, хөгжих үйл ажиллагаанд оролцсон байдал; 3.4.Сургалт, үйл ажиллагаанд технологи ашиглах мэдлэг, ур чадвараа хөгжүүлж, бүтээлчээр ашиглаж буй байдал. | 30 |
4. | Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр | 4.1.Сургуулиас зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсон байдал; 4.2.Багшийн ажлын үндсэн чиг үүргийн хүрээнд мэргэжлийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, олон нийттэй хамтран хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл, үр дүн. | 5 |
4.5.Энэ журмын 4.4.1, 4.4.2-т заасан шалгуур, үзүүлэлтийн дагуу багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх аргачлалыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
4.6.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн улирлын ажлын гүйцэтгэл, үр дүнд үндэслэн албан тушаалын сарын үндсэн цалингийн 25 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгоно. Улирлын ажлын гүйцэтгэл, үр дүнд үндэслэн тооцох урамшууллын хэмжээг энэ журмын 4.5-д заасан аргачлалд тусгана.
4.7.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн туслах багшийн улирлын ажлын гүйцэтгэл, үр дүнд үндэслэн мөнгөн урамшууллыг сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувиар сар бүр тооцож, улирал бүр олгоно.
4.8.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгоно.
4.9.Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгоно.
4.10.Энэ журмын 4.1-д заасан багш, туслах багш, албан хаагчид улирлын ажлын гүйцэтгэл, үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг тухайн сургалтын байгууллагын эрхлэгч, захирал гаргана.
4.11.Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд улирлын ажлын гүйцэтгэл, үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргана.
4.12.Боловсролын үнэлгээний байгууллага нь багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг хөндлөнгөөс үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулж, дүнг тайлагнах ажлыг хариуцна.
4.13.Ажлын гүйцэтгэл, үр дүн нь хангалтгүй үнэлэгдсэн төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшид арга зүйн дэмжлэг үзүүлэх, гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор мэргэжлийн хөгжлийн сургалт, үйл ажиллагаанд хамруулна."
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A