A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 243

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ ЗАРИМ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 17.1.1, 17.1.2-т заасныг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 6.4-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Ус" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасугай.

2. "Цагаан шонхор" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг "Бөртэ" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нэгтгэн өөрчлөн зохион байгуулсугай.

3. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа "Буянт-Ухаа спортын ордон"-ы засвар үйлчилгээний ажлыг дуусгаж, улсын комисс хүлээн авсны үндсэн дээр "Буянт-Ухаа спортын ордон" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нэгтгэн өөрчлөн зохион байгуулсугай.

4. "Монгол Ус" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хаалтын балансыг гаргаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг Усны газарт, "Цагаан шонхор" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хаалтын балансыг гаргаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг "Бөртэ" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт тус тус зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ