A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 346 дугаар

 тогтоолын 1 дүгээр хавсралт             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Боловсролын тухай хуульд заасан Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг (цаашид "тэтгэлэг" гэх) олгохтой холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.

 

1.2.Монгол хүн бүрийг шилдэг, чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, олон улсад өрсөлдөх чадвартай, бүтээлч, манлайлагч иргэнийг бэлтгэхэд энэ тэтгэлгийн ач холбогдол оршино.

 

1.3.Тэтгэлэг олгох үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шударга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, орон зай, байршлаас үл хамааран иргэн бүрд тэгш боломжийг олгоно.

 

1.4.Монгол Улсын нийт сум, хороо тус бүрээс энэ журамд заасан шаардлага хангасан нэг иргэнийг тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оруулна.

 

1.5.Тухайн жилд тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, энэ журмын  шаардлагыг хангасан 500 хүртэлх суралцагчид тэтгэлэг олгоно.

 

1.6.Суралцагчид олгох зээл, тэтгэлгийн хэмжээ болон тэтгэлэг олгох суралцагчдын хяналтын тоог тэтгэлгийн төрөл тус бүрээр боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

 

Хоёр.Тэтгэлгийн төрөл

 

2.1.Тэтгэлэг нь дараахь төрөлтэй байна:

 

      2.1.1.дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг;

 

      2.1.2.Засгийн газар хоорондын болон яам, боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хүрээнд бакалаврын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг;

 

      2.1.3.боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан иргэнийг энэ журмын 2.1.1, 2.1.2-т заасан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг;

 

      2.1.4.бэлтгэл хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг (Энэ тэтгэлгийн хүрээнд гадаадын их сургуулийн суурь хөтөлбөрт, эсхүл дотоодын их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт суралцаж болно).

 

Гурав.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын

үе шат, шаардлага

 

3.1.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг бэлтгэл хөтөлбөрт болон тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулах гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна.

 

3.2.Бэлтгэл хөтөлбөрт Монгол Улсын сум, хороо тус бүрээс дараахь шалгуур хангасан нэг иргэнийг сонгон шалгаруулна:

 

       3.2.1.сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцан төгссөн байх;

 

      3.2.2.тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын "гадаад хэл-математик", "гадаад хэл-физик", "гадаад хэл-хими", "гадаад хэл-биологи" гэсэн хувилбарын хэмжээст онооны дунджаар 550, түүнээс дээш оноо авсан байх;

 

      3.2.3.энэ журмын 3.2.2-т заасны дагуу хэмжээст онооны дунджаар хамгийн өндөр оноо авч сум, хороондоо тэргүүлсэн байх.

 

3.3.Тухайн иргэн англи хэл, орос хэлний хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтыг зэрэг өгсөн тохиолдолд гадаад хэлний хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноог аль өндөр оноо авсан хичээлийн оноогоор тооцно.

 

3.4.Энэ журмын 2.1.4-т заасан тэтгэлгээс өөрийн хүсэлтээр татгалзсан тохиолдолд онооны эрэмбээр авсан дарааллын дагуу иргэнийг бэлтгэл хөтөлбөрт элсүүлж болно. 

 

3.5.Тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагч нь хөтөлбөрийн хугацаанд эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар сургалтыг үргэлжлүүлэх боломжгүй болж өөрөө татгалзсан тохиолдолд тухайн суралцагчийн оронд сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахгүй.

 

3.6.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүлээн зөвшөөрсөн олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан болон журмын 2.1.1-д заасан тэтгэлэгт хамаарах их, дээд сургуулийн албан ёсны урилга хүлээн авсан иргэн дотоодын их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдахгүй байж болно.

 

3.7.Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгсөж, энэ журмын 2.1.1, 2.1.2-т заасан тэтгэлэгт хамаарах их, дээд сургуулийн албан ёсны урилга хүлээн авсан иргэнд тэтгэлэг олгох  асуудлыг сонгон шалгаруулалтын Ажлын хэсэг шийдвэрлэнэ.

 

3.8.Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай дүүргэж чадаагүй иргэнийг дотоодын төрийн өмчийн их, дээд сургуульд хувийн хөрөнгөөр үргэлжлүүлэн суралцах боломжоор хангана.

 

3.9.Боловсролын асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын шийдвэрээр хамран сургах тойргийг өөрчилсөн нь энэ журмын 3.2.1-д заасан хугацааны шаардлагыг хангаагүй гэж үзэхгүй болно.             

 

3.10.Энэ журмын 2.1.1-д заасан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах иргэнд дараахь ерөнхий шаардлага тавигдана:

 

      3.10.1.их, дээд сургуулиас бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах албан ёсны урилга авсан байх;

 

      3.10.2.IELTS-ийн 6.5 буюу түүнээс дээш, IBT TOEFL-ийн 100-аас доошгүй оноотой байх эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын оноотой байх.

 

Дөрөв.Тэтгэлгийн сонгон шалгаруулалт,

тэтгэлэг олгох

 

4.1.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангана.

 

4.2.Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг тухайн жилийн 2 дугаар улиралд, бэлтгэл хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг 3 дугаар улиралд багтаан тус тус зохион байгуулна.

 

4.3.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох яам, агентлаг, иргэд, төрийн бус болон олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулж, тэтгэлгийн сонгон шалгаруулалтын ажлын удирдамжийг батална.

 

4.4.Боловсролын үнэлгээний төв энэ журмын 3.2 заасан шаардлага хангаж байгаа иргэдийн жагсаалтыг Монгол Улсын сум, хороо тус бүрээр гарган, аймаг, нийслэлийн боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран хянаж баталгаажуулан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

4.5.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сум, хорооны албан ёсны цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зарлана.

 

4.6.Суралцагчдын бэлтгэл хөтөлбөрт хамрагдах сургуулийн хуваарийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийнэ.

 

4.7.Суралцагчийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, нэмэлт шалгалтын дүнгээр эрэмбэлж, энэ журмын 2.1.1, 2.1.2-т заасан тэтгэлэг олгоно.

 

4.8.Журмын 3.10-д заасан шаардлагыг хангаагүй суралцагчдыг бэлтгэл хөтөлбөрийн шалгалтын үнэлгээгээр эрэмбэлж, тэтгэлэг олгох  асуудлыг сонгон шалгаруулалтын Ажлын хэсэг шийдвэрлэнэ.

 

4.9нэ журмын 2.1.1-2.1.3-т заасан тэтгэлэгт сургалтын болон оюутны дотуур байрны төлбөр, амьжиргааны тэтгэлэг, 2.1.4-т заасан тэтгэлгийн хүрээнд гадаадын их сургуулийн суурь хөтөлбөрт хамрагдах бол сургалтын болон оюутны дотуур байрны төлбөр, амьжиргааны тэтгэлэг, харин дотоодын их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдах бол сургалтын болон оюутны дотуур байрны төлбөр тус тус хамаарна.

 

Тав.Тэтгэлгийн санхүүжилт

 

5.1.Тэтгэлгийн санхүүжилт нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:

 

      5.1.1.Боловсролын зээлийн сангийн хөрөнгө;

 

      5.1.2. Засгийн газар хоорондын болон яам, боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хөрөнгө.

  

Зургаа.Бусад

 

6.1.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн суралцагч, Боловсролын зээлийн сангийн Ажлын алба, тэтгэлэгт хамрагдсан иргэний харьяалагдах аймаг, нийслэлийн Засаг дарга нар гурвалсан гэрээ байгуулан, хяналт тавьж ажиллана.

 

6.2.Сонгон шалгаруулалтад тэнцэж тэтгэлэгт хамрагдсан суралцагч эрүүл мэндээс бусад шалтгаанаар суралцаагүй тохиолдолд төрөөс санхүүжүүлсэн санхүүжилтийг төрд буцааж бүрэн төлнө. Эрүүл мэндийн шалтгаанаар суралцах боломжгүй болсныг эрүүл мэндийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотолно.

 

6.3.Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан иргэн сургуулиа төгссөний дараа энэ журмын 6.1-д заасан гэрээний дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид       5-аас доошгүй  жил ажиллана.

 

6.4.Тэтгэлгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

6.5.Сонгон шалгаруулалттай холбогдон гарсан маргааныг энэ журмын 4.3-т заасан Ажлын хэсэг шийдвэрлэнэ.

 

6.6.Энэ журмаар зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.

 

 

 

 

---о0о---