- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН МЭДЛИЙН ХУВЬЦААГ 2022-2023 ОНД БИРЖЭЭР ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ХУДАЛДАХ ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 244
Улаанбаатар хот
ТӨРИЙН МЭДЛИЙН ХУВЬЦААГ 2022-2023 ОНД БИРЖЭЭР ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ХУДАЛДАХ ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл"-ийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг биржээр худалдахтай холбогдсон арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу авч хэрэгжүүлэх, шаардагдах эх үүсвэрийг тооцож, зохих ёсоор шийдвэрлэж ажиллахыг төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч болон Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад тус тус үүрэг болгосугай.
3. Төрийн өмчит хуулийн этгээдийг олон нийтийн шууд хяналтад оруулах бодлогын хүрээнд энэ тогтоолын 1-д заасан хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гаргах, хувьцаа гаргах бэлтгэл хангах, биржээр олон нийтэд нээлттэй худалдах, нээлттэй хувьцаат компани болгож, өөрчлөн байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, ажлын явц, үр дүнг Засгийн газрын хуралдаанд тухай бүр нь танилцуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.
4. Төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдахтай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 7-д заасан журмыг батлан мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-нд зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
