A

A

A

Бүлэг: 1979

 

Байгаль орчин, аялал жуулчлалын

сайдын А/325 тоот тушаалын 4 дүгээр хавсралт

 

Үр шимийн гэрээний загвар

 

Нэг талаас .................................... [аймаг/нийслэл] ................................................... [сум/дүүргийн] иргэдийг төлөөлж .......................................... [Нөхөрлөл/Нутгийн иргэдийн байгууллагын нэр] /цаашид "Эзэмшигч" гэх/  

Нөгөө талаас .................................... [аймаг/нийслэл] ................................................... [сум/дүүргийн] иргэдийн генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, ашиглах хүсэлт гаргагч  ................................................ [Судалгааны байгууллагын нэр] /цаашид "Ашиглагч" гэх/    

Эзэмшигч, Ашиглагчийг хамтад нь цаашид "Талууд" гэж нэрлэнэ.

Нэг. Гэрээний зорилго, зохицуулах зүйл

1.1.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг /цаашид "уламжлалт мэдлэг" гэх/-ийг ашиглах, түүний үр шимийг шударга, эрх тэгш харилцан хүртэх нөхцөлийн талаар байгуулж буй энэхүү гэрээ /цаашид "гэрээ" гэх/-ний зорилго нь Эзэмшигчийн уламжлалт мэдлэгийг ашиглах нөхцөлийг тодорхойлох, ашигласнаас үүдэх үр шимийг шударга, эрх тэгш харилцан хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулж үүнтэй холбогдуулан Талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлоход оршино.

1.2.Ашиглагч, Эзэмшигч аль нэгний гаргасан хүсэлт, саналыг харгалзан Талуудын харилцан тохиролцсноор энэхүү гэрээнд нэмэлт оруулж болно.

Хоёр. Гэрээг байгуулах үндсэн нөхцөл

2.1.Ашиглагч нь Эзэмшигчийн Биосоёлын тэмдэглэлтэй (хэсэг бүлэг этгээд эзэмшигчээр тогтоогдсон тохиолдолд) танилцан хүлээн зөвшөөрч, Генетик нөөцийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу Эзэмшигчээс урьдчилсан зөвшөөрөл  авсан нь энэхүү гэрээг байгуулах үндсэн нөхцөл болно.

2.2.Ашиглагч нь уламжлалт мэдлэгийг судлан ашиглахдаа Биосоёлын тэмдэглэлд заасан бүх нөхцөлийг нь хүндэтгэн биелүүлнэ.

2.3.Ашиглагч уламжлалт мэдлэг тус бүрд урьдчилсан зөвшөөрөл авах үүрэг хүлээнэ.

2.4.Ашиглагч Эзэмшигчээс урьдчилсан зөвшөөрөл авсан тухайд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ.

2.5.Ашиглагч нь Эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүнээс авсан урьдчилсан зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй.

2.6.Эзэмшигчээс Ашиглагчийн ашиглахыг хүссэн уламжлалт мэдлэгийн үр ашгийн талаар аливаа амлалт өгч, баталгаа гаргахгүй.

Гурав. Уламжлалт мэдлэгийг ашиглах нөхцөл

3.1.Уламжлалт мэдлэгийг урьдчилсан зөвшөөрөлд заасан зорилго, зориулалт, чиглэл, нөхцөлийн дагуу ашиглана.

3.2.Ашиглагч нь уламжлалт мэдлэгийг баримтжуулахыг хүсвэл энэ тухай Эзэмшигчээс  зөвшөөрөл авч, ёс заншлыг нь хүндэтгэж,  нууцыг нь хадгалах үүрэг хүлээнэ.

3.3.Уламжлалт мэдлэгийг баримтжуулах, ашиглахдаа орон нутгийн иргэдийн амьдралын өдөр тутмын уламжлалт хэв маягт нь саад болохгүй, ёс заншлыг нь эрхэмлэн хүндэтгэнэ.

3.4.Уламжлалт мэдлэгийг ашиглахдаа бүх үйл явц, нөхцөл байдлыг зохих журмын дагуу баримтжуулж бүртгэл хөтлөх бөгөөд судалгааны үр дүн, мэдээлэл, тайланг Эзэмшигчид тухай бүр хүргүүлнэ.

3.5.Уламжлалт мэдлэгийг ашигласны үр дүнд шинэ бүтээгдэхүүн гаргаж авах, цаашид үйлдвэрлэл явуулах, зах зээлд гаргах нөхцөл бүрдэх бол энэ тухай Эзэмшигчид мэдэгдэнэ.

3.6.Уламжлалт мэдлэгийн судалгаа, шинжилгээний үр дүнд оюуны өмчийн эрх үүсэх тохиолдолд Талууд хоорондоо холбогдох гэрээ байгуулж үүнд оюуны өмчийн эрхийг хэрхэн эзэмших талаарх нөхцөлийг тодорхойлно.

Дөрөв. Уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх үр шимийг шударга, эрх тэгш харилцан хүртэх

4.1.Уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх үр шимийг Ашиглагч шударга, эрх тэгш зарчмын дагуу тодорхойлж Эзэмшигчтэй хэрхэн шударга, тэгш хуваарилах талаар харилцан тохиролцоно.

4.2.Уламжлалт мэдлэгийг ашиглах зорилго нь ашгийн төлөө бус байх тохиолдолд үр шимийг мөнгөн бус, ашгийн төлөө байх тохиолдолд мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр харилцан хүртэх зарчмыг Талууд баримтална.

4.2.Мөнгөн бус үр шимд орон нутгийн байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулах, Эзэмшигчийн амьжиргааны нөхцөлөө дэмжих арга зам, чадавхыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд хэрэгцээтэй сургалт явуулах, байгалийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хамруулж болох бөгөөд энэ талаар Талууд харилцан тохиролцоно.

4.3.Уламжлалт мэдлэгийг ашигласан нь ашиг олохуйц байх тохиолдолд Ашиглагч орон нутгийн иргэдийг хамруулсан, тэдний чадавхт тулгуурласан аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэнэ. Арилжааны маркетингийн зорилгоор ашигласан тохиолдолд тэдгээр иргэдийн талаарх мэдээллийг үнэн зөв оруулах, тэдэнд (тэдний үр хүүхэд, ач зээ) үлдэх үр шимийг байнгын тогтвортой байлгах.

4.4.Ашиглагч уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэн өндөр үр шим, ашиг бүхий бүтээгдэхүүнтэй холбоотой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг тухайн орон нутгийн иргэдээс худалдан авахыг эрмэлзэнэ. 

4.5.Ашиглагч уламжлалт мэдлэгийг судалж ашигласны үр дүнд шинэ бүтээл зохион бүтээсэн бол патентын эрхийг Эзэмшигчтэй хамтран эзэмшиж болно.

4.6.Уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх үр шим нь Ашиглагчийн хувьд мөнгөн орлогоор илэрхийлэгдэх тохиолдолд Эзэмшигчид уламжлалт мэдлэг ашигласны хураамж, урьдчилсан төлбөр, үе шаттай төлбөр, нэг удаагийн төлбөр зэрэг мөнгөн хэлбэрээр үр шимээс хүртээх бөгөөд төлбөрийн хэмжээ, нөхцөлийн талаар Талууд харилцан тохиролцоно.

Тав.Маргаан зохицуулах

5.1.Энэхүү гэрээний талаар гарсан маргааныг Талууд харилцан зөвшилцөн эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэнэ.

5.2.Талууд маргааныг эвийн журмаар шийдвэрлээгүй тохиолдолд маргааныг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилсон маргаан шийдвэрлэх зөвлөлд шийдвэрлүүлэхээр хандах эрхтэй.

 

Харилцан тохиролцож энэхүү гэрээг үйлдсэн:

Эзэмшигчийг төлөөлж:

_______________                _______________                   _______________

Овог, нэр                                            Албан тушаал                                   Гарын үсэг

20.... оны .... сарын.....-ны өдөр

Ашиглагчийг төлөөлж:

_______________                 _______________                   _______________

Овог, нэр                                            Албан тушаал                                   Гарын үсэг

20.... оны .... сарын.....-ны өдөр

Байлцсан: .................................... [аймаг/нийслэл] ................................................... [сум/дүүргийн] нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийн мэдээлэл:

_______________                 _______________                   _______________

Овог, нэр                                            Албан тушаал                                   Гарын үсэг

 

20.... оны .... сарын.....-ны өдөр