- Нүүр
- Сайдын тушаал
- Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 182
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, Барилгын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.15, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1- д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 147 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам" -д доор дурдсан агуулгатай дараах заалтуудыг тус тус нэмсүгэй:
1/ 4.1.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээг хүсэлт гаргасан өдрөөс өмнөх 2 жилийн хугацаанд суралцаж төгссөн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас батлагдсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам"-ын дагуу ХАБЭА-н ажилтан бэлтгэх сургалт зохион байгуулах эрх бүхий сургалтын байгууллагад 124 цаг болон барилгын салбарын ХАБЭА-н ажилтан бэлтгэх 40-өөс доошгүй цагийн сургалтад тус тус суралцаж төгссөн байх;
2/ 4.1.2. энэ журмын 3.5, 4.2, 4.3, 4.5, 6.9, 7.7-д заасан мэдээлэл;
3/ 4.1.3. энэ журмын 6.1-6.5, 6.7, 6.8-д заасан шаардлага;
4/ 4.1.4. энэ журмын 1 дүгээр хавсралтын "Онцгой төвөгшилтэй" барилга байгууламжийн ЗТ-5.1, БА-5.1 ажлын төрлөөр тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээд нь бусад аж ахуйн нэгжтэй гэрээний үндсэн дээр хамтран хэрэгжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн асуудлаар байгуулсан гэрээ. гэж;
5/ 6.8.5. инженер, техникийн ажилтнуудын мэдээллийг цахим мэдээлэлд оруулсаны үндсэн дээр хүсэлт илгээн баталгаажуулах.;
6/ 6.13. Энэ журмын 1 дүгээр хавсралтын "Онцгой төвөгшилтэй" барилга байгууламжийн ЗТ-5.1, БА-5.1 ажлын төрлөөр тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээд нь бусад аж ахуйн нэгжтэй гэрээний үндсэн дээр хамтран хэрэгжүүлэх тохиолдолд тус тусын байвал зохих инженер, техникийн ажилтныг бүртгүүлж, суурь нөхцөл, шаардлагыг ханган тусгай зөвшөөрлийг авч болно.;
7/ 6.14. Энэ журмын 1 дүгээр хавсралтын "Онцгой төвөгшилтэй" барилга байгууламжийн ЗТ-5.1, БА-5.1-д заасан ажлын төрлөөр тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаж байгаа хуулийн этгээд нь зөвлөх үйлчилгээний бүртгэлд бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг холбогдох цахим системээс татаж хүсэлтээ гаргана.;
8/ 6.15. Бусад салбарын мэргэшсэн зэргийн гэрчилгээг барилгын салбарын мэргэшсэн зэргийн гэрчилгээнд дүйцүүлэн тооцохгүй.;
9/ 7.7. Газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх хуулийн этгээд нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д заасны дагуу газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар мэргэжлийн дүгнэлт гаргуулсан байна.;
2. Мөн журмын хавсралтын зарим заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 1.6. Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлыг Барилгын тухай хуулийн 34.1.14-т заасан чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаа байгууллага /цаашид "зохион байгуулагч байгууллага" гэх/ нэг цэгийн үйлчилгээгээр мэдээлэл өгч, цахим системээр хүсэлтийг хүлээн авч зохион байгуулна.;
2/ 3.3.4.дээд боловсролын мэдээлэл /гадаадын их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн бол дипломыг баталгаажуулж, апостиль гэрчилгээ авсан байна/.;
3/ 4.1.Хуулийн этгээдээс илгээсэн хүсэлтийг зохион байгуулагч байгууллага цахимаар хүлээн авч, дор дурдсан мэдээллийг хянаж, баталгаажуулна. Үүнд:;
4/ 4.2.Хуулийн этгээд тусгай зөвшөөрлийг шинээр болон нэмэлт /энэ журмын 7.3-7.6-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд/ ажлын төрлөөр авах хүсэлт гаргасан тохиолдолд инженер, техникийн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг сүүлийн 1 сар төлсөн, сунгах хүсэлт гаргасан тохиолдолд сүүлийн 3 сар тасралтгүй төлсөн лавлагааг E-Mongolia.mn цахим системээс авч оруулсан байна. Мэргэшсэн, зөвлөх тэргүүлэх зэрэгтэй инженер техникийн ажилтанг хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тэтгэвэрт гарсан иргэнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлт шаардахгүй.;
5/ 4.3.Суурь нөхцөл, шаардлагад заасан мэргэшсэн зэрэгтэй инженер, архитектор, төсөвчний орон тоонд зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэй инженерийн ажилтанг /үндсэн ажилтан бол хамаарахгүй/ бүртгэхийг хориглох ба мэргэшлийн зөвлөх тэргүүлэх зэрэгтэй инженер нь барилгын тусгай зөвшөөрөлтэй 3 хүртэлх хуулийн этгээдэд ажиллаж болох /мэргэшсэн зэргийн гэрчилгээг оруулахгүй/ бөгөөд гэрээг мэдээллийн санд бүртгүүлсэн байна;
6./ 5.3.Энэ журмын 4.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол энэ тухай үндэслэлийг тодорхой зааж, өргөдөл гаргагчид цахимаар мэдэгдэнэ.;
7/ 6.12.Тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргасан хуулийн этгээдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь салбарын инженер, техникийн ажилтан болон мэргэжилтэй ажилтан байна. Хос мэргэжилтэй инженер, техникийн ажилтан нь тухайн хуулийн этгээдэд өөрийн эзэмшсэн хос мэргэжил тус бүрээр бүртгэгдэх боломжтой.;
8/ Журмын 1 дүгээр хавсралтын "Гурав. Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх ажлын хүрээнд" гэсний "3.Дунд төвөгшилтэй өргөх байгууламж" гэсэн гарчгийг "3.Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн өргөх байгууламж" гэж, "4.Өндөр төвөгшилтэй өргөх байгууламж" гэсэн гарчгийг "4.Өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн өргөх байгууламж" гэж тус тус.
3. Мөн журмын "5.5. БМҮТЗ-ийн үйл ажиллагааг зохион байгуулагч байгууллага нь хуулийн этгээдийн мэдээллийн үнэн зөв байдлыг урьдчилан танилцаж, ажлын албанд танилцуулна. /Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаанд хамаарна/" гэсэн заалтыг хассугай.
4. Энэ тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж "Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн сан"-д бүртгүүлэх, олон нийтэд танилцуулахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т үүрэг болгосугай.
5. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнд даалгасугай.
САЙДБ.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
